Хайх

Хэрэв та \"Game of Thrones\"-ын ертөнцөд очвол юу хийх вэ?

Хэрэв та "Game of Thrones"-ын ертөнцөд очвол юу хийх вэ?

Далд явуулга, цус холилдох болон хамаатнуудаа хөнөөхөөс өөр Вестерост юу хийж болох вэ?

Text: Buro.Mongolia


Бид бүгд хэзээ нэгэн цагт үлгэрийн ертөнцөд нэвтэрч үзэхийг хүсдэг шүү дээ. Ялангуяа "Бөгжний Эзэн" эсвэл "Харри Поттер"-ын гайхамшигт ертөнцүүд бидний сонирхлыг ихэд татдаг. Гэхдээ 2017 онд "Game of Thrones" буюу "Хаан ширээний тоглоом" цувралын ертөнцөөр хүн бүр донтож байна. Хэрвээ Жорж Мартины бүтээсэн энэхүү ертөнцөд очвол та ямар нэг хаан эсвэл ноён болж төрнө хэмээн найдах хэрэггүй. Ийм төрлийн таатай нөхцөл байдал уг кинонд тун ховор бүрддэг шүү дээ. Тэгэхээр та Вестерост энгийн хүний дүрээр жишээ нь нэгэн дархны охин эсвэл хүү болж төрсөн гээд төсөөлөөд үзье л дээ. Энэ тохиолдолд хааны ордны далд явуулга, гажууд бэлгийн харьцаа таныг тойрон өнгөрөх болно. Тиймээс Вестерост өөр юу хийж болох вэ? Мэдээж хэрэг бага зэрэг тэвчээр гарган, үхлээ хүлээж болох л юм. Вестеросын иргэдийн дундаж наслалт Монгол улсынхаас ч бага байдгийг киноны шүтэн бишрэгчид мэдэх биз ээ. Гэхдээ үүний оронд бид танд эмсийн хүрээлэн, халз тулаан, хүлэг баатруудын тэмцээн гэх зэрэг цаг хугацааг сонирхолтой өнгөрөөх таван аргыг санал болгож байна.

Цэрэгт бүртгүүлэх

Вестерост хөлийн ул хавтгайрсан эсвэл арьсан дээр тууралт үүссэн гэх шалтгаануудаас хамааран цэргийн албанаас чөлөөлөгдөнө гэж хэзээ ч байхгүй. Учир нь эндхийн мейстерүүд ийм өвчин байдгийг ч мэдэхгүй. Та мэдээж ийм төрлийн эмгэгүүдийг олж нээхийг хэдэн зууны турш хүлээж болох ч сайн дураараа цэрэгт бүртгүүлсэн нь хамаагүй дээр. Таныг энд энгийн цэрэг хүний жаргалууд хүлээж байгаа. Жишээ нь цэргийн хуаранд шоогоор наадаж, нийтээрээ эмсийн хүрээлэнд зочилж, ил галын хажууд шөл ууж болох юм. Мөн энд тааламжгүй зүйлс ч бас бий. Тухайлбал хүчирхийлэл, дээрэм тонуул хийж эсвэл "Game of Thrones" цувралын хамгийн азгүй баатруудын хувь заяаг давтаж ч магадгүй. Өөрөөр хэлбэл зүгээр л амиа алдаж мэдэх юм. Түүнчлэн та цэрэгт бүртгүүлснээр алдартай болно гэж найдсаны хэрэггүй. Та тус цувралд гардаг цэргүүдийн нэрийг санахгүй байгаа биз? Гэхдээ хэзээ нэгэн цагт аз таарч та Жейми Ланнистертай гар барьж мэдэх л юм. Гэсэн ч таны хувьд дайсны нум суманд оногдож, сэлэмд өртөж эсвэл зүгээр л гэдэсний хижиг өвчин тусч нас барах магадлал хамаагүй өндөр шүү.

Хэрэв та "Game of Thrones"-ын ертөнцөд очвол юу хийх вэ? (фото 1)

"Хана" дээр очих

Жон Сноутай нэг багт орохын тулд заавал хүнд гэмт хэрэг хийх шаардлагагүй. Зүгээр л зүсэм талх хулгайлахад л болно. Вестеросын шүүх маш энэрэнгүй тул танд толгойгүй үлдэх эсвэл насан туршдаа "Хана"-ыг хамгаалах сонголт өгнө. Хэрэв та "Хана" руу очихоор шийдсэн бол тэнд маш хүйтэн бөгөөд "оны ялгаа", дарангуйлал ноёрхдог гэдгийг санаарай. Тэгэхдээ л Хойд зүгийн зах танд амьд арслан заан, аварга чоно, мөсөн цэнхэр нүдтэй чөтгөрүүдээр ахлуулсан зомбины арми гээд ямар ч аяллын хөтөлбөрөөс илүү сонирхолтой зүйлсийг үзүүлж чадна. Ер нь бол энд таныг гайхалтай адал явдал хүлээж байгаа. Мөн үүнээс гадна та энд алуурчин, хүчингийн хэрэгтэн, хулгайч, босуул гээд янз бүрийн этгээд хүмүүстэй танилцах боломжтой юм.

Хүлэг баатруудын тэмцээнд орох

Хэрэв таны судсаар ихэс дээдсийн цус гүйдэггүй л бол хүлэг баатруудын тэмцээнд оролцоход хүндрэлтэй байж болзошгүй. Тиймээс хүлэг баатрууд, ноёдуудтай нэг тэмцээнд орохыг хүсвэл дуулгаа буулгаж, бамбай дээрээ сүлд зурж, багагүй хэмжээний хөрөнгө зарцуулан чанартай хуяг худалдан авах хэрэг гарна. Гэхдээ ямар нэг их зантай язгууртныг мориноос нь унагах тэр мөч хаалттай дуулганаас үүсэн тухгүй байдал, санхүүгийн зардалтай харьцуулшгүй их таатай мэдрэмж өгөх болно. Харин хэрэв та өөрөө тулааны үр дүнд унавал хэдэн шүднээс ч илүү зүйлсээ алдана гэдэгт итгэлтэй байж болно шүү. Түүгээр ч барахгүй хэрэв таныг язгууртан биш гэдгийг мэдвэл шууд л шоронд хорих болно ("Хана" руу явах хэсгийг харна уу). Тиймээс та эрсдэл хийхийг хүсэхгүй байгаа бол зүгээр л мөрий тавих аргаар хэдэн зоос олсон нь дээр.

Хэрэв та "Game of Thrones"-ын ертөнцөд очвол юу хийх вэ? (фото 2)

Халз тулаанд орох

Хэрэв ихэс дээдсүүд хүлэг баатрын тулаанд оролцдог бол Эссос ба далайн цаадах энгийн ард түмэн халз тулаан зохиодог. Халз тулаанд илүү бохир, ширүүн байдлаар тулалдаж, тулаан хэн нэгний үхлээр өндөрлөдөг. Мөн шагнал нь ч илүү өндөр. Амжилттай гладиаторууд тансаглалд умбаж, энгийн ард түмний дунд хүлэг баатруудаас дутахааргүй их алдар нэртэй байдаг. Харин сул тал нь гэвэл амжилттай тулаанч болохын тулд бүр бага наснаасаа эхлэн маш удаан хугацаагаар бэлтгэл хийх хэрэгтэй юм. Тиймээс Вестеросоос ирсэн энгийн жуулчин тулаанд удаан тэсэхгүй л болов уу.

Эмсийн хүрээлэнд жаргах

Вестерос ба Эссост хөнгөмсөг бүсгүйчүүд (бас эрчүүд) хангалттай их бий. Цувралаас харахад гадны зочид, язгууртнууд, худалдаачид, дархнууд гээд бараг бүх хүмүүс эмсийн хүрээлэнд очдог. Эмсийн хүрээлэн бол бүх хүмүүс тэгш эрхтэй байдаг цорын ганц газар юм. Энгийн бэлгийн харьцаанаас уйдсан хүмүүст Долоон хаант улсад байрлах бүх эмсийн хүрээлэнгээр зочлохыг санал болгож байна. Жишээлбэл үүнийг Роберт Баратеон хаан хэрэгжүүлж байсан билээ (гэхдээ тэр үүнээс болж үхээгүй юм шүү). Гэсэн ч эмсийн хүрээлэнд очих нь мөн аюултай байж болзошгүй юм. Тодруулбал шашны бүлэглэлүүдийн түрэмгийлэлд өртөх өндөр магадлал бий.

Хэрэв та "Game of Thrones"-ын ертөнцөд очвол юу хийх вэ? (фото 3)

цааш үзэх