Хайх

\"Game of Thrones\" цувралын төгсгөлд үлдсэн гурван чухал асуулт

"Game of Thrones" цувралын төгсгөлд үлдсэн гурван чухал асуулт

Спойлероос болгоомжил!

Text: Г.Тэмүүлэн


Өчигдөр HBO телевизийн алдарт "Game of Thrones" цувралын найм дах буюу сүүлчийн улирал албан ёсоор төгсөж, нийт найман жилийн турш тэсэн ядан хүлээж үзсэн цувралдаа бид "Баяртай!" гэж хэллээ. Цувралын төгсгөл олон сая шүтэн бишрэгчдийн сэтгэлийг гонсойлгосон нь цахим ертөнц дэх "ууртай" постууд болон цувралын сүүлчийн улирлыг дахин хийхийг шаардсан 1 сая гаруй үзэгчдийн өргөдлөөс бэлхэн харагдана. Үүний бас нэгэн чухал шалтгаан нь цувралын продюсерууд бидэнд олон асуултыг хариултгүй үлдээсэн явдал юм. Бид төгсгөлийн ангийг эргэн харж, хариултгүй үлдсэн асуултуудад шүтэн бишрэгчдийн дэвшүүлсэн хамгийн бодит таамгуудыг хүргэж байна.

Дрогон луу Дейенерис Таргариеныг хаашаа авч одсон бэ?

Дээр дурдсанчлан цувралын төгсгөл хүн бүрийн сэтгэлд хүрээгүй. Үүний хамгийн гол шалтгаан бол мэдээж хэрэг Дейенерис Таргариены үхэл. Луугийн эх Долоон хаант улсад ноёрхлоо тогтоож, олон хүний амьдралыг сүйтгэхээс нь өмнө түүний хайрт залуу, гол өрсөлдөгч ба зээ дүү нь хутгалж хөнөөдөг. Үүний дараа Дейенерисийн луу Дрогон уурсаж, эргэн тойрны бүх зүйл, тэр дундаа "Төмөр Сэнтийг" галаар шатаасныхаа дараа (мэдээж Жоноос бусдыг нь) "эхийнхээ" биеийг алс холд авч одон нисэж байгаа нь харагддаг. Тэгвэл хүн бүрийн зүрхийг шимшрүүлсэн эх хүүгийн хагацлын дараа Дрогон яг хаашаа, ямар зорилгоор нисэн одож байгаа талаар маш том асуултын тэмдэг үлдсэн юм. Кинонд Бага зөвлөлийн үеэр Сэмвелл Тарли Дрогон хамгийн сүүлд Дорно зүг рүү нисэж байсныг харсан гэж хэлмэгц Бронн түүний үгийг таслан "Эндээс холдох тусмаа сайн" хэмээн хэлдэг. Мөн энэ үед Бран Старк "Магадгүй би түүнийг олж чадах байх" гэсэн нь түүнийг Гурван нүдэт хэрээний хүч чадлаа ашиглан лууны байршлыг тогтооно гэдгийг илтгэж байгаа юм. Цувралд ийнхүү Дрогон хамгийн сүүлчийн удаа дурдагддаг.

"Game of Thrones" цувралын төгсгөлд үлдсэн гурван чухал асуулт (фото 1)

Харин энэ үеэр шүтэн бишрэгчид өөрсдийн гэсэн таамгаа дэвшүүлж эхлээд байна. Үүнээс хамгийн бодит, боломжтой хувилбар нь Эссос дахь Эртний Валирия хот (Сэмийн хэлснээр Вестеросоос Дорно зүгт оршдог) буюу Дэнигийн өвөг эцгийн төрөлх нутаг руу аваачсан гэх таамаг юм. Эртний Валирия нь Таргариен удмын төрөлх нутаг бөгөөд цувралын үйл явдлаас олон зууны өмнө мөхсөн хэмээн гардаг. Хэрэв та санаж байвал цувралын тавдугаар улиралд Тирион Ланнистер, Жора Мормонт нар Мирин хүрэх замдаа сөнөсөн хотоор дамжин гардаг шүү дээ. Мөн Дейенерис Таргариен гуравдугаар бүлэгт Валириан бол түүний унаган хэл хэмээн хэлсэн байдаг. Тэгэхээр энэхүү учир битүүлэг хот нь Луугийн эхийг нутаглуулсан газар байх өндөр магадлалтай.

Хаадын тоглоом үнэн хэрэгтээ Бран Старкын тоглоом байсан уу?

"Game of Thrones" цувралын төгсгөлд үлдсэн гурван чухал асуулт (фото 2)

Олон жилийн турш үргэлжилсэн хуйвалдаан, цуст аллага, далд явуулгаас бүрдсэн "Төмөр Сэнтийн" төлөөх тэмцэл санаанд оромгүй байдлаар төгссөн гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Үүний хамгийн гол шалтгаануудын нэг нь Бран Старк Зургаан улсын (Тийм ээ, та зөв сонссон) эзэн хаан болсон явдал байлаа. Бран Гурван нүдэт хэрээ болсныхоо дараа өнгөрсөн, одоо, бас заримдаа ирээдүй цагийн бүх үйл явдлыг харж, ямар ч хүн, амьтны биед орж чаддаг супер хүчтэй болсон. Тэгвэл тэр бүхнийг мэдэж байсан хэдий ч сүйрлийг зогсоож, олон сая хүнийг аврахын тулд хуруугаа ч хөдөлгөөгүй. Мөн тэрээр Дейенерисийг "Галзуу хатан" болон хувирахыг тооцоолсон учраас Жоны жинхэнэ гарал үүслийг илчилсэн. Ингээд ч зогсохгүй анхнаасаа хэзээ ч Винтерфеллийн Лорд болохгүй "Би бол Гурван нүдэт хэрээ" гэж хэлдэг байсан атлаа Тирион Ланнистер түүнээс хаан болох хүсэлтэй эсэхийг нь асуутал "Би яагаад өдий хүртэл энэ замыг туулж ирсэн гэж бодож байна?" хэмээн ямар нэг сэтгэл хөдлөлгүй хариулж, шууд хаан болж, хүн бүхнийг цочирдуулдаг. Тэгэхээр тэрхүү хүн бүхнийг нэвт шувт хардаг жихүүцэм харцны цаана хаан болох далд зорилготой, сод ухаантан нуугдаж байсан уу? Магадгүй хөгжлийн бэрхшээлтэй, хорхойд хоргүй хүү үнэндээ хүн бүхнийг хурууныхаа үзүүрээр хөдөлгөдөг утсан хүүхэлдэйн мастер байх өндөр магадлалтай болж байна.

Шөнийн харуулууд яагаад одоо хүртэл оршин тогтнож байна вэ?

"Game of Thrones" цувралын төгсгөлд үлдсэн гурван чухал асуулт (фото 3)

Жон Сноу ард түмнийг хамгаалахын тулд хайрт Дейенерис Таргариеныг хөнөөж, гэмт үйлдлийнхээ төлөө Саарал Өт-ийн тушаалаар эсвэл Тирион Ланнистерын ятгалгаар Хана руу цөллөгдөж, дахин шөнийн харуул болдог. Гэхдээ бүх зүйл дууссан. Серси Ланнистер, Дейенерис Таргариен, мөн хамгийн чухал нь Шөнийн хаан үхдэлүүдийн армитайгаа ялагдаж Долоон Хаант улсын иргэд дарангуйлал, үхлийн аюулаас аврагдсан. Үүнээс гадна Вестерос ч Зэрлэгүүдтэй эв найрамдалтай амьдрах болсон. Тэгвэл одоо Шөнийн харуулууд оршин тогтнох ямар шалтгаан байна вэ? Жон Хана руу очоод цаашид юу хийж амьдрах вэ? Бас тэр цувралын төгсгөлд Зэрлэгүүдтэй нэгдэв үү? Эдгээр асуултын хариуг продюсерууд бидэнд дахиад л өгсөнгүй. Магадгүй Бран Хананы цаана дахин өөр аймшигт мангасууд нуугдаж байгааг олж харсан байх магадлалтай л юм. Ямартаа ч бид Жорж Р.Р. Мартин номоо бичиж дуустал энэ бүх асуултын хариуг олж мэдэхгүй нь тодорхой.

Сэтгэгдэл бичих

цааш үзэх