Хайх

Үзэгчдийн сонголт: IMDb  2020 оны шилдэг 10 цувралыг нэрлэлээ

Үзэгчдийн сонголт: IMDb 2020 оны шилдэг 10 цувралыг нэрлэлээ

"The Witcher", "The Queen's Gambit", "The Crown" болон бусад

Text: Buro.Mongolia


Зураг:

Жил бүрийн эцэст дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болон платформууд өнгөрч буй оноо дүгнэн салбар, салбарын шилдгийн шилдгүүдийг тодруулдаг уламжлалтай. Тэгвэл кино урлагийн хамгийн нөлөө бүхий эх сурвалжуудын нэг болох IMDb 2020 оны шилдэг цувралуудыг жагсаасан байна. Тэд бүтээлүүдийг шалгаруулахдаа кино шүүмжлэгчдийн үнэлгээг харгалзалгүй вебсайтын хэрэглэгчдийн хамгийн их үзсэн цувралуудыг сонгон жагсаалт гаргажээ.

10. "The Crown"

Үзэгчдийн сонголт: IMDb  2020 оны шилдэг 10 цувралыг нэрлэлээ (фото 1)

Netflix-ийн алдарт "The Crown" цувралын дөрөвдүгээр улирал нь арваннэгдүгээр сард цацагдсан даруйдаа IMDb-гийн MOVIEmeter рейтингийг тэргүүлж эхэлснээр уг жагсаалтын 10-р байранд жагслаа. Их Британийн хатан хааны гэр бүлийн тухай өгүүлдэг тус цувралын шинэ улирлын үйл явдал 1970-аад онд өрнөж, Маргарет Тэтчер, Диана гүнж зэрэг түүхэн хүмүүс гарч, хатан хааны гэр бүлийн дотоод амьдралаас эхлээд тухайн үеийн улс төрийн нөхцөл байдал гээд олон сонирхолтой үйл явдлууд үзэгдэнэ.

9. "The Witcher"

Үзэгчдийн сонголт: IMDb  2020 оны шилдэг 10 цувралыг нэрлэлээ (фото 2)

Польшийн зохиолч Анжей Сапковскийн алдарт уран зөгнөлт зохиолоос сэдэвлэсэн энэхүү цуврал нь Netflix дээр нээлтээ хийснээс хойш MOVIEmeter рейтингийн шилдэг 10 жагсаалтыг долоон долоо хоногийн турш тэргүүлсэн юм. Үйл явдалд Жеральт гэх мангасуудын ангуучийн адал явдлыг харуулна. Харин түүний дүрд Английн жүжигчин Хенри Кавилл тоглосон байгаа. Нийт найман ангиас бүрдэх цувралын хоёрдугаар улирал 2021 онд цацагдах болно.

8. "Westworld"

Үзэгчдийн сонголт: IMDb  2020 оны шилдэг 10 цувралыг нэрлэлээ (фото 3)

Хүн төрхтэй роботуудаар дүүрсэн сэдэвчилсэн паркийн тухай өгүүлдэг "Westworld" цувралын гуравдугаар улиралд гол баатрууд удаан хүлээлгэсний эцэст хүний ертөнцөд нэвтрэх болно. Жүжигчдийн багт Аарон Пол, Венсан Кассель зэрэг алдартай жүжигчид нэмэгдсэн байгаа. Мөн одоогоор цувралын дөрөвдүгээр улирал хийгдэх нь тодорхой болсон ч нээлтийн тов нь зарлагдаагүй байгаа юм.

7. "The Umbrella Academy"

Үзэгчдийн сонголт: IMDb  2020 оны шилдэг 10 цувралыг нэрлэлээ (фото 4)

My Chemical Romance хамтлагийн үүсгэн байгуулагч, дуучин Жерард Уэй зохиолыг нь бичиж, Бразилийн уран бүтээлч Гэбриэль Ба зурагжуулсан "The Umbrella Academy" комик зохиолоос сэдэвлэсэн энэхүү цувралд ер бусын чадвартай долоон өөр супер баатар болон тэдний хоорондын адармаатай харилцааны тухай гардаг. Цувралын хоёрдугаар улиралд гол баатрууд цаг хугацаагаар аялж, цоо шинэ адал явдалтай учирна.

6. "The Queen's Gambit"

Үзэгчдийн сонголт: IMDb  2020 оны шилдэг 10 цувралыг нэрлэлээ (фото 5)

Гоц ухаантай шатарчин охины тухай өгүүлэх энэхүү цуврал үзэгчдийн хүртээл болсноос хойш шатрын сет болон онлайн тоглоомын худалдаа эрс өсөж, тус спортын сонирхогчдын тоо огцом нэмэгдсэн билээ. "The Queen's Gambit" цуврал нь гайхалтай зохиол, харц булаам костюмууд, чадварлаг зураг авалт, ер бусын уур амьсгал гээд хэдэн долоо хоногийн турш үзэгчдийг байлдан дагуулж байгаа билээ. Цувралыг яагаад заавал үзэх хэрэгтэйг эндээс хараарай.

5. "The Mandalorian"

Үзэгчдийн сонголт: IMDb  2020 оны шилдэг 10 цувралыг нэрлэлээ (фото 6)

Цацагдсан даруйдаа Disney + стриминг тавцангийн хамгийн чухал бүтээлд тооцогдох болсон тус цуврал нь эхний ангиасаа л үзэгчдийг дэлгэцэд наалдуулах болно. Хэдийгээр энэхүү бүтээл нь өнгөрсөн жилийн сүүлээр цацагдсан ч үзэгчид одоог хүртэл ахин дахин үзэж бяцхан Йодаг өхөөрдөж, гайхалтай хөгжмийн зохиолыг нь биширч, сансар огторгуйн адал явдалд автсаар байна. Цувралын хоёрдугаар улирал аравдугаар сараас эхлэн гарч байгаа.

4. "Ozark"

Үзэгчдийн сонголт: IMDb  2020 оны шилдэг 10 цувралыг нэрлэлээ (фото 7)

Жейсон Бейтман, Лора Линни нарын тоглосон, хар тамхины картель ба мөнгө угаах гэмт хэргийн тухай өгүүлдэг "Ozark" цувралын гуравдугаар улиралд Марти Бердийн гэр бүл казиногийн бизнес рүү орсноор гэмт хэргийн ертөнц рүү бүр ч гүн гүнзгий шигдэх болно. Мөн Жулия Гарнер болон Том Пельфри нарын чадварлаг жүжиглэлтийг дурдахгүй өнгөрөх аргагүй юм. Нийт 14 ангиас бүрдэх цувралын дөрөвдүгээр буюу сүүлчийн улирал 2021 онд гарахаар төлөвлөгдсөн байгаа.

3. "Dark"

Үзэгчдийн сонголт: IMDb  2020 оны шилдэг 10 цувралыг нэрлэлээ (фото 8)

Германы алдарт "Dark" цувралын сүүлчийн улиралд үзэгчид ойлгоогүй үлдсэн бүх асуултынхаа хариуг авах болно. Ер бусын, учир битүүлэг уур амьсгалтай, ээдрээтэй зохиолтой кинонд дуртай хүмүүст заавал үзэхийг зөвлөж байна.

2. "Money Heist"

Үзэгчдийн сонголт: IMDb  2020 оны шилдэг 10 цувралыг нэрлэлээ (фото 9)

Цувралын эхний улиралд Профессор нэртэй гэмт хэргийн гоц ухаантан болон түүний багийнхан Мадрид дахь Хааны хөрөнгийн санг дээрэмдэхээр шийдэж төгс төлөвлөгөө боловсруулж байсан бол тэд сүүлийн улиралд Испанийн банкийг тонохоор төлөвлөдөг. "Money Heist" цувралын эцсийн буюу тавдугаар бүлэг 2021 онд гарна.

1. "The Boys"

Үзэгчдийн сонголт: IMDb  2020 оны шилдэг 10 цувралыг нэрлэлээ (фото 10)

Гарт Эннис болон Дарик Робертсон нарын бичсэн супер баатартай комик зохиолоос сэдэвлэсэн энэхүү бүтээл нь Amazon Prime Video тавцан дээр 2019 оны зун нээлтээ хийсэн билээ. Ер бусын хүчээ урвуулан ашиглаж байгаа супер баатруудтай тэмцдэг бүлэг хүмүүсийн тухай өгүүлдэг уг цувралын хоёрдугаар бүлэг энэ есдүгээр сард цацагдаж, үзэгчид болон шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ аваад байгаа юм.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх