Хайх

Яг одоо үз: Монголын талаар харуулах “Strong Girl Nam-soon” цуврал

Яг одоо үз: Монголын талаар харуулах “Strong Girl Nam-soon” цуврал

Text: Э.Цовоо


Хоттой хониноос юу ч болоогүй юм шиг хоёрыг сугалаад үүрчихдэг, Монголын хүчит баатрыг нэгхэн хуруугаараа няслаад хорин бээрийн газар шидчихдэг гайхам хүчтэй Ган Нам Сүн охины тухай өгүүлэх “Strong Girl Nam-soon” яг одоо Netflix дээр хамгийн эрэлттэй байгаа англи хэл дээрх бус цувралын нэг болж байна. Тус цуврал нь Монголд зарим зураг авалтуудаа хийсэн бөгөөд киноны туршид манай улсын талаар дурдаж дуу хөгжим, идээ ундаа, өв соёлыг дэлгэрүүлэн харуулж өгчээ.


Үйл явдалд юу гарах вэ?

Цувралын хувьд гол дүрийн бүсгүй Ган Нам Сүн бага байхдаа аавтайгаа хамт Монгол орны хөдөө нутгаар аялж байгаад золгүй байдлаар төөрч байгаагаар эхэлнэ. Ийнхүү охиныг сайхан сэтгэлт монгол хосууд олж, бурхнаас ирсэн бэлэг хэмээн Цэцэг гэх нэрийг хайрлаж, өөрсдийн охин болгон өсгөхөөр шийднэ. Удахгүй охин том болж төрсөн эцэг, эхээ хайхаар Солонгос улсыг зорьж буйгаар үйл явдал өрнөнө.

Яг одоо үз: Монголын талаар харуулах “Strong Girl Nam-soon” цуврал (фото 1)

Жүжигчин Ц.Цэрэнболд болон Б.Батсумьяа

Цувралын туслах дүрд жүжигчин Ц.Цэрэнболд болон Б.Батсумьяа нар тоглосон. Тэд Ган Нам Сүнийг өргөж авсан эцэг эхийн дүрийг бүтээсэн бөгөөд Asianwiki хэмээх Ази кино, бүтээлийн талаарх цогц мэдээлэл оруулдаг вэбсайт дээр хоёр жүжигчний танилцуулга нэмэгдсэн байв. Олон улсын үзэгчид тэдний жүжиглэлтийг магтаж, "өөр олон цуврал бүтээлээс хармаар байна" хэмээн сэтгэгдлээ илэрхийлсэн байлаа.

Яг одоо үз: Монголын талаар харуулах “Strong Girl Nam-soon” цуврал (фото 2)

Монгол орны соёл болон байгаль

Тус цуврал дээр манай орны шөнийн тэнгэрт гялалзах одод, уужим цэлгэр тал, уул ус зэргийг үзэсгэлэнтэйгээр тусгаж өгчээ. Мөн Монголчууд мал амьтдад ялангуяа мориндоо маш хүндэтгэлтэй ханддаг талаар, Монгол хүмүүсийг "бүргэдийн хараатай" хэмээн тодотгож холоос ирж буй хүнийг ямар ч саад тотгоргүйгээр олж харж байгаа зэргийг харуулсан олон жижиг деталийг цувралд нэмж өгсөн байлаа. 

Сонирхуулахад киноны зарим хэсэг дээр Ган Нам Сүн монгол хэлээр ярьж, монгол дуу дуулан, бие биелгээг хүртэл чадварлагаар хийж байгаагаар гардаг. Түүнчлэн түүний хамгийн дуртай хоол нь хорхог бөгөөд хуушуур, бууз, цуйван, сүүтэй цай, монгол архи зэргийг Солонгост очсон ч хайж олж, задгай талбайд гэр барьж амьдарч байгааг харуулсан нь киног илүү хөгжилтэй, бодитой болгож өгч байв.


Хүчит бүсгүй Цэцэг буюу жүжигчин И Юү Ми

“Squid Game” цувралд туслах дүр бүтээснийхээ дараагаар залуу жүжигчин И Юү Мигийн нэр хүнд маш хурдацтай өсөж томоохон кино бүтээлүүдэд харагдах болсон. Тэрээр ярилцлагынхаа үеэр Монголд авсан зураг авалтууд нь маш сонирхолтой, дурсамжтай байсан талаараа дурдсан бөгөөд TikTok платформ дээр “Lee Yoo Mi speaking Mongolia” гэх хэштег тренд болоод байгаа юм. Тэр дундаас түүний хайртай залуудаа Монгол хэлээр сэтгэлээ илчилж буй хэсэг хамгийн их хандалтыг аваад байгаа бөгөөд “Монгол маягаар хайраа илэрхийлэх нь” хэмээх хошигнол хүртэл гараад амжсан гэнэ. Юү Мигийн хөгжилтэй, гэнэн цайлан дүр үзэгчдэд маш их таалагдаж байгаа учир ирээдүйд бид түүнийг өөр олон бүтээлээс харах биз ээ.

Яг одоо үз: Монголын талаар харуулах “Strong Girl Nam-soon” цуврал (фото 3)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх