Хайх

Warner Bros, Netflix-д бүтээсэн дүрийнхээ талаар жүжигчин Ц.Цэрэнболд ярьж байна

Warner Bros, Netflix-д бүтээсэн дүрийнхээ талаар жүжигчин Ц.Цэрэнболд ярьж байна

Гал шиг бадрангүй

Text: Ж.Чинбат


Монголын театр, кино урлагт олон хүчтэй дүр бүтээсэн жүжигчин Ц.Цэрэнболдтой Канадад Warner Bros-ын бүтээл, Хятадад Netflix-ийн Марко Поло кинонд, Казакстанд телевизийн арван ангит сериалд тоглосон дүрүүдийн талаар бид асууж ярилцлаа

Ярилцлагын хамгийн түрүүнд онцлохыг хүсч буй зүйл бол энд ямар ч "Холливуудын од" болсон тухай яриа байхгүй. Яагаад гэвэл Ц.Цэрэнболд өөрөө Netflix-ийн бүтээж буй Марко Поло киноны хоёрдугаар хэсэгт Чингис хааны дүрийг бүтээж, Life of Pi киноны гол дүрийн жүжигчин Сураж Шарматай "Burn Your Maps" гэх 2016 онд гарах шинэ кинонд хамт гарч, Казакстаны төв телевизийн арван ангит кинонд дүр бүтээж буйнхаа алийг нь ч тийм том амжилт гэж нэрлэхгүй байгаад оршиж байгаа юм. "Burn Your Maps" киноны продьюсер нь "300" киноны Марк Кантон, гол дүрүүдэд нь Оскарт нэр дэвшиж байсан Вера Фармига, Виржиниа Мадсен, Life of Pi киноны Сураж Шарма, Бөгжний эзэн киноны Мартон Скоказ зэрэг алдартай жүжигчид байгаа. Тэрбээр "Энэ бүхэн зүгээр л эхлэл, мөрөөдлийнхөө хил хязгаарт дөнгөж орж ирж буй анхан шатны оролдлого" гэлээ. "Хэрэв би 70-80 наслачихсан бол "Урлаг гэдэг чинь ..." гээд урт яриа өрнүүлэхсэн. Би зүгээр л өөрт оногдсон ажлаа хийж байгаа юм" гэж Ц.Цэрэнболд олон дахин онцлон хэлсэн юм. Тэгэхээр зүгээр л түүний ажлын талаар ярилцсанаа хүргье. Түүний гал шиг эрч хүчтэй бадрангуй байдал, нэг л сонсоход сэтгэлд хоногшин үлдэм дуу хоолойны өнгө, залуу насныхаа хамт эдгээр кинонд  ямар дүрээр, хэрхэн буусан бол?

Таны хамгийн сүүлд дүр бүтээсэн "Burn Your Maps" киноны найруулагч, жүжигчдийн нэрс маш сонирхолтой харагдаж байна. Энэ тухай өөрөөс чинь дэлгэрэнгүй сонсох гэсэн юм?

Надад энэ киноны талаар анх ярьж, танилцуулсан Cinolou films-ийн монгол продьюсер З.Анхбаяр маань "Warner Bros" монголын тухай кино хийх гэж байна. Энд нэг мэргэжлийн жүжигчин хэрэгтэй болохоор нь би санал болгосон хүмүүсдээ таныг оруулсан чинь проб хийж болох уу" гэсэн юм. Тэгэхээр нь би З.Анхбаярт "За, наадах чинь бүтэхгүй байсан ч надад хамаагүй. Санал ирнэ гэдэг чинь гоё байна шүү" гээд бид хоёр маргааш нь Жордан Робертстой facetime-р пробоо хийлээ. Тэгээд л бүтчихсэн гэлээ ч би тэнд хоёр л хэсэгт тоглосон.

Facetime-р дэлхийн хэмжээний найруулагчтай пробоо хийсэн гэхээр маш сонирхолтой санагдаж байна. Та тэр үед юу гэж хэлсэн бэ?

Намайг англиар хэдхэн үг хэлчих гэсэн. Тэгэхэд нь би "She`s not lost. You`re lost" /Та Ц.Цэрэнболдын хоолойгоор энэ үгийг төсөөлөөд үзээрэй/ гээд хэлсэн чинь "Ок, ердөөсөө энэ хүнтэй л ажиллана гэдгээ би продьюсертээ хэлнэ" гэсэн.

Гайхалтай. Энэ кино хэзээ гарах вэ? Мэдээж зохиолоос нь дэлгэрэнгүй ярьж болохгүй байх л даа. Тэгэхдээ манай уншигчдад товчхон сонирхуулаад ярьж болох уу?

Зураг авалт Канадын Альберта мужийн хамгийн том хот болох Калгарид болсон. Тэнд бас 200 орчим монгол хүмүүс амьдардаг юм байна. Тэдний дотор надаас олон хэсэгт энэ кинонд оролцсон хүмүүс ч бий. Би хоёр хэсэгт тоглож байгаа. Товчхондоо манай Монголыг их сайхнаар харуулсан бүтээл. З.Анхбаяр маань надад анх киноны зохиолыг таван цаг орчуулж, уншиж өгсөн. Би бүтэн зохиолыг нь сонсоод ямар сайхан юм бэ гэж бодсон. Ерөнхийдөө нэгэн америк гэр бүл байх бөгөөд тэд зургаан сартай нэг охиноо алдчихсан, сэтгэл зүйчийн тусламж авах хүртлээ харилцаа нь хөндийрчихсэн хүмүүс юм. Харин нэг хүү нь өөрийгөө Монгол хүн, малчин гэж боддог бөгөөд өөрийгөө буруу газар амьдраад байна гэсэн төсөөллийн бодолтой нэгэн бөгөөд үйл явдал цааш өрнөнө. Би кинонд зайран хүний дүр бүтээсэн байгаа.

Монголд бас энэ киноны зураг авалт хийгдсэн гэж сонссон. Та тэр зургуудад нь оролцсон уу?

Оролцоогүй. Б.Анхбаяр монгол талаа хариуцсан продьюсер болохоор эндэх бүх ажлаа гардаж зохицуулсан. Энд ерөнхийдөө Монголд байгаа гэдгийг илтгэх тойм зургуудыг авахаар зургийн баг ирж, 35 мм-ын хальсаар нэг км урт хүрэх дүрс авсан гэсэн

Burn Your Maps кино хэзээ нээлтээ хийх вэ?

Яг тодорхой болоогүй байгаа ч ирэх 2016 оны аравдугаар сар орчимд болов уу.

Одоо Марко Поло кинонд бүтээсэн дүрийн тань талаар сонирхох гэсэн юм. Таны дүр яг ямар дүр байсан юм бэ?

Хүмүүс намайг Марко Поло кинонд олон хэсэгт тоглосон гэж ойлгоод байх шиг байгаа юм. Би тэнд их эзэн Чингис хааныхаа дүрд нэг л хэсэгт тоглосон юм. Хубилай хаан Чингис хааныг дурсаж буй хэсэг л дээ. Энэ дүр надад өөрт их таалагдсан. Чингис хаан ач хүү Хубилай, Хайду хоёроо дэргэдээ суулгаад хэрхэн хот, улсыг бүрэн эзлэж дуусгах тухай бодлогоосоо сургадаг юм.  "За хүү минь, мөнх тэнгэрийн зарлигаар явбал чи аав шигээ, өвөө шигээ хүн болно. Хожим нь чи энэ гүрнийг удирдах хаан болно. Наадахаа шатаагаад нисгэ" гээд би хараацайн сүүлэнд боосон багахан эсгийг шатааж өгч, хүү нисгэдэг. Тэгмэгц түмэн галтай хараацай хэрэмний завсар орж, тэр хот хана хэрэмгүй болж байгаа хэсэг л дээ. 

Warner Bros, Netflix-д бүтээсэн дүрийнхээ талаар жүжигчин Ц.Цэрэнболд ярьж байна (фото 1)

Та олон түүхэн дүр бүтээсэн шүү дээ. Түүхэн хүнийг төсөөлж, өөрийнхөөрөө бий болгох их сонирхолтой байдаг байх. Тийм үү?

Маш олон ч биш л дээ. Өөрт оногдсон ганц хоёр дүрээ л бүтээсэн (Чингис хаан, Жамуха, Галданцэрэн хаан г.м). Би Марко Полод тоглохдоо нэг ч ангийг нь үзээгүй. Үзчихвэл би хүмүүсийг нь харж, судлаад өөрөөрөө биш болчихно. Хэдийгээр би Чингис хааны дүрийг бүтээж байгаа гэх боловч хэзээ ч их хаан шигээ байж чадах үгүй юм чинь. Тэгэхээр хоёр хүүтэйгээ суугаа өвөө л байя гэж бодсон. Сая "Burn Your Maps" кинонд зайрангийн дүр бүтээж байсан учраас танил дүүгийнхээ "өвөө" дээр очиж уулзсан. Бөө гэдэг тодорхой хэмжээний хүлээн зөвшөөрсөн хүмүүстэй, онцгой зүйл юм. Тэгээд би очихдоо тэр залууг тэгж хөгшин хүний хоолойгоор ярина гэж бодоогүй. Тэр үед үнэхээр л тэнгэр шүтлэг бол монголчууд бидний уламжлал юм гэдгийг мэдэрч, "өвөө"-д, түүний үгэнд маш их итгэж, гүн хүндэтгэл төрж байсан. 

Сүүл, толгой холбосон уран цэцэн үгтэй байх юм уу?

Маш гоё эртний хэллэг сонсогдох юм билээ. Би бүр гайхсан. "Чи намайг сорьж явна уу" гээд л нөгөө хүн асуухад нь "Тиймээ би сорьж явна. Би ийм дүр бүтээх гэж байгаа болохоор ямар байдгийг нь мэдэх гэсэн юм" гэдгээ хэлсэн. Дараа нь улаач дүүгээсээ ёс жаягийг нь сонсож, түшээ хүн гэж хэн байдгийг, онгод түшээ хоёр хэрхэн ойлголцож, хуруу гарын хөдөлгөөнийг яаж уншдаг, хувцас хуяг нь хүртэл ямар байх ёстойг бүгдийг нь хэлүүлж авсан. 

Та ингээд өөрөө найруулагчаар ажилладаг хүний хувьд Жордан Робертстой хамтрахдаа өөртөө туршлага болгож харсан зүйлс байсан уу?

Би найруулагчаар ажиллаж, сүйд болсон юмгүй. Ганц "Аав" кинонд туслах найруулагчаар ажилласан. Робертс бол үнэхээр уйгагүй, хөдөлмөрч хүн байна билээ. Жар гарчихсан хүн хэрнээ зураг болгон дээр гүйгээд очих юм. Кино үзэгчээ уйдаахгүйн тулд маш хөгжилтэй, задгай хэллэгтэй сонирхолтой болж байсан. Бид нар зохиолын өнгө аясыг хэрхэн гаргаж, гол үйл явдлыг хаана нь юугаар чимэх ёстой юм бэ, яаж үзэгчээ уйдаахгүй, киноноос салгахгүй байх хэрэгтэй вэ гээд дотроо дүгнэлт хийж байлаа.

Зураг авалтын талбай, орчин нь сонирхолтой байсан байх даа?

Үнэхээр Холливуудын материаллаг бааз мундаг юм билээ. Америкаас Канад руу очиж байгаа зургийн баг бараг камертайгаа очиход л тэнд хангалттай их техник, хэрэгсэл байна. Монголд гадаа зураг авч байхад үүл гарчих юм бол бид цэлмэхийг хүлээдэг. Тэнд бол гэрэл өндөрт засаад л, гэрэл зөөллөгч тавиад нарыг орлочихно. Юм бүхэн хариуцсан нэг хүнтэй, бүрэн дүүрэн болохоор маш чанартай бүтээл хийж байна. Тэгэхэд л би яагаад энэ киноны зургийг Монголд аваагүйг ойлгосон. Хэрэв тэр бүх гэрэл техник, материаллаг бааз энд байвал манай сайхан байгальд ирж кино хийх хүсэл олон хүнд байгаа байх. 

Тэгвэл хөрш Казакстанд кинонд тоглохдоо таны харсан зүйлс юу вэ?

Би анх Рекитер киноны найруулагч Аханом Сатаевым найруулсан кинонд Галданцэрэн хааны дүрд нэг хэсэгт тоглосон юм. Тэрнээс улбаалаад одоо Казакстаны төв телевизээр гарах арван ангитай анхны үндэсний сериалд нь тоглож байгаа. Бид зөвхөн жүжигчин хүний нүдийг нь харж, жинхэнэ тоглолт гарлаа гэж бодоод байдаг. Тэгтэл нэг зураглалын гэрэл сүүдэр уран зураг шиг гоё байж, түүн дээр жүжигчний амьд тоглолт нэгдэж кино маш үнэтэй, хүчтэй болдог байна. Би энэ телевизийн сериал кинонд 7-8 хэсэгт тоглож байгаа. 

Та багадаа өвөөгийнхөө галыг хөөргөдөж өгдөг хүү байсан гэсэн. Таны хувь хүн бий болоход өвөө нь чухал нөлөөтэй байсан уу?

Миний өвөө дархан хүн байсан. Амьдралд минь бүх юм миний өвөө байлаа. Арван нас гарсан хойноо би адуу гэдэг амьтантай найзлаж эхлэхэд өвөө маань алхам тутамдаа морио хэрхэн хайрлаж, арчлах вэ гэдгийг зааж сургасан. Сая Чингис хааныхаа дүрийг бүтээсэн кинотой холбоод бодоход бид ер нь байлдан дагуулалт, түүхэн үйл явдлыг л сонирхоод байдаг болохоос биш тэр бүх амжилт, байлдан дагуулалтыг авчирсан ахуй амьдралыг тэр бүр гаргадаггүй юм байна. Үнэхээр тэр дэлхийн алс дайдад яаж монгол хүн хүрсэн бэ гэдгийг бодвол адуу, малаа хайрладаг ухаан нь маш их нөлөөлж байжээ. 

Танд кино, театр хоёрын аль нь илүү вэ. Алинд нь та өөрийнхөөрөө байж чаддаг вэ?

Би өөрийнхөрөө байж чаддаг нь кино. Мэдрэмж нь бүгдээрээ адилхан ч гэсэн театр бол агуу.

Таныг хувь хүн талаас нь хүмүүс их сонирхдог байх. Таны хамгийн их сонсож, дуулдаг дуу юу вэ?

Би Харангын Х.Лхагвасүрэн, Никитоны Б.Батчулууны улаан фен. Миний машинд энэ хоёрын дуу л байдаг. 

Хамгийн сүүлд таны туйлын мөрөөдлийн тухай сонирхох гэсэн юм

Би мөрөөдөлдөө хүрэхээр сая жижигхэн алхам хийлээ. Нэг ч гэсэн залуу юмыг гоё харж, надад Warner Bros-той холбогдож ажиллах санал тавьсанд би маш их баярлаж байгаа. Монголын түүх агуу болохоор цаашдаа ганцхан миний мөрөөдөл биш бүх л жүжигчдийн маань мөрөөдөл биелэх боломж бий гэж бодож байна .

 

цааш үзэх