Хайх

Кино, цувралуудын нээлтийн өдөр өөрчлөгдөж байна: “Deadpool 3”, “Dune: Part Two”, “Euphoria” болон бусад

Text: Buro.Mongolia


Холливүүдэд өрнөөд амжсан зохиолч, жүжигчдийн нэгдсэн ажил хаялт дөрвөн сар гаруй үргэлжилсний эцэст саяхан тохиролцоонд хүрч албан ёсоор өндөрлөсөн. Тус маргааны улмаас шагнал гардуулах ёслол болон томоохон үйл ажиллагаанууд хойшилж, кино бүтээлүүдийн зураг авалт зогсонги байдалд ороод байсан билээ. Тэгвэл байдал эргэн хэвийн болсноор уран бүтээлчид кино бүтээх ажилдаа аль хэдийн ханцуй шамлан орсон байна. Ингэснээр хойшлогдоод байсан зарим кино, цувралууд үзэгчдийн хүртээл болоход нэг алхмаар ойртон нээлтийн шинэ огноогоо зарлалаа.


"Challengers"

Тус бүтээлийн нээлтийн тов 2023 оны есдүгээр сарын 15-ны өдөр гэж байсан ч тодорхойгүй хугацаагаар хойшлогдсон. Харин кино багийнхны зүгээс шинэхэн нээлтийн өдрийг 2024 оны дөрөвдүгээр сарын 26-нд хэмээн зарлажээ. “Challengers” бүтээлд жүжигчин Зендея маш амжилттай яваа газрын теннисийн тамирчин Ташигийн дүрийг бүтээж байгаа ба “Call Me By Your Name”, “Bones and All” бүтээлээрээ алдартай Лука Гуаданьино найруулсан кино гэдгээрээ үзэгчдийн дунд хүлээлт үүсгээд байгаа юм.


"Dune: Part Two"

“Dune” бүтээлийн эхний анги 2021 онд цацагдаж кино сонирхогчдын дунд тэсрэлт хийсэн амжилт гаргасан билээ. Цаашлаад хоёрдугаар хэсгийн зураг авалт 2022 оны сүүлээр хийгдэж дууссан гэдгийг кино багаас зарлаж, үзэгчдийн сэтгэлийг гижигдээд амжсан. Гэвч энэ онд үзэгчдийн хүртээл болгохоор төлөвлөгдсөн ч тодорхойгүй хугацаагаар хойшлогдоод байсан тус бүтээл нь 2024 оны гуравдугаар сарын 1-ны өдөр нээлтээ хийхээр болсон гэдгийг кино багаас мэдэгджээ. Кинонд Тимоти Шаламе, Зендея, Флоренс Пью, Остин Батлер, Леа Сейду зэрэг чадварлаг жүжигчид дүр бүтээж байгаа юм.


"Deadpool 3"

Жүжигчин Райан Рейнолдс, Хью Жэкман нарын тоглосон “Deadpool 3” киноны зураг авалт долоодугаар сарын 10-нд эхэлсэн ч зохиолч, жүжигчдийн ажил хаялтаас болж зураг авалтаа шууд зогсоосон. Тэгвэл саяхнаас тэд ажилдаа эргэн орж, кино ирэх оны тавдугаар сарын 3-ны өдөр нээлтээ хийхээр болсон гэдгийг зарлажээ.


"Poor Things"

Оскарын шагналт жүжигчин Эмма Стоуны тоглосон “Poor Things” бүтээл 80 дахь удаагийн Венецийн кино наадмаас “Алтан арслан” хэмээх дээд шагналыг хүртэж, кино шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авч чадсан. Тус бүтээлийн дэлхийн нээлт хойшлогдон ирэх онд цацагдахаар байсан ч энэ оны арванхоёрдугаар сарын 3-ны өдөр болон өөрчлөгджээ. 


"Emily in Paris" дөрөвдүгээр бүлэг

Netflix-ийн хамгийн амжилттай яваа бүтээлүүдийн нэг болох “Emily in Paris” цувралын дөрөвдүгээр бүлэг цацагдахаар болсон тухай баярт мэдээг өнгөрөгч зургаадугаар сард бидэнд дуулгасан. Тэгвэл Netflix-ээс 2024 оны нэгдүгээр сарын 15-нд шинэхэн бүлгийн зураг авалт Франц болон Итали улсад эхлэхэд бэлэн болсон гэдгийг мэдэгджээ. Одоогоор цуврал цацагдах өдрийн тов зарлагдаагүй байгаа юм.


"Euphoria" гуравдугаар бүлэг

Зохиолч, жүжигчдийн ажил хаялтын улмаас, мөн найруулагч Сэм Левинсон "The Idol" цуврал дээр ажиллаж байгаагаас шалтгаалан гуравдугаар бүлэг 2025 оноос нааш цацагдахгүй болохыг HBO сувгийн ерөнхий захирал Кейси Блойс мэдэгдээд байсан. Тэгвэл ажил хаялтын асуудал шийдэгдэж, мөн “The Idol"-ын эхний бүлэг цацагдсан даруйдаа цуцлагдсантай холбогдон "Euphoria"-гийн зүгээс дараагийн бүлгийн зохиолын ажилдаа орсон байгаагаа дуулгалаа. Ингэхдээ зураг авалт ирэх оны зургаадугаар сард Лос-Анжелес хотод эхлэх төлөвтэй байгаа гэнэ.


Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх