Хайх

Валентины баяраар Netflix-с үзэх шилдэг романтик инээдмийн кинонууд

Валентины баяраар Netflix-с үзэх шилдэг романтик инээдмийн кинонууд

Хосуудын төлөвлөгөө: Хайрттайгаа бүхэл өдрийн турш Netflix-р кино үзээрэй!

Text: Buro.Mongolia


2021 оны Гэгээн Валентины өдрийг бид бүгд карантинд өнгөрөөх учраас дурлалт хосууд ресторанд хооллож, театрт кино үзэж, гадуур болзоонд явахын оронд гэртээ амтат хоолоо бэлтгэн, буйдан дээрээ тухлан, хамтдаа романтик кинонууд үзэж хайраа тэмдэглэх нь. Тиймээс онцгой өдөртөө зориулан эртнээс төлөвлөгөөгөө зохиож, үзэх киноныхоо жагсаалтыг гаргацгаая.

Бид хосуудад зориулан хайр дурлал, харилцаа, нөхөрлөлийн сэдэвтэй, Netflix-с үзэж болох шилдэг романтик инээдмийн кинонуудыг цуглууллаа.

"Always Be My Maybe"

Эли Вонг, Рэндалл Парк, Киану Ривз нарын тоглосон энэхүү романтик инээдмийн кино таныг огтхон ч уйдаахгүй гэдэгт итгэлтэй байж болно. Үйл явдалд уулзалдаагүй 15 жил болсон багын найзууд санамсаргүй байдлаар тааралдсанаар тэдний дунд хайрын оч үсэрнэ. Гэвч тэд хоорондоо тэс ондоо хүмүүс тул бие, биеийнхээ ертөнцөд дасан зохицох гэж хичээх ба энэ явцдаа олон хөгтэй явдалтай учирна.

"What Men Want"

Бүсгүйчүүдийн "бодлыг уншдаг" супер чадвартай залуугийн тухай өгүүлдэг "What Women Want" киног санаж байна уу? Тэгвэл энэхүү хувилбарт Мел Гибсоны оронд Таражи П. Хенсон байх бөгөөд тэрээр нэгэн ослын дараа гэнэт л эрчүүдийн бодлыг сонсож чаддаг супер хүчтэй болдог. Харин энэ нь түүний амьдралд хэрхэн нөлөөлөх бол?

"To All the Boys I've Loved Before"

Зохиолч Женни Ханы бичсэн "To All the Boys I've Loved Before" нэртэй, гурван боть бестселлер номоос сэдэвлэн бүтээгдсэн романтик инээдмийн кино. Үйл явдалд ахлах ангийн сурагч Лара Жин өөрийн таалагддаг таван хөвгүүндээ захидал бичин нуудаг боловч, санамсаргүй тохиолдлоор захидлууд нь бүгд эзэндээ хүрч, түүний нууц ил болдог. Киноны гол дүрд Лара Кондор, Ноа Сентинео, Израэль Бруссар зэрэг шинэ үеийн залуу жүжигчид тоглосон байгаа.

"The Lovebirds"

Үргэлж хэрүүл маргаан хийдэг нэгэн хос салахын даваан дээр аймшигт гэмт хэргийн гэрч болсноор адал явдал эхэлнэ. Хэн ч тэдний харсан зүйлд итгэхгүй хэмээн бодсон хосууд гэмт хэрэгтнийг өөрсдөө хайж олохоор шийддэг. Гол дүрд Кумэйл Нанжиани, Исса Рэй нар тоглосон байгаа. Гэмт хэрэг, адал явдал, романтик харилцаа, хөгжилтэй үйл явдлуудаар дүүрэн энэхүү киног дурлалт хосуудын өдрөөр үзэхэд тун тохиромжтой.

"About Time"

Тим Лейк гэр бүлийнхээ бүх эрчүүдийн адилаар цаг хугацаагаар аялах чадвартай. Тэрээр өөрийн чадвараа олж мэдмэгцээ амьдралаа өөрчилж, мөрөөдлийн бүсгүйгээ өөрийн болгохоор өнгөрсөнд очно. Домнал Глисон, Рэйчел Маккадамс нарын тоглосон уг бүтээл таныг инээлгэж, уйлуулж, мөн хамгийн гол нь хувь тавилан, хайр дурлалын тухай бодолд автуулна.

"Bridesmaids"

Хэрвээ та Валентины баярыг найзуудтайгаа эсвэл гэртээ ганцаараа өнгөрөөж байгаа бол эсвэл хэт романтик зүйлс таныг залхаадаг бол энэ киног заавал үзээрэй. Кинонд Энни гэх ганц бие эмэгтэй хамгийн сайн найзынхаа хуримын гэрчийн үүргийг гүйцэтгэх хэрэг гардаг. Улмаар тэр бэрийн бусад найз бүсгүйчүүдийн нэгтэй нь муудалцаж, эмх замбараагүй байдал үүсгэж, найзынхаа хуримыг золтой л бусниулдаггүй. Эмэгтэйчүүдийн нөхөрлөлийн тухай элэг хөшөөм түүхийг харуулдаг энэхүү кино Валентины баярын хөнгөн гунигийг ор мөргүй арилгах болно.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх