Хайх

Яагаад бид өмнө нь үзсэн киногоо дахин дахин үздэг вэ?

Яагаад бид өмнө нь үзсэн киногоо дахин дахин үздэг вэ?

Text: Э.Цовоо


Их ажлын дараа, сэтгэл санаа тогтворгүй үед, эсвэл юу ч бодмооргүй санагдах мөчид бид шинэ кино хайхаас илүүтэй өмнө нь үзэж байсан киногоо дахин эхлүүлэх нь олонтоо. Үйл явдал нь ойлгомжтой, дүрүүд нь танил, төгсгөл нь аль хэдийн тодорхой. Олон улсын судалгаанд ийм төрлийн киног comfort movie гэж нэрлэдэг ба монголоор хэлбэл энэ нь сэтгэл тайвшруулдаг, танил, дотно кино гэж тодорхойлж болох юм.

Сэтгэлзүй болон хэрэглэгчийн зан төлөв судалдаг эрдэмтэд хүмүүс яагаад нэг контентыг дахин дахин үздэгийг тайлбарлахдаа “давтан мэдрэх зан үйл” гэдэг ойлголтыг ашигладаг. Journal of Consumer Research-д нийтлэгдсэн судалгаанд хүмүүс шинэ туршлагаас илүүтэй аль хэдийн мэддэг зүйлээ хийх, сонгох нь эрсдэлээс зайлсхийх, сэтгэлзүйн ачааллаа багасгах хэрэгцээтэй холбоотой гэж тайлбарласан байдаг. Шинэ кино үзэх бүрд тархи үйл явдлыг таах, дүрүүдэд дүгнэлт өгөх, төгсгөлийг нь төсөөлөх гэх мэт олон даалгавар гүйцэтгэдэг бол өмнө нь үзсэн киногоо давтан үзэх үед энэ ачаалал багасаж тархи “аюулгүй” горимд шилждэг аж.

Яагаад бид өмнө нь үзсэн киногоо дахин дахин үздэг вэ? (фото 1)
Friends (TV Series 1994-2004)

Жишээлбэл Америк, Европын сэтгэлзүйчдийн хийсэн хэд хэдэн туршилтад стресс, түгшүүр өндөртэй орчинд байгаа хүмүүст өмнө нь үзэж байсан кино, цувралыг нь үзүүлэхэд тэдний түгшүүрийн түвшин буурч, сэтгэл санаа нь тогтворжиж байгааг тодорхойлсон байдаг. Судлаачид үүнийг кино өөрөө эмчилгээ болдогтой холбохоос илүүтэй, тархи танил, урьдчилан таамаглах боломжтой орчныг аюулгүй гэж хүлээж авсантай холбоотой гэж тайлбарлажээ. Өөрөөр хэлбэл comfort movie-гээ үзэх нь бидний сэтгэл санааг “засах” нэг төрлийн стратеги гэж хэлж болох юм.

Яагаад бид өмнө нь үзсэн киногоо дахин дахин үздэг вэ? (фото 2)
Breakfast at Tiffany's (1961)

Мөн энд nostalgia буюу өнгөрснийг эргэн санагалзах мэдрэмж онцгой байр суурь эзэлнэ. Routledge, Sedikides нарын хийсэн судалгаанд өнгөрснөө эргэн дурсах нь гунигтай мэдрэмж бус, харин амьдрал утгатай санагдах, өөрийгөө хүн гэж мэдрэх, ганцаардлыг багасгах сэтгэлзүйн нөөц гэж тодорхойлсон байдаг. Иймд хэзээд үзсэн гоё санагддаг бүтээлүүд ихэвчлэн бидний хүүхэд нас, өсвөр үе, эсвэл амьдрал харьцангуй тайван байсан үетэй холбоотой байдаг нь санамсаргүй зүйл биш аж. Жишээ нь Home Alone киног дахин үзэхэд зүгээр нэг зул сарын инээдмийн кино хараад суухгүй, харин гэр бүл, амралт, сэтгэлд хоногшсон дулаан уур амьсгал агуулсан, нэг тийм дулаан мэдрэмж төрдөг.

Түүнчлэн нэг сонирхолтой баримтыг дурдахад нэг киног олон удаа үзэх тусам уйдах бус, харин өөр өнцгөөс харж эхэлдэг. Анх үзэхэд үйл явдлын өрнөл чухал байсан бол дараагийн удаад диалогийн нарийн утга, дүрүүдийн зан чанар, хөгжмийн сонголт, кадрын өнгө, ритм илүү сайн мэдрэгддэг билээ.

Яагаад бид өмнө нь үзсэн киногоо дахин дахин үздэг вэ? (фото 3)
Home Alone (1990)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх