Хайх

Феминизм, хүч чадал ба эрх мэдэл: Кино урлаг дахь эсрэг дүрийн эмэгтэйчүүдэд юу тохиолдож байна вэ?

Феминизм, хүч чадал ба эрх мэдэл: Кино урлаг дахь эсрэг дүрийн эмэгтэйчүүдэд юу тохиолдож байна вэ?

Бидэнд Малефисент, Эльза, Хела нар шиг хүчирхэг эмэгтэйчүүд хэрэгтэй байна

Text: Buro.Mongolia


Зураг:

2013 онд Disney кино компани "Frozen" нэртэй анимэйшн кино гаргаж, асар их амжилт олж байсныг санаж байна уу? Киноны гол дүр болох Эльза нь тухайн үедээ "шинэ форматын гүнж" болж, кино өөрөө хувьсгал хийсэн хүүхэлдэйн кино болж байв. Мэдээж өмнө нь Disney студийн баатруудын дунд бие даасан, хүчирхэг баатрууд байсан. Мулан, Покахонтас, Тиана, Мерида зэрэг сонгодог дүрүүдийг санахад л хангалттай. Гэхдээ "Frozen" нэг цохилтоор өмнө нь байсан бүх дүрэм журмуудыг зөрчсөн юм. Юуны түрүүнд киноны гол баатарт хайр дурлалын хэсэг огт байгаагүй. Хоёрдугаарт аз жаргалтай төгсгөл нь ханхүүгийн хайр дурлал бус харин өөрөө өрийгөө олж, хүлээн зөвшөөрсөн явдал байсан юм. Гуравдугаарт Эльзагийн дүрийг Цасан хатнаас сэдэвлэн бүтээсэн бөгөөд Эльза өөрөө маш зөрчилдөөнтэй дүр байв. Жишээ нь тэр өөрийн хүч чадлаа хянаж чаддаггүйн улмаас вант улсаа бүхэлд нь хөлдөөж, ихэнх хүний хувьд эсрэг дүрийн баатар болон хувирдаг. Disney кино компанийн бүтээсэн энэхүү кино нь хэн ч хорон санаатан болж төрдөггүй харин бусад хүмүүс ойлгоогүйн улмаас мөн өөрийнхөө мөн чанарыг үл хайхарснаас болж эсрэг дүрийн баатар болж хувирдаг гэж харуулдаг. Хэрэв цасан хатанд Эльза шиг өөрт нь маш их хайртай дүү байсан бол магадгүй түүний хувьд ч бүх зүйл өөрөөр эргэж болох байсныг үгүйсгэхгүй.

Феминизм, хүч чадал ба эрх мэдэл: Кино урлаг дахь эсрэг дүрийн эмэгтэйчүүдэд юу тохиолдож байна вэ? (фото 1)

Сүүлийн жилүүдэд сонгодог гүнжийн дүр хэрхэн өөрчлөгдсөн талаар маш олон зүйл бичигдэж, яригдсан. Хүүхэлдэйн киноны эмэгтэй баатрууд цагаан морьтой ханхүү ирж аврахыг хүлээдэг, зовлонд унасан хөөрхийлөлтэй нэгэн байхаа больж, ер нь л хувь заяагаа өөрсдийн гарт авсан. Тэгвэл эсрэг дүрийн эмэгтэй баатруудад юу тохиолдсон бэ? Тэдэнд ч гэсэн цаг үеийн өөрчлөлт нөлөөлсөн үү? Хариулт нь мэдээж тийм. Энэ бүхэн "Frozen"-оос эхэлсэн бол одоо Анжелина Жолигийн тоглосон "Maleficent" киногоор үргэлжилж байна. Киноны уран бүтээлчид Нойрсож буй гүнжийг харааж, олон зуун жил гүн нойронд автуулдаг алдарт хорон санаат шидтэний түүхийг цоо шинээр дахин бүтээсэн юм. Сонгодог үлгэрт Малефисентийн амьдралын тухай огт гардаггүй тул кино найруулагч Роберт Стромберг түүнд шинэ түүх зохиож өгөхөөр шийджээ. Малефисентийн итгэдэг хүн нь түүнээс урваж, далавчийг нь хулгайлснаар тэр гэнэн томоогүй, нээлттэй охиноос бүхнээс тусгаарлагдсан, хүйтэн хөндий, хэрцгий шидтэн болон хувирдаг. Тэр гүнжид хор хөнөөл учруулахыг хүсээгүй бөгөөд харин ч эсрэгээрээ түүнийг аврах төлөвлөгөө зохиосон байдаг. Эцэст нь гүнжийг жинхэнэ хайрын үнэсэлтээр сэрээх байсан ханхүүг хулгайлж, оронд нь өөрөө охиныг эхийн хайраар хайрлаж, үнсэлт бэлэглэн сэрээдэг билээ.

Феминизм, хүч чадал ба эрх мэдэл: Кино урлаг дахь эсрэг дүрийн эмэгтэйчүүдэд юу тохиолдож байна вэ? (фото 2)

Ингэж Малефисент сонгодог хорон санаатнаас буруу ойлгогдсон, хэлмэгдсэн, урвалт амссан эмэгтэй болон хувирсан юм. Түүний далавчийг хулгайлдаг хэсэг нь (Аврора эргүүлэн авахад нь тусалдаг) хүчирхийллийг зүйрлэсэн бөгөөд түүний үнэн түүхийг гуйвуулж, шинээр зохиож, мангас болон хувиргасан юм. Малефисентийн түүх бол феминист үзэл сурталтай бүтээл. Тэрээр урвалт, сэтгэлийн шархаа даван туулж, бусдад сэтгэл зүрхээ дахин нээж сурдаг. Энэ бүхнийг даван гарахад нь түүнд хаанаас ч юм гарч ирэнгүүтээ хамаг амьтныг авардаг ямар нэгэн ханхүү бус харин гүнж тусалдаг. Гэхдээ хамгийн сонирхолтой нь энэ түүх зарим нэг хүмүүст, тэр дундаа феминистүүдэд таалагдаагүй.

Киноны нээлтийн дараа "Бидэнд төрөлхийн хорон санаатай 'Badass evil bitches' дүрүүдийг буцаан авчир" гэх зэрэг урианууд хаа сайгүй сонсогдож байв. Учир нь тэдгээр дүрүүдэд хүчирхийлэлд өртсөнөөс болж сэтгэлийн шархтай болсон "запас" түүх байгаагүй юм. Малефисентийн түүх хэрээ ба Стефан хаан гэсэн ердөө хоёр эрэгтэй баатрын хооронд өрнөдөг. Түүний хараал үнэн хэрэгтээ Стефан хаанд хүрэх зорилготой байсан бөгөөд тэрээр Аврорагаар дамжуулан хаанаас өшөө авахыг хүссэн байдаг. Харин өмнө нь түүний муу зүйл хийх сэдэл нь зөвхөн түүний муу зан араншин, хорон санаатай нь холбоотой байв. Өөрөөр хэлбэл тэр зүгээр л муу юм хийх дуртай байсан. Тэгээд л гүйцээ. "Чамайг зүгээр л үдэшлэгт уриагүйн төлөө бүхэл бүтэн хаант улсыг зуу, зуун жилийн турш гүн нойронд автуулна гэж үү? Тийм ээ, энэ бол миний хатан" гэж хүмүүс өмнөх Малефисентийн талаар ярьцгааж байв.

Disney студийн өмнө нь бүтээсэн бусад шуламнууд ч мөн Малефисент шиг "badass evil bitches" байв. Тийм ч болохоороо тэд эелдэг гүнжүүдээс илүү хүмүүст таалагдаж байлаа. Жишээ нь "Бяцхан лусын дагина" киноны Урсула "усан доорх Никки Минаж" болон хувирч, олон зуун мим зурагны баатар болж, жинхэнэ утгаараа поп соёлын шүтээн болсон байдаг. Хэн ч Кардашьяны биеийн галбирыг хүсдэггүй байх үед Урсула өөрийн биеийн хэлбэрээс санаа зовдог байсан болов уу? Тухайн үеийн гоо сайхны стандарт нийцээгүй нь түүнийг өөрийгөө гайхалтай гэж мэдрэхэд саад болж байсан уу? Мэдээж үгүй!

Феминизм, хүч чадал ба эрх мэдэл: Кино урлаг дахь эсрэг дүрийн эмэгтэйчүүдэд юу тохиолдож байна вэ? (фото 3)

Мэдээж Disney кино компанийн бүтээсэн бүх эсрэг дүрүүд ийм биш. Цасангоогийн гоо үзэсгэлэн, залуу насанд атаархсан хорон санаат хойд эхийн түүх ч дахин бүтээгдэх эрхтэй. Эмэгтэй хүний үнэ цэнэ залуу насаар нь хэмжигддэг байсан үед төрсөн бүсгүй феминизмийн үзэл суртлыг дэмжин, гүнжийг эцгийн эрхт ёсны золиос болохоос сэргийлж яагаад болохгүй гэж? Хүчирхэг эмэгтэйчүүд бие биенээ дэмжих ёстой гэсэн феминист үзэлтэй төгс зохиол бэлхэн биш байна гэж үү?

Гэхдээ хорон санаатнуудыг хүн чанартай болгох киноны шинэ арга барил бүх эсрэг дүрийн баатруудад бус харин зөвхөн зарим нэгт нь л хамааралтай бололтой. Үүнд тухайн дүр анхнаасаа муу үйл хийх болсон шалтгаан нь маш чухал үүргийг гүйцэтгэж байна. Мэдээж хэрэг гоо сайхны стандартад нийцсэн найзууддаа шоолуулж, дээрэлхүүлсний улмаас  хаалттай нэгэн болж , хорвоог үзэн ядан, өшөө авахаар шийддэг залуу Урсулагийн тухай кино хийж, түүний дүрд илүү гүн гүнзгий утга учир шингээж болох л байсан. Гэхдээ бид ийм зүйл хүсэж байгаа юу гэвэл үгүй л болов уу. Эрх мэдэлд ханаж, цаддаггүй, гайхалтай бизнесвумен Урсула одоогийнхоороо л бидэнд таалагддаг.

Феминизм, хүч чадал ба эрх мэдэл: Кино урлаг дахь эсрэг дүрийн эмэгтэйчүүдэд юу тохиолдож байна вэ? (фото 4)

Бид "Kill Bill" киноны эмэгтэй алуурчдын сэтгэл зүйд гүн гүнзгий нэвтрэхийг хүсэх үү? "Hocus Pocus" киноны шуламнууд яагаад ийм амьдралтай болсныг олж мэдэх хүсэл байна уу? "Basic Instinct"-ын Кэтрин Трамеллын сэтгэл зүрхийг нэвт шувт харж, түүнийг эрх мэдэл, "femme fatal" дүр төрхөөс нь салгах бодол байгаа гэж үү? Бас л үгүй л болов уу.

Ер нь бол хүүхэлдэйн кинонд гардаг эсрэг дүрийн эмэгтэй баатрууд бүгд хүчирхэг бүсгүйчүүд. Эрх мэдэлтэй, амбицтай, эрх чөлөөг эрхэмлэдэг. Тийм ч учраас хорон санаатнуудын дүрд гүн гүнзгий утга учир нэмж байгааг үл хайхран олон бүсгүйчүүд тэдний хайртай баатрыг хохирогч болгоход дургүй байгаа юм. Цус урсгаж, нулимс асгаруулсан ч хамаагүй өөрийн хүсэл, таашаалаар амьдардаг эмэгтэйчүүд одоо ч дэлгэцэд хэтэрхий бага байна. Ямартаа ч хүмүүс болон нөхцөл байдлын золиос болж, зовж шаналж, хэн нэгнээс үргэлж хамааралтай байдаг эмэгтэй баатруудаас хавьгүй цөөхөн. Жишээ нь Харри Поттерын ертөнцийн Беллатриса Лестрейнжийг эргэн санацгаая л даа. Галзуу, хүчирхэг, бусдыг тамлах дуртай, хүчирхийлэлд хайртай, хорон санаат Беллатриса. Гэтэл дараа нь жинхэнээсээ тэр хүчирхийлэлд бус Волдемортод хайртай болж таардаг бөгөөд түүний үйлдлүүд нь Волдеморттой хамт байж, түүний сонирхол, зорилгыг хуваалцах боломж олгодог байсан нь тодорхой болдог. Эсвэл Харли Куинныг дурдаж болно. Саяхныг хүртэл түүний түүх зөвхөн Жокерын эргэн тойронд л өрнөж ирсэн. Өөр жишээ дурдвал Магнеттод дурласнаар эсрэг талыг сонгодог Мистик байна.

Комик киноны бүтээлчид эсрэг дүрийг бүтээхдээ Disney-гээс ч муу. Тэд эмэгтэй супер баатруудад соло кино өгч, тэдний хийж буй бүх үйлдлийг эрчүүдтэй холбохоос татгалзаж ер нь тэдэнд бүх зүйлийг өгдөг. Гэхдээ зөвхөн комик зохиол төдийгүй дэлгэцэд амилж болох байсан жинхэнэ эсрэг дүрийн эмэгтэй баатрууд бараг л байдаггүй. Мэдээж хэрэг муу эмэгтэйчүүд бүхий л уран зөгнөлт ертөнцөд байдаг боловч ихэвчлэн тэд хэн нэгний туслах эсвэл жинхэнэ хорон санаатнуудтай учрахаас өмнө тохиох түр зуурын саад болж таардаг. Тэр ч бүү хэл гайхалтай хүч, давтагдашгүй түүхтэй Poison Ivy Бэтмэн ба Робины эсрэг Mr. Freeze-гүй ганцаараа тулалдахад хангалттай бие даасан биш гэж продюсерууд үзсэн нь үнэхээр харамсалтай.

Феминизм, хүч чадал ба эрх мэдэл: Кино урлаг дахь эсрэг дүрийн эмэгтэйчүүдэд юу тохиолдож байна вэ? (фото 5)

Эр хүний нөмөр нөлөө, түшиг тулгуураар дутагдаагүй, анхны жинхэнэ хорон санаат эмэгтэй бол "Thor: Ragnarok" киноны Хела байсан юм. Жүжигчин Кейт Бланшеттийн бүтээсэн үхлийн бурхан Хела нь эмэгтэй дүр гэдэгт киноны найруулагч Тайка Вайтити төдийлөн ач холбогдол өгөөгүй. Тэр киноны үеэр ямар нэгэн феминист илтгэл тавиагүй бөгөөд түүний хүч чадал хүйсийн шинж тэмдэгтэй нь ямар ч холбоогүй байдаг. Хела зүгээр л хийхийг хүссэн зүйлээ л хийдэг. Асгардыг эзэлж, баруун солгойгүй алан хяддаг. Яагаад гэвэл ингэх нь түүнд таалагддаг. Тэр цус үзэхийг, эрх мэдэлтэй болохыг, ертөнцийг эзлэхийг хүсдэг учраас энэ бүхнийг хийдэг. Мэдээж түүний түүх ямар нэгэн гүн гүнзгий зүйлийг нэмж өгдөг. Тэр эргэн тойрны эрчүүддээ "тухгүй" мэдрэмж төрүүлж байсан учраас Асгардын түүхээс арчигдсан байдаг. Гол нь Хела өөрийгөө хэзээ ч хохирогчийн нүдээр хардаггүй. Тэр галзуу, хэрцгий, аймшигтай дарангуйлагч байхаа хэзээ ч зогсоодоггүй. Тиймээс л энэ нь муу эмэгтэй яагаад муу болсон тухай дэлгэрэнгүй өгүүлсэн түүхүүдээс дутахааргүй феминист үзэл сурталтай болж чадсан юм. Яагаад гэвэл эмэгтэйчүүд ч эрчүүдийн адил янз бүр байдаг. Эмэгтэй хүн бүр сайхан сэтгэлтэй, турьхан биш гэдэг санааг л илэрхийлээд байгаа юм.

Хүн бүхний сэтгэлд хүрэх төгс эсрэг дүрийн эмэгтэй баатар гэж байхгүй. Ийм дүр бидэнд ч хэрэггүй. Ердөө л муу, сайн, янз бүрийн эмэгтэй хорон санаатнууд кинонд арай илүү их гарч байхад л хангалттай. Хүмүүс охидыг багаас нь дуулгавартай, даруухан болгож өсгөдөг. Хэрэв ямар нэг зүйл тэдэнд таалагдахгүй бол чимээгүй байж, томоотой суухыг заадаг. Уурлаж уцаарлаж, сэтгэл хөдлөлөө илэрхийлж болохгүй. Харин чимээгүйхэн уйлж болох ч хэнд ч татгалзаж болохгүй. Мөн хэн нэгэнд тухгүй мэдрэмж төрүүлэхээс зайлсхийж, заавал тааламжтай байх ёстой гэсэн дүрмүүдийг охидын толгойд суулгаж өгсөн байдаг. Тэгвэл хүн бүхний хайрлаад байгаа тэдгээр эсрэг дүрийн эмэгтэйчүүд энэ дүрмүүдийг зөрчиж байна. Тэд хорон санаатай, өөрийн гэсэн бодолтой. Бас өөрийн мөн чанарыг нуухыг оролддоггүй, хэзээ ч уучлалт гуйдаггүй. Үүнийг л бид тэднээс суралцах хэрэгтэй. Суралцах ч ёстой. Гэхдээ мэдээж бүх зүйлийг хэт хүндээр хүлээж авалгүйгээр санаа аваарай!

цааш үзэх