Disney ба OpenAI: Нэг тэрбум ам.долларын гэрээ байгууллаа
Гурван жилийн гэрээ
Disney кино компани хиймэл оюун ухааны салбарт түүхэн алхам хийлээ. Тус компани нь хиймэл оюун ухаан хөгжүүлэгч OpenAI-д 1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийжээ. Ингэснээр Disney-гийн олон алдартай анимэйшний дүрүүдийг OpenAI компанийн видео бүтээгч Sora аппликейшнд ашиглах эрхийг олгож байгаа юм.
Энэ гэрээ нь өнөөгийн байдлаар Холливудын томоохон студи болон хиймэл оюун ухаан хөгжүүлэгч компанийн хооронд байгуулсан хамгийн том, хамгийн нөлөө бүхий хамтын ажиллагаа болж байна. Гурван жилийн хугацаатай тус лицензийн хүрээнд Sora-гийн хэрэглэгчид Mickey Mouse, Minnie Mouse, Lilo, Stitch, Ariel, Belle, Beast, Cinderella, Baymax, Simba, Mufasa, Encanto, Frozen, Inside Out, Moana, Monsters Inc., Toy Story, Up, Zootopia зэрэг Disney-гийн домогт бүтээлүүдийн баатруудыг ашиглан өөрийн санаачилсан видео бүтээх боломжтой.
Гэсэн хэдий ч гэрээний нөхцөлийн дагуу OpenAI нь Disney-гийн оюуны өмч дээр тулгуурлан өөрсдийн бүтээсэн загваруудаа сургах боломжгүй юм. Өөрөөр хэлбэл, OpenAI эдгээр дүр, зохиол, зураг, видеог өөрийн AI загваруудыг сургах зорилгоор ашиглах боломжгүй гэсэн үг.
Disney-гийн гүйцэтгэх захирал Боб Айгерийн хэлснээр “Хиймэл оюун ухааны хурдацтай хөгжил нь манай салбарын хувьд чухал мөч болж байна. OpenAI-тай хамтран ажилласнаар бүтээгчид болон тэдний бүтээлийг хүндэтгэж, хамгаалахын зэрэгцээ хиймэл оюун ухаанаар дамжуулан түүх өгүүлэх хүрээгээ сайтар бодож, хариуцлагатайгаар өргөжүүлэх болно” гэжээ.
Үүгээр ч зогсохгүй Disney компани ажилтнууддаа зориулан ChatGPT-ийг ажлын хэрэгцээнд албан ёсоор нэвтрүүлэхээр төлөвлөж буйгаа мэдэгдлээ.