Бид яагаад киноны happy ending-д итгэхээ больсон бэ?
Нэгэн цагт дэлгэцээр гардаг хайрын түүхүүд бараг бүгд аз жаргалтай төгсгөлтэй байлаа. Хайр заавал тэсвэрлэж, заавал шалгуур давж, эцэст нь ялалтаар шагнагдана. Дурласан бол дуугүй тэснэ. Хэрвээ холдвол хувь тавилан заавал дахин уулзуулна. Салсан ч жинхэнэ хайр бол заавал ялж, хамт үлдэнэ… гээд ийм өгүүлэмжүүд романтик, сайхан мэт боловч бодит амьдралд чимээгүй дарамт болон шингэдэг. Учир нь бодит амьдрал дээр хайртайгаа үл ойлголцох, ядрах, буруу цагтаа таарах үед “бид хангалттай хичээгээгүй юм болов уу?”, “жинхэнэ хайр байсан бол ингэж дуусах ёсгүй байсан” гэх гэмшил өөрийн эрхгүй төрдөг. Ялангуяа K-драмуудын бүтээсэн төгс хайрын ертөнц энэ хүлээлтийг улам баталгаажуулж ирсэн. Тэд бидэнд найдвар өгдөг атлаа, нөгөө талаас хайр заавал ялалтаар шагнагдах ёстой гэсэн далд итгэлийг үе үеийн үзэгчдэд суулгасаар иржээ.
Гэтэл бодит амьдрал дээр бүх хайр ингэж тэсвэрлэж, ялалтаар дуусдаггүй. Харин сүүлийн үед үүнийг кинонууд илэн далангүй харуулж эхэлжээ. Киноны сүүлийн кадр дээр хэн ч хэн рүүгээ гүйхээ больж, хэн ч “бид хамтдаа бүхнийг давна” гэж амлахгүй. Үзэгчид ч үүнд бухимдахгүй. Харин ч эсрэгээрээ, ингэж л бодит амьдрал төгсдөг гэдгийг хүлээн зөвшөөрдөг болсон. Blue Valentine бидэнд хайр хэрхэн эхэлдгийг бус, харин хэрхэн аажмаар элэгдэж, хайртай хүн танихгүй мэт болдгийг харуулдаг. Энэ бол бидний мэддэг, өөрсдийн туулж үзсэн бодит байдал. Ийм үед happy ending гэдэг ойлголт худал болж, харин реализм гэдэг сэтгэлийг өвтгөдөг ч үнэн зүйл болон үлддэг. “Ийнхүү тэд амар сайхан даа жаргажээ” гэх өгүүлбэрээс илүүтэйгээр “тэд салсны дараа юу болсон бэ?” гэдэг асуулт орчин үеийн киноны гол сэдэв болсон гэж хэлж болох юм. Marriage Story салалтын тухай кино мэт боловч үнэндээ дурлал нь мөхөөгүй ч хамт байх боломжгүй болсон хоёр хүний тухай өгүүлдэг. Энд хэн нь ч буруугүй. Зүгээр л хайр ганцаараа хангалтгүй байдаг бодит үнэнийг харуулна. Үүнтэй адил Past Lives ч ялалт, ялагдалгүй түүх. Бүх хайр хамт үлдэх хувьтай биш гэдгийг тайвнаар, гоёмсгоор хүлээн зөвшөөрүүлдэг.

Эдгээр бүтээлүүдийн нийтлэг шинж нь хайр бүтэлгүйтсэнийг бус, харин хайр дууссан ч худал байгаагүй гэдгийг баталдагт оршино. Нэг ёсондоо аз жаргалтай төгсгөлгүй ч амьдралд ойр, гунигтай ч хуурамч биш түүхүүд. Орчин үеийн кино “бүгд сайхан болно” гэж амлахын оронд “амьдрал үнэхээр ийм л байдаг” гэдгийг чимээгүйхэн хүлээн зөвшөөрүүлдэг болсон нь авууштай. Үүнд өнөөдрийн хүмүүс хоорондын харилцааны өөрчлөлт ч нөлөөлж буй. Болзооны аппликейшн, харилцааны хэв маяг, хувийн хил хязгаар, хайрын хэл гэх ойлголтууд хайр дурлалын өдөр тутмын хэллэг болж, хайр аяндаа урсах мэдрэмжээс илүүтэйгээр ухамсартайгаар удирдах ёстой процесс мэт зүйл болж. Хайр гэдэг зөвхөн догдлол, таталцал байхаа больж, өөрийгөө таних, өөрийгөө хамгаалах, нөгөө хүний хил хязгаарыг хүндэтгэх нарийн тэнцвэртэй зүйл болсон. Ингэснээр бид илүү ухаалаг болсон байж магадгүй. Гэхдээ үүнийхээ хэрээр илүү эмзэг, илүү эргэлзээтэй болсон нь ч үнэн. Normal People цувралын баатрууд бие биедээ үнэхээр хайртай атлаа байнга нэгнээсээ зөрнө, дуугүй үлдэнэ, буруу цаг хугацаанд нэгнийгээ алдана. Тэдний харилцаа сүйрдэг гол шалтгаан нь хайр байхгүйдээ бус, харин хэт их бодол, өөрийгөө хамгаалах оролдлого хэтэрснээс хамт байх чадвар нь дутсанд оршдог. Товчхондоо хайр нь байдаг ч, харин хамт байх нь хэцүү.

Ирээдүйд ч романтик кинонууд бидэнд хэт бодит бус хайрын түүх амлахын оронд, хайр хэрхэн өөрчлөгдөж, хүмүүс яагаад салж, яагаад дутуу үлддэгийг илүү олон өнцгөөс харуулах магадлалтай. Аз жаргалтай төгсгөлөөс илүүтэйгээр үнэн мэдрэмж, бодит сонголтуудыг өгүүлдэг кинонууд л бидний итгэлийг хадгалж үлдэх болов уу. Гэхдээ хааяа нэг бүх зүйл сайхан төгсдөг кинонд итгэж, хоёр цагийн турш тайвшрах нь бидэнд хэрэгтэй хэвээрээ л байна.