Хайх

Оскарын кино наадамд хэн нэр дэвшиж, түрүүлэх вэ?

Оскарын кино наадамд хэн нэр дэвшиж, түрүүлэх вэ?

Эцсийн таамаг

Text: Х.Батсүх


Нэгэнт Оскарын 88 дах удаагийн шагнал гардуулах ёслолд өрсөлдөх кинонууд дэлгэцэнд гарсан тул гол зургаан тѳрөлд хэн, хэн нэр дэвшиж, ялах магадлалтай тухай дахин нэг таамаглал дэвшүүлцгээе

Өнгөрсөн 2015 оны Оскарын наадам халуухан байсантай мөн адил 2016 оны Оскарт ч гэсэн тун ширүүн ѳрсѳлдѳѳн үүсэх нь. Киноны агуулга, чанар, үзэгчдийн хандлагыг хамтад нь харьцуулан харах юм бол "Spotlight" кино хамгийн олон тѳрѳлд нэр дэвшиж, харин Леонардо ДиКаприо тайзнаа хэлэх ѳѳрийн үгээ аль хэдийнэ бэлдээд эхэлсэн биз. Ингээд Бюро 24/7-гийн зүгээс дэвшүүлж буй Оскарын бүрэн хэмжээний таамагтай танилцана уу.

Шилдэг кино (Best Picture)

Оскарын Шилдэг кино тѳрѳлд нэр дэвших үйл явцад бага зэрэг ѳѳрчлѳлт ороод дөрвөн жил болж байна. Шинэ дүрмийн ачаар энэ төрөлд  5-10 кино нэр дэвших боломж нээж ѳгсѳн бѳгѳѳд ѳнгѳрсѳн жил гэхэд найман кино өрсөлдөж байлаа. Тэгэхээр бид дор хаяж долоон кино нэрлэх ёстой. Ер нь ѳрсѳлдѳѳн маш ширүүн болох болно. Энэ тѳрѳлд шууд нэр дэвшиж чадна гэж амлаж чадах ганц кино байгаа нь "Spotlight". Үүнээс гадна хүчтэй ѳрсѳлдѳѳн үзүүлэх кинонуудад "The Big Short", "The Martian", "Bridge Of Spies", "Carol" мѳн "Mad Max: Fury Road" зэрэг бүтээлүүдийг нэрлье. Сүүлийн 12 жилд 11 Шилдэг киноны шагналыг авсан Fox Searchlight компани энэ жил харин уг тѳрѳлд чимээгүй ѳнжих бололтой. Тэд 2015 онд "Youth", "Far From the Madding Crowd" гэсэн хоёр ч сайн кино гаргасан. Гэхдээ л шилдэг кино тѳрѳлд эдгээр кино багтах боломж тун бага байна. "Mad Max", "The Martian" зэрэг блокбастер кинонууд ѳндѳр үнэлгээтэй байгааг анзаарах юм бол саяхан нээлтээ хийсэн, ид халуун дээрээ байгаа "Star Wars" киноны шинэ анги нэр дэвших боломжтой байгаа. Гэхдээ ердѳѳ л боломж шүү. Харин илүү бодитойгоор харах юм бол гол ѳрсѳлдѳѳнд орох ѳндөр боломжтой ѳѳр нэг кино бол "Sicario" байх болно.

Нэр дэвших ѳндѳр магадлалтай:

Spotlight
Carol
Sicario
Bridge of Spies
The Martian
Mad Max: Fury road
Brooklyn
The Big Short

Боломжит: Room, Trumbo, Inside Out, Straight Outta Compton

Ялагч: Spotlight

Оскарын кино наадамд хэн нэр дэвшиж, түрүүлэх вэ? (фото 1)

Шилдэг найруулагч

Энэ тѳрлийн таван нэр дэвшигчийн гурав нь бараг тодорхой болсон. "Mad Max", "The Martian" кинонууд Шилдэг киноны тѳрлийн гадна үлдэх боломж байгаа. Гэхдээ Шилдэг найруулагчийн тѳрѳлд бол хоёулаа гол ѳрсѳлдѳгчид байх болно. Жорж Миллер, Ридли Скотт нарын хэн, хэн нь нэр хүндтэй шилдэг найруулагчид. Мѳн Том МакКарти "Spotlight" киногоороо хүчтэй байр суурь эзлэнэ. Харин нэр дэвших үлдсэн хоёр дараалалд дөрвөн найруулагчийг нэрлэх ёстой байх. Үүнд "The Big Short" киногоор Адам МакКей, "The Revenant"-ын Алехандро Гонсалес Иньярриту, "Carol"-ын Тодд Хейнс болон  "Sicario" киногоороо Дени Вильнёв ѳрсѳлдѳх болно.

Нэр дэвшигчид:

Том МакКарти "Spotlight"
Жорж Миллер "Mad Max: Fury Road"
Ридли Скотт "The Martian"
Алехандро Гонсалес Иньярриту "The Revenant"
Адам МакКей "The Big Short"

Ялагч: Том МакКарти

Оскарын кино наадамд хэн нэр дэвшиж, түрүүлэх вэ? (фото 2)

Шилдэг эрэгтэй гол дүрийн жүжигчин

Лео ялах уу? Нэр дэвшигчид хараахан тодроогүй байгаа ч Лео ямар ч байсан энэ тѳрѳлд хамгийн хүчтэй ѳрсѳлдѳгч. Алтан бѳмбѳрцѳгт ялаад байгаа Леогоос гадна Майкл Фассбендер "Steve Jobs" киноны гол дүрээрээ шууд ѳрсѳлдѳѳнд орох байх. Хэдийгээр киноны амжилт тун тааруу байгаа ч жүжигчдийн баг, тоглолтын чадвар "Steve Jobs" киног үнэхээр чимсэн. Нэр дэвших ѳрсѳлдѳѳний үлдсэн гурван дарааллын тѳлѳѳ дараах таван жүжигчин ѳрсѳлдѳх болно. Брайн Кранстон "Trumbo", Мэтт Дэймон "The Martian", Maйкл Кейн "Youth", Эдди Редмэйн "The Danish Girl", Жони Депп "Black Mass"-д бүтээсэн дүрүүдээрээ тус тус нэр дэвших магадлалтай.

Олон ангит киноны дундаж жүжигчнээс дэлхийн хамгийн шилдэг жүжигчин хүртэл ѳѳрийгѳѳ таниулж чадсан, ѳдгѳѳ 59 настай Брайн Кранстонд тусгайлан баяр хүргэмээр байна. "Breaking Bad" цуврал кинонд бүтээсэн дүрээрээ ѳѳрийгѳѳ батлаж чадсан тэрбээр Оскарын тѳлѳѳх ѳрсѳлдѳѳнд энэ жил зогсоно. Оны ѳмнѳх таамаглалд би Эдди Редмэйныг энэ тѳрѳлд ялах магадлал Леотой тэнцүү гэж дүгнэж байсан. Редмэйн ч дүрдээ гайхалтай хувирсан ч гэлээ түүнийг шилдэгийн ѳрсѳлдѳѳнѳѳс хойш татаж байгаа ганц зүйл гэвэл киноны зохиолчид юм. Тэд киног бүтээхдээ гол дүрээ илэрхийлэх, дүрдээ зориулсан ганц ч олигтой диалог ѳгсѳнгүй.

Нэр дэвшигчид:

Леонардо ДиКаприо
Майкл Фассбендер
Мэтт Дэймон
Эдди Редмэйн
Брайн Кранстон

Ялагч: Леонардо Дикаприо

Оскарын кино наадамд хэн нэр дэвшиж, түрүүлэх вэ? (фото 3)

Шилдэг эмэгтэй гол дүрийн жүжигчин

Таван нэр дэвшигчийг нэрлэхэд хамгийн ярвигтай тѳрѳл бол яах аргагүй Шилдэг эмэгтэй гол дүр. Асуудал нь Руни Марагийн "Carol" болон Алисия Викандерийн "The Danish Girl" кинонууд юм. "Шүүмжлэгчдийн сонголт", "Дэлгэцийн уран бүтээлчдийн наадам"-уудад эдгээр жүжигчид шилдэг туслах дүрд нэр дэвшсэн бол сая болж ѳнгѳрсѳн Алтан бѳмбѳрцѳг наадамд шилдэг гол дүрд нэр дэвшицгээсэн. Гэхдээ ѳрсѳлдѳѳн харьцангуй энгийн байх болов уу. Учир нь шилдэг эмэгтэй гол дүрийн тѳрѳлд "Room" киноны Бри Ларсон  болон "Brooklyn"-ы Саорс Ронан нарын хооронд өрсөлдөөн ѳрнѳх болно. Алтан бѳмбѳрцѳгт бол Бри Ларсон түрүүлээд байгаа. Одоо ганц зогсоол үлдсэн нь Оскар. Үлдсэн гурван байранд Кейт Бланшетт, Алисия Викандер, Женифер Лоуренс, Шарлот Рамплин нараас нэрлэгдэх байх.

Нэр дэвшигчид:

Бри Ларсон
Саорс Ронан
Женифер Лоуренс
Шарлот Рамплин
Кейт Бланшетт

Ялагч: Бри Ларсон

Оскарын кино наадамд хэн нэр дэвшиж, түрүүлэх вэ? (фото 4)

Шилдэг эрэгтэй туслах дүрийн жүжигчин

Шилдэг эрэгтэй туслах дүрд нэрлэгдэж болох 10 жүжигчин байгаа нь Оскарын хамгийн хүчтэй ѳрсѳлдѳѳнтэй тѳрѳл болж байна. Эхнээс нь хамтдаа харцгаая. "Spotlight", "The Big Short" кинонуудаас сонголт хийх тун хэцүү. Өндѳр үнэтэй шилдэг жүжигчдийн багаар бүрдсэн энэ хоёр кино уг тѳрлийн ѳрсѳлдѳѳнийг маш ширүүн болгосон. Их зардлаар бүтээж, олон кино театрт гаргаагүй ч Пол Даногийн "Love & Mercy", Майкл Шенноны "99 Homes" кинонд бүтээсэн дүрүүд үзэгчид тѳдийгүй, шүүмжлэгчдээс асар ѳндѳр үнэлгээг хүртээд байгаа. Дээр нь Сильвестр Сталлоне ѳѳрийн алдарт "Rocky" цувралын шинэ анги "Creed"-д бүтээсэн дүрийг бүгд магтаж байна. Шилдэг гол дүрийн шагнал авах хамгийн ѳндѳр боломжтой байгаа "The Revenant", "Room" кинонуудын туслах дүрүүдэд ч бас боломж байна. Мөн хамгийн анхны ѳнгѳт арьст Жеймс Бондын дүр бүтээж магадгүй тухай яригдаж байгаа Идрис Эльба ч шилдэг байсан. "Traffic" киногоороо 2000 онд "нурааж" байсан алдарт жүжигчин Бенисио Дел Торо ч бас Оскарт эргэн ирэхийг хүсэж байна. Хэлэхэд үнэхээр хэцүү юм. Тиймээс жагсаалтыг хоёр хүснэгтээр гаргалаа.

Нэр дэвшигчид:

Кристиан Бэйл "The Big Short"
Марк Руффало "Spotlight"
Бэнисио Дел Торо "Sicario"
Идрис Эльба "Beasts of No Nation"
Сильвестр Сталлоне "Creed"

Боломжит:

Пол Дано "Love & Mercy"
Том Харди "The Revenant"
Майкл Шеннон "99 Homes"
Жэйкоб Трембли "Room"
Марк Риланс "Bridge of Spies"

Ялагч: Бенисио Дел Торо

Оскарын кино наадамд хэн нэр дэвшиж, түрүүлэх вэ? (фото 5)

Шилдэг эмэгтэй туслах дүрийн жүжигчин

Энэ төрөлд хоёр янзын боломж байгаа. Хэрэв Руни Мара болон Алисия Викандер нар гол дүрд нэр дэвшихгүй бол энэ тѳрѳлд хамгийн гол жүжигчин Кэйт Уинслет болж үлдэнэ. Харин эсрэгээрээ Руни Мара болон Алисия Викандер нар туслах дүрд нэр дэвшвэл ѳрсѳлдѳѳн илүү сонирхолтой болно. Ер нь дээрх гурван жүжигчнээс нэг нь шилдэг эмэгтэй туслах дүрээр тодрох байх. Эдгээр бүсгүйчүүд дээр нэмэгдэж болох хэд хэдэн жүжигчид байгаа ч тэд ѳрсѳлдѳѳнд оролцоход хэцүү л байх болов уу!

Нэр дэвшигчид:

Кэйт Уинслет "Steve Jobs"
Алисия Викандер "The Danish Girl"
Руни Мара "Carol"
Рейчл МакАдамс "Spotligh"
Жейн Фонда "Youth"

Боломжит:

Хелен Миррен "Trumbo"
Женифер Жэйсон Лэй "The Hateful Eight"

Ялагч: Кэйт Уинслет

Оскарын кино наадамд хэн нэр дэвшиж, түрүүлэх вэ? (фото 6)

 

цааш үзэх