Хайх

Кино календарь: 2022 оны хамгийн өндөр хүлээлттэй 25 кино

Кино календарь: 2022 оны хамгийн өндөр хүлээлттэй 25 кино

“The Batman”, “Legally Blonde 3”, “Minions: The Rise of Gru” болон бусад

Text: Buro.Mongolia


1. “Moonfall”

Хэзээ: Хоёрдугаар сарын 4

Гайхамшигт адал явдал, блокбастер кино бүтээдгээрээ алдартай найруулагч Роланд Эммерихийн ээлжит бүтээл ирэх сард олны хүртээл болох гэж байна. Үйл явдлыг киноны гарчгаас таамаглах боломжтой. Манай гарагийн байгалийн дагуул болох сар тойрог замаас гарч, дэлхий дээр унах эрсдэл үүсэх юм. Мэдээж энэ үед эрэлхэг баатрууд гарч ирж, асуудлыг шийдвэрлэхийг оролдоно. Тус кинонд Патрик Уилсон, Холли Бэрри, Жон Брэдли, Дональд Сазерленд, Майкл Пенья нар гол дүрүүдийг бүтээжээ.

2. “Uncharted”

Хэзээ: Хоёрдугаар сарын 10

Өнгөрөгч онд нээлтээ хийхээр товлосон байсан ч цар тахлын улмаас хойшлогдсон уг киног ижил нэрт тоглоомоос сэдэвлэн бүтээжээ. Жүжигчин Том Холланд гол дүрийн баатар болох эрдэнэсийн ангууч Нейтан Дрейкийн дүрийг бүтээсэн бол Марк Уолберг хоёр дах үндсэн дүр болох Виктор “Салли” Салливаны дүрд тоглосон байна. Уг бүтээл нь Нейтан Дрейкийн залуу нас, мөн тэрээр хэрхэн эрдэнэсийн ангууч болсон тухай өгүүлэх юм.

3. “Death on the Nile”

Хэзээ: Хоёрдугаар сарын 11

“Murder on the Orient Express” киноны приквел. Алдарт зохиолч Агата Кристигийн номоос сэдэвлэн бүтээсэн уг детектив жанрын кино нь нээлтээ хийж амжаагүй байгаа ч багагүй маргаан дагуулж чадсан юм. Учир нь гол дүрийг бүтээсэн жүжигчин Арми Хаммертай холбоотой шуугианаас улбаалан тус бүтээлийг хойшлуулсаар ирсэн юм. Тодруулбал, Арми Хаммер хүчин болон каннибализмийн хэрэгт буруутгагдаж байгаа билээ. Түүний хэсгүүдийг шинэ жүжигчнээр орлох санал гарсан боловч продюсерууд анхны хувилбараар нь энэ онд гаргахаар болжээ. Гол дүрүүд тансаг зэрэглэлийн хөлөг онгоцонд нэгэн аллагын хэргийг мөрдөх болно.

4. “Ambulance”

Хэзээ: Хоёрдугаар сарын 18

“Transformers” франчайз кино, “Bad Boys”, “Armageddon” зэрэг адал явдалт бүтээлүүдийг найруулсан Майкл Бэйгийн ээлжит бүтээл. Ах дүү хоёр банк дээрэмдэхийг завдах боловч тэдэнд асуудлууд тулгарч, үр дүнд нь хүнд бэртэлтэй өвчтөн авч явсан түргэний машиныг барьцаанд авна. Гол дүрүүдэд Жейк Жилленхол, Эйза Гонзалес, II Яхья Абдул-Матин нар тогложээ.

5. “The Batman”

Хэзээ: Гуравдугаар сарын 3

Олны дунд маш өндөр хүлээлт үүсгээд буй Брюс Вэйны адармаатай амьдрал, төсөөлшгүй адал явдлын талаар өгүүлэх цоо шинэ бүтээл. Мөн гол дүрийг Роберт Паттинсон бүтээсэн бол Catwoman-ий дүрд Зои Кравиц тоглосон нь орон орны шүтэн бишрэгчдийн хүлээлтийг улам л бадрааж чадсан юм.

6. “Turning Red”

Хэзээ: Гуравдугаар сарын 11

Pixar студийн ээлжит анимейшн кино. 13 настай Мейлин Ли охин шилжилтийн насны асуудлуудтай нүүр тулж байгаа бөгөөд тэрээр сандрах бүрдээ том, улаан, үслэг хулсны баавгай болон хувирдаг. Сонирхолтой нь, тус анимейшнд тоглох дуунуудыг Билли Айлиш өөрийн ах Финнеасын хамтаар бүтээжээ.

7. “Everything Everywhere All at Once”

Хэзээ: Гуравдугаар сарын 25

Шинжлэх ухааны уран зөгнөлт кино. Хятадын цагаач эмэгтэй бусад орчлон ертөнцүүдээр аялж, дэлхийг аврах шаардлагад хүрнэ.

8. “The Lost City”

Хэзээ: Гуравдугаар сарын 25

Адал явдалт комеди жанрын уг кинонд Сандра Буллок, Ченинг Татум, Дэниэл Редклифф зэрэг томоохон уран бүтээлчид нэг дор цугларсан байна. Алдарт цуврал номын зохиолч Лоретта Сейжийг (Сандра Буллок) нэгэн тэрбумтан залуу (Дэниэл Редклифф) хулгайлснаар үйл явдал өрнөнө. 

9. “Morbius”

Хэзээ: Гуравдугаар сарын 31

Жаред Лето эргэн ирлээ! Тэрээр энэ удаад цусны өвчний улмаас цаашид амьдрах найдваргүй болсон эмч Майкл Морбиусын дүрд тоглосон байна. Морбиус сүүлийн боломжоо ашиглан өөр лүүгээ нэгэн хүчтэй бэлдмэл тарьж амьд үлдэх боловч, аажим аажмаар цус сорогч мангас болон хувирна.

10. “Fantastic Beasts: The Secrets of Dumbledore”

Хэзээ: Дөрөвдүгээр сарын 15

Их Британийн алдарт зохиолч Жоан Роулингийн ид шидийн ертөнцийн нэг хэсэг болох "Fantastic Beasts" франчайзын дараагийн анги. Шинэ ангид ид шидийн ертөнцийн амьтан судлаач Ньют Скамандерын шинэ адал явдлын тухай өгүүлэх юм. Тэрээр энэ удаад Альбус Дамблдорын зааврын дагуу хүчирхэг, хорон санаат шидтэн Геллерт Гриндевальдтай тулалдах хүч чадалтай шидтэнүүдийн багийг удирдах шаардлагатай болно.

11. “The Northman”

Хэзээ: Дөрөвдүгээр сарын 28

Александр Скарсгард, Николь Кидман, Итан Хоук, Уиллем Дефо болон Аня Тейлор-Жой нар түүхэн, харгис үйл явдалтай бүтээлд цугларцгаасан байна. Үйл явдалд Исландын ханхүү Амлет хэрхэн өсөж, эцгийнхээ өшөөг авах тухай харуулах болно.

12. “Doctor Strange in the Multiverse of Madness”

Хэзээ: Тавдугаар сарын 5

Бенедикт Камбербэтчийн тоглосон супер шидтэний тухай блокбастер дэлгэцнээ энэ жил эргэн ирэхээр болсон байна. Продюсеруудын хэлснээр энэ бүтээл нь аймшгийн киноны элементтэй анхны Marvel-ын кино болох гэнэ.

13. “Legally Blonde 3”

Хэзээ: Тавдугаар сарын 20

“Legally Blonde” киноны шинэ анги 2020 онд үзэгчдийн хүртээл болох төлөвлөгөөтэй байсан ч цар тахлын улмаас тодорхойгүй хугацаагаар хойшлогдсон юм. Одоогийн байдлаар Variety сэтгүүлийн мэдээллэснээр уг бүтээлийг 2022 оны тавдугаар сард бэлэн болгохоор төлөвлөж байна. 18 жилийн дараа дахин дэлгэцнээ гарах шинэ ангид Эль болон Эммет хоёрын хайр дурлалын роман хэрхэн үргэлжлэх талаар Уизерспун “Тэд хүүхэдтэй болоосой гэж би хүсэж байна. Надад Ризийн жижиг хувилбарыг харна гэдэг маш сонирхолтой байна” гэж хэлсэн бөгөөд “Гуравдугаар ангиас та бүхэн олон төрлийн загварлаг төрхүүд болон феминист үзэл баримтлалуудыг хүлээн аваарай” хэмээн ЕТ сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурджээ.

14. “Elvis”

Хэзээ: Зургаадугаар сарын 3

Домогт хөгжимчин, рок-н-роллын хаан гэгддэг байсан Элвис Преслигийн түүхийг өгүүлэх мьюзикл жанрын кино. Жүжигчдийн бүрэлдэхүүнд Остин Батлер, Том Хэнкс, Оливиа Дежонж, Люк Брэйси нар багтжээ.

15. “Jurassic World: Dominion”

Хэзээ: Зургаадугаар сарын 10

Хүн төрөлхтөн дэлхий дээр өргөн тархсан генийн өөрчлөлттэй үлэг гүрвэлүүдтэй хөл нийцүүлэн амьдрах шаардлагатай нүүр тулгарна.

16. “Lightyear”

Хэзээ: Зургаадугаар сарын 17

Алдарт “Toy Story” анимейшны приквел бүтээл. Энэ удаад эрэлхэг сансрын нисгэгч Базз Лайтерын түүхийг өгүүлнэ.

17. “Minions: The Rise of Gru”

Хэзээ: Долдугаар сарын 1

Бидний хайртай, эгдүү хүргэсэн жижигхэн шар баатрууд маань эргэн ирэх нь ээ! Үйл явдал минионуудын талаар төдийгүй 12 настай Гругийн хүүхэд насны талаар өгүүлэх болно.

18. “Thor: Love and Thunder”

Хэзээ: Долдугаар сарын 7

Торын тухай өгүүлэх дөрөв дэх кинонд Торын найз бүсгүй Жейн Фостер (Натали Портман) гарч ирэх болно.

19. “Bullet Train”

Хэзээ: Долдугаар сарын 14

Японы ижил нэрт романаас сэдэвлэн бүтээсэн уг кинонд Брэд Питт болон Сандра Буллок нар гол дүрүүдийг бүтээжээ. Кинонд алуурчдаар дүүрсэн галт тэргийг харуулах болно.

20. “Spider-Man: Across the Spider-Verse”

Хэзээ: Аравдугаар сарын 7

Супер баатрын талаар өгүүлэх анимейшны үргэлжлэлд Майлз Моралес болон эмэгтэй хүн аалз Гвен Стейси нарыг дахин харуулах болно. Мөн шинэ ангид ирээдүйгээс ирсэн хүн аалз болох Мигель О’Хара гарч ирэх гэнэ.

21. “The Flash”

Хэзээ: Арваннэгдүгээр сарын 4

Манай гарагийн хамгийн хурдтай супер баатар болох Флэшийн талаар өгүүлнэ. Супер баатрын дүрийг Эзра Миллер бүтээх юм.

22. “Black Panther: Wakanda Forever”

Хэзээ: Арваннэгдүгээр сарын 11

Эхний ангид гол баатрын дүрд Чедвик Боузман тоглосон бөгөөд жүжигчин 2020 оны наймдугаар сард бүдүүн гэдэсний хорт хавдрын улмаас таалал төгссөн билээ. Одоогоор гол дүрийн баатрын дүрд хэн тоглох нь тодорхойгүй байгаа юм.

23. “Avatar 2”

Хэзээ: Арванхоёрдугаар сарын 15

Домогт киноны үргэлжлэл энэ оны сүүлээр гарахаар болжээ. Найруулагч Жеймс Камерон үзэгчдийг гайхшруулахын тулд нэлээд хичээх хэрэгтэй болсон гэж кино шүүмжлэгчид үзэж байгаа билээ. Үргэлжлэлийн үйл явдал эхний ангиас 10 жилийн дараа өрнөх болно. Сэм Уортингтон болон Зои Салдана өөрийн дүрүүддээ эргэн ирэх юм.

24. “Aquaman and the Lost Kingdom”

Хэзээ: Арванхоёрдугаар сарын 16

2018 оны сүүлээр нээлтээ хийсэн “Aquaman” киноны үргэлжлэл дөрвөн жил хүлээсний эцэст гарах нь ээ! Дур булаам Жейсон Момоа, Эмбер Хёрд нар өөрсдийн дүрүүддээ эргэн ирэх болно.

25. “Killers of the Flower Moon”

Хэзээ: 2022 он

Домогт найруулагч Мартин Скорсезе шинэ бүтээлдээ Леонардо ДиКаприо, Роберт Де Ниро нарыг оролцуулжээ. Энэхүү киног ижил нэрт романаас сэдэвлэн бүтээсэн бөгөөд үйл явдалд нь цуврал аллагын талаар өгүүлнэ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх