Хайх

Хоёрдугаар бүлэг нь өндөр хүлээлт үүсгээд буй Солонгос цувралууд

Хоёрдугаар бүлэг нь өндөр хүлээлт үүсгээд буй Солонгос цувралууд

Text: Э.Цовоо


Сүүлийн жилүүдэд Өмнөд Солонгосын кино, цувралууд дэлхийн кино урлагийн зах зээлд хүч түрэн орж ирж, өөрсдийн гэсэн байр суурийг олсон билээ. Иймд “Netflix”-ээс энэ 2023 онд зөвхөн Солонгос бүтээлүүдэд зориулан 2.5 тэрбум ам.долларын төсөв тодорхойлсон байдаг. Солонгос цуврал буюу К-драманууд ихэвчлэн 16 ангитай бүтээгддэг бол “Netflix”-тэй хамтарч ажиллаж эхэлснээс хойш тэдний жишгийг даган нэмэлт бүлгүүд хийгддэг болжээ. Ийнхүү хоёрдугаар бүлэг нь өндөр хүлээлт үүсгээд буй цувралуудыг танилцуулж байна.

1. "Squid Game"

Цацагдсан даруйдаа “Netflix”-ийг доргиож чадсан цуврал кино бол мэдээж “Squid Game”. Хоёрдугаар бүлгийн зураг авалт энэ оныг дуустал үргэлжлэх ба 2024 онд цацагдах төлөвтэй байгаа гэнэ. Мөн үндсэн дүрүүд дээр олон шинэ жүжигчид нэмэгдэж байгаа бөгөөд тэдгээрээс дурдвал жүжигчин Кан Хан Ыл, Им Ши Ван, BIGBANG хамтлагийн хуучин гишүүн T.O.P болон “Glory” цувралаар олонд танигдаад буй Пак Сон Хүн нар юм. Эхний бүлэг дээр тайлагдаагүй олон асуултынхаа хариултыг хоёрдугаар бүлгээс бид олж авч чадна гэдэгт итгэлтэй байна.

2. "Sweet Home"

Ижил нэрт Webtoon-ээс (Өмнөд Солонгосын дижитал комикс) сэдэвлэсэн “Sweet Home” цувралын шинэхэн бүлэг нь энэ оны сүүлээр, гуравдугаар бүлэг нь 2024 оны эхээр цацагдахаар төлөвлөж байгаа юм. Учир битүүлэг төгссөн тус цувралыг хүлээж байгаа үзэгчид цөөнгүй бөгөөд бидний нас барсан гэж бодож байгаа дүрүүд ч эргэн ирж магадгүй гэж кино багаас мэдээлжээ. Шинээр нэмэгдсэн дүрүүд дунд дуучин, ая зохиогч BIBI байсан ч эхний ангийн зураг авалтын дараагаас гэрээгээ цуцлан тоглохоо больсон юм.

Хоёрдугаар бүлэг нь өндөр хүлээлт үүсгээд буй Солонгос цувралууд (фото 1)

3. "Extraordinary Attorney Woo"

Солонгос улс даяар хит болсон бүтээл бол “Extraordinary Attorney Woo” юм. Аутизмтай өмгөөлөгч Ү Ён Ү-гийн талаар өгүүлэх хөнгөхөн хэр нь сонирхолтой түүхтэй тус цуврал маань үзэгчдийн хайрыг ихээхэн татаж чадсан. Хэдий жижиг кабелийн сувгаар цацагдсан ч үзэгчдийн хувь маш өндөр байсан ба шууд л хоёрдугаар бүлэг гарахаар товлогдсон билээ. Шинэхэн бүлэгт үндсэн жүжигчид бүрэн бүрэлдэхүүнээрээ тоглох ба одоогоор шинэ жүжигчдийн нэрс гараагүй байгаа юм. Мөн Ү Ён Үгийн дүрийг бүтээсэн жүжигчин Пак Ын Бин Солонгосын Оскар гэгддэг Бэксан 2023 кино наадмаас шилдгийн шилдэг буюу “Дэсан” шагналыг тус киногоороо хүртсэн билээ.

Хоёрдугаар бүлэг нь өндөр хүлээлт үүсгээд буй Солонгос цувралууд (фото 2)

4. "Soundtrack #1"

Сэтгэл хөдөлгөм хайрын түүхийг өгүүлэх цуврал маань хоёрдугаар бүлэг гаргах ажилдаа аль хэдийн оржээ. Эхний бүлэг нь нийт дөрвөн ангитай цацагдсан ч маш сайн хандалтыг авч чадсан. Харамсалтай нь гол дүрд тоглосон жүжигчид Ха Су Хи болон Пак Хён Шиг нар хоёрдугаар бүлэгт тоглохгүй ба шинэ жүжигчдийн бүрэлдэхүүнтэй, цоо шинэ хайрын түүхийг өгүүлэхээр зорьж байгаа гэнэ.

Хоёрдугаар бүлэг нь өндөр хүлээлт үүсгээд буй Солонгос цувралууд (фото 3)

5. "All Of Us Are Dead"

Зомбитой киноны шүтэн бишрэгчдийн хамгийн их хүлээж буй цувралын нэг бол “All of Us Are Dead”. Тус цувралын цацагдах тов нь хараахан тодорхой болоогүй байгаа ч зураг авалт дуусах шатандаа явж байгаа аж. Нэмэлт дүрүүд одоогоор нууц байгаа ба шинэ бүлэг нь илүү ухаалаг зомби, гэнэтийн эргэлтүүд ихтэй гэнэ. Гол дүрүүд маань дахин амьд гарч чадах болов уу?

Хоёрдугаар бүлэг нь өндөр хүлээлт үүсгээд буй Солонгос цувралууд (фото 4)

6. "Strong Woman Do Bong Soon"

Супер хүчтэй бүсгүй Ду Бун Сүний талаарх хөгжилтэй цувралын хоёрдугаар бүлэг 2024 онд цацагдахаар төлөвлөгдөж байгаа ажээ. Тус бүлэгт Ду Бун Сүний үеэл Кан Нам Сүний тухай гарах ба багадаа гэр бүлээсээ золгүй байдлаар төөрч, Монгол улсын хөдөө нутагт том болж буйгаар үйл явдал эхлэх болно. Сонирхуулан хэлэхэд Кан Нам Сүнийг өргөж авсан аавынх нь дүрд жүжигчин Ц.Цэрэнболд тоглосон ба Монгол дахь зураг авалт нь аль хэдийн дууссан аж. Мөн кино багаас Монгол улсын үзэсгэлэнт байгалийг цогцоор нь харуулахаас гадна илүү шинэлэг, сонирхолтой бүлгээр эргэн ирнэ гэжээ.

Хоёрдугаар бүлэг нь өндөр хүлээлт үүсгээд буй Солонгос цувралууд (фото 5)

7. "Weak Hero Class"

2018 онд цацагдаж байсан Webtoon зохиолоос сэдэвлэсэн уг цувралын хоёрдугаар бүлэг гарахаар болсон талаар энэ сард кино багаас мэдээлсэн билээ. Сургуулийн хүчирхийллийг хүндээр хөндөж чадсан тус киноны эхний бүлэг нь чамгүй амжилт олсон. Эхний бүлэгт гол дүрийн хөвгүүн Ёон Ши Үн шинэ сургуульд шилжиж ирж буйгаар кино төгсдөг. Харин хоёрдугаар бүлэг дээр Webtoon зохиол дээр гардаг олон алдартай дүрүүд нэмэгдэх бөгөөд үзэгчид ямар жүжигчид тухайн дүрд тоглох бол хэмээн чих тавин хүлээж байна.

Хоёрдугаар бүлэг нь өндөр хүлээлт үүсгээд буй Солонгос цувралууд (фото 6)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх