Хайх

Кино ба цувралыг хэрхэн соёлтой үзэх вэ: Бусдыг спойлдохгүй байх 10 дүрэм

Кино ба цувралыг хэрхэн соёлтой үзэх вэ: Бусдыг спойлдохгүй байх 10 дүрэм

Ой ухаандаа тогтоож аваад насан туршдаа мөрдөнө үү

Text: Buro.Mongolia


Өнөөдөр асар олон хүн "Game of Thrones", "Avengers: Endgame" зэрэг кино болон телевизийн цувралуудыг шимтэн үзэж байна. Зарим нэг хүн тухайн цуврал эсвэл франчайзыг бүр нэгдүгээр ангиас нь үзэж эхэлсэн бол саяхнаас нэг дор бүх ангийг нь үзсэн хүмүүс ч бий. Ямар ч тохиолдолд шүтэн бишрэгч бүр шинэ улирал, ангиудыг хамгийн багадаа 1-2 жил хүлээж байж үздэг. Гэтэл таныг өдөр хоног тоолон байж хүлээсэн киногоо үзэж, ямар нэгэн мэдрэмж авч, дүгнэлтэд хүрэхээс өмнө хэн нэгэн танд үйл явдлыг нь яриад өгчихвөл ямар санагдах вэ? Та энэ тохиолдолд юу хийх вэ? Шударга бус санагдах нь гарцаагүй.

Жишээ дурдахад саяхан Хонг Конгийн Causaway Bay дүүрэгт байрлах кино театрын гадаа "Avengers: Endgame" киног үзэхээр хүлээж байсан хүмүүст киног түрүүлж үзсэн нэгэн эр үйл явдлыг нь чангаар орилж спойлдсоныхоо дараа зодуулсан хэрэг гарсан. Мэдээж хэрэг ямар ч тохиолдолд хүч хэрэглэх нь буруу ч Twitter-ийн хэрэглэгчид тэрхүү бүдүүлэг эрийг шангаа хүртсэн хэмээн жиргэж байсан юм. Ямартаа ч бид хэн нэгэнд таагүй сэтгэгдэл үлдээхээс урьдчилан сэргийлэх зорилгоор бусдыгаа хүндэтгэн, соёлтой кино үзэх 10 үндсэн дүрмийг танилцуулж байна.

1. Ямар нэгэн киноны талаар бичиж, жиргэж, нийтлэхийнхээ өмнө "Spoiler Alert" гэж бичих

Ихэнх хүмүүс маш завгүй байдаг. Хүн бүрт даваа гарагийн өглөө 09:00 цагт "Game of Thrones" цувралыг HBO сувгаар үзэх боломж гардаггүй. Тиймээс киноны талаар "хашхирахынхаа" өмнө ядаж 1-2 өдөр (долоо хоног байвал бүр сайн) хүлээнэ үү. Хэрэв үнэхээр хэл тань загатнаад, хэн нэгэнтэй үзэл бодлоо хуваалцахыг тэсэн ядаж байвал "Spoiler Alert" хэмээн томоос томоор бичээрэй. Энэ дүрэм олон нийтийн сүлжээ, групп чатуудад хамаарна. Мөн "спойлдуулахыг хүсээгүй бол анхнаасаа олон нийтийн сүлжээнд нэвтрэх хэрэггүй" гэдэг хүмүүст хандаж хэлэхэд зарим хүмүүс ажлын шаардлагаар Facebook, Instagram, Twitter ордог гэдгийг санахад илүүдэхгүй. 

2. Хэн нэгэнтэй киноны тухай яриа өрнүүлэхийн өмнө түүнээс үзэж амжсан эсэхийг нь заавал асуух

Энэхүү энгийн дүрмийг мөрдсөнөөр та хэн нэгэнд таагүй сэтгэгдэл үлдээхээс сэргийлж чадна. Хэрэв харилцагч тань үзээгүй бол үйл явдлын талаар цухас хийлгэж ч болохгүй гэдгийг санаарай.

Кино ба цувралыг хэрхэн соёлтой үзэх вэ: Бусдыг спойлдохгүй байх 10 дүрэм (фото 1)

3. Ном, зохиол спойл хийх шалтгаан биш

Тухайн кино, цуврал ямар нэгэн ном, зохиолоос сэдэвлэсэн бол та хүссэнээрээ үйл явдлыг нь ярьж болно гэсэн үг биш юм. Хүн бүр эх зохиолыг нь уншсан байх албагүй. Хэрэв та алдаа гаргаж спойлдсон бол хариуцлагаа хүлээгээд уучлалт гуйх хэрэгтэй. Та спойлер тараахгүй байх ёстой болохоос хүмүүс ном унших зуршлаа танд эхэлж сануулах ёсгүй юм.

4. Олон нийтийн газар шинэ киноны талаар шивнэж ярих

Автобусны буудал, худалдааны төв, гудамж талбай, кино театр гээд олон нийтийн газар найзтайгаа ямар нэг шинэ киноны талаар хэлэлцэхдээ бусдад төвөг удахгүйн тулд шивнэж ярина уу. Мөн утсаар ярихдаа, оффис дээрээ хамтран ажиллагсадтайгаа хэлэлцэхдээ шивнэж ярихаа мартав аа.

5. Олон нийтийн газар кино үзэхдээ чихэвч ашиглах

Автобус, кофе шоп гээд олон нийтийн газар утас, таблет, зөөврийн компьютер дээрээ кино үзэхээр шийдсэн бол чихэвчээ ашиглаарай. Хэрэв та гэртээ ганцаараа амьдардаггүй л бол энэ дүрэм мөн орон сууцад (хэрэв хамтран амьдардаг хүмүүстэйгээ хамт үзээгүй бол) ч хэрэгжинэ.

Кино ба цувралыг хэрхэн соёлтой үзэх вэ: Бусдыг спойлдохгүй байх 10 дүрэм (фото 2)

6. Киноноос эшлэл татах нь спойлдсоноос ялгаагүй

Киноны баатруудын хэлсэн эшлэл үйл явдлын нэг хэсэг. Тиймээс эш татаж болохгүй. Зүгээр л хэрэггүй.

7. Мим зураг постлох нь спойлдсоноос ялгаагүй

Хөгжилтэй гэж бодсон мим зургаа олон нийтийн сүлжээнд байршуулахаа түр азнаарай. Үүнд өөр тайлбар хэрэггүй л болов уу.

Кино ба цувралыг хэрхэн соёлтой үзэх вэ: Бусдыг спойлдохгүй байх 10 дүрэм (фото 3)

8. Instagram Stories хийх хэрэггүй

Киноны үйл явдлыг цуврал бичлэг болгон Stories-т байршуулах нь маш бүдүүлэг үйлдэл.  

9. Хэрэв та өөрөө спойлдуулсан бол бусдыг спойл хийх албагүй

Тийм ээ, спойлдуулах үнэхээр муухай. Хүн бүр бүдүүлэг хүмүүсээс болж хохирч үзсэн. Гэхдээ "тэр намайг ингэж спойл хийсэн" гэж гомдоллох үедээ та өөрөө бусдыг давхар хохироож байгаа гэдгээ ухамсарлах хэрэгтэй. Тиймээс сайн хүн байж, спойлдуулсан ч чимээгүй уурлаж, ундууцна уу. Баярлалаа.

Кино ба цувралыг хэрхэн соёлтой үзэх вэ: Бусдыг спойлдохгүй байх 10 дүрэм (фото 4)

цааш үзэх