Хайх

Дөрөв, тавдугаар сард нээлтээ хийх цомгууд

Дөрөв, тавдугаар сард нээлтээ хийх цомгууд

Лиам Галлагер, Ликке Ли, Rammstein болон бусад

Text: Buro.Mongolia


Орчин үед хөгжим бүтээгч байна гэдэг барилгачин, оёдолчин, эсвэл эмч, хуульч зэрэг мэргэжлүүдийн адил өөрийн гэсэн онцлог бүхий ажил болжээ. Дуунууд зохионо, цомгоо бичүүлнэ, цомгоо сурталчлах зорилгоор аялан тоглолт хийж автобусанд амьдрах хэрэг гарна. Зарим уран бүтээлчид иймэрхүү шахуу төлөвлөгөөтэй амьдрал нь уран бүтээл туурвих бүтээлч байдалд нь сөргөөр нөлөөлдгийг онцолсон байдаг.

Харин Ковид-19 цар тахлын улмаас хэсэг хугацаанд хөл хорионд орсон уран бүтээлчид яаруу хэмнэлээсээ ангижирч, анхаарал сатаарах зүйлгүй, өөрсдийн хөгжимд төвлөрөх боломж гарсан нь сайн хэрэг боллоо. Хөгжмийн стрийминг хийдэг платформ болох Spotify-д л гэхэд өдөрт 60,000 гаруй дуу цацагдаж байна. Энэ нь бараг л секунд тутамд нэг дуу гэсэн үг юм. Тиймээс нээлтээ хийж буй бүх уран бүтээлийг танилцуулах боломжгүй учраас шилж сонгох нь зүйн хэрэг биз ээ. Ингээд цар тахлын хөл хорионы “бүтээлч” онгодоор хөглөгдсөн, энэ сар, ирэх саруудад нээлтээ хийхээр төлөвлөж буй зарим цомгуудтай танилцъя.

King Gizzard & the Lizard Wizard, "Omnium Gatherum"

Хэзээ: Дөрөвдүгээр сарын 22

Дөрөв, тавдугаар сард нээлтээ хийх цомгууд (фото 1)

Австралийн psychedelic rock хамтлаг King Gizzard & the Lizard Wizard өөрсдийн 20 дах студийн цомгоо дөрөвдүгээр сарын 22-нд гаргахаар төлөвлөж байна. 80 минутын турш үргэлжлэх, 16 дуу бүхий тус цомог нь тэдний хамгийн урт цомог ба эхний дуу “The Dripping Tap” нь мөн тэдний хамгийн урт дуу (18 минут) нь болж байгаа юм.

Spiritualized, "Everything Was Beautiful"

Хэзээ: Дөрөвдүгээр сарын 22

Дөрөв, тавдугаар сард нээлтээ хийх цомгууд (фото 2)

Spiritualized бол 1990 оноос уран бүтээлээ туурвиж буй английн space rock, shoegaze хамтлаг бөгөөд ес дэх студийн цомгоо хоёрдугаар сарын 3-ны өдөр төлөвлөж байсан ч хэвлэлтийн асуудлаас шалтгаалан хойшлуулж, мөн дөрөвдүгээр сарын 22-ны өдөр гаргахаар болжээ. Тэдний 1997 онд гаргасан “Ladies and Gentlemen We Are Floating in Space” цомгийг шүүмжлэгчид нэлээд өндрөөр үнэлж, Британийн хөгжмийн сэтгүүл NME оны шилдэг цомгоор нэрлэсэн байна. Цомгийн ковер зургаа тун сонирхолтой хийдэг уг хамтлаг энэ удаагийн цомогтоо эмийн хайрцгийн задаргаа дүрсэлжээ.

Bloc Party, "Alpha Games"

Хэзээ: Дөрөвдүгээр сарын 29

Дөрөв, тавдугаар сард нээлтээ хийх цомгууд (фото 3)

Английн инди рок хамтлаг Bloc Party зургаа дах студийн цомгоо энэ сарын 29-ний өдөр цацна. Сүүлд гаргасан “Hymns” цомгоос зургаан жилийн дараа гарж буй уг цомгийн онцлог нь 2015 онд хамтлагт нэгдсэн басс гитарчин Жастин Харрис, бөмбөрчин Луи Бартл нарын эд бяр шингэсэнд байна. Энэхүү цомгоос одоогоор “Traps”, “The Girls Are Fighting”, “Sex Magik” дуунууд цацагдаад байгаа юм.

Rammstein, "Zeit"

Хэзээ: Дөрөвдүгээр сарын 29

Дөрөв, тавдугаар сард нээлтээ хийх цомгууд (фото 4)

“Du Hast”, “Ich Will”, “Amerika” зэрэг дуугаараа монгол сонсогчдын хэзээний танил болсон германы Rammstein хамтлаг найм дах студийн цомгоо энэ сарын 29-ний өдөр нээхээр төлөвлөжээ. 2019 онд нэргүй цомгоо сурталчлах хүрээнд аялан тоглолт төлөвлөөд байсан ч цар тахлын улмаас тоглолтуудаа цуцалж оронд нь шинэ цомгийн ажилд орсон юм байна.

“Zeit” буюу германаар “цаг хугацаа” гэсэн нэртэй уг цомгийн нэг дууг Олон улсын сансрын станцад үүрэг гүйцэтгэж буй францын сансрын нисгэгч Тома Пескетэй зөвхөн хуваалцсан байна. Хамтлагийн даралтат хөгжимчин Кристиан Лоренц энэ талаараа “Тэнгэрт амьдардаг хүнтэй харилцаж байгаа минь бага насны мөрөөдөл биелэх шиг л боллоо. Тэр энэ дууг сонссон анхны хүн болж байгаа бөгөөд энэ дуу тэнгэрт нээлтээ хийж буй нь бидний хувьд нэр төрийн хэрэг юм” хэмээн өөрийн Instagram хуудастаа бичжээ.

Röyksopp, "Profound Mysteries"

Хэзээ: Дөрөвдүгээр сарын 29

Дөрөв, тавдугаар сард нээлтээ хийх цомгууд (фото 5)

Норвегийн Берген хотоос гаралтай электроник хөгжмийн дуо Röyksopp өөрсдийн зургаа дах цомгоо энэ сарын 29-ний өдөр танилцуулахаар зэхээд байна. Сүүлийн цомгоо 2014 онд гаргасныхаа дараа тэд “уламжлалт хэв маяг”-аасаа татгалзаж буйгаа зарласан нь тус цомгоос үүсэх хүлээлтийг улам л нэмэгдүүлж байна. Та тэдний өөрсдийн албан ёсны вэбсайт руу зочлон өөрийн кейбоард дээрээс R үсгээ дарж шинэ цомгоос нь сонсох боломжтой юм байна шүү.

Toro y Moi, "Mahal"

Хэзээ: Дөрөвдүгээр сарын 29

Дөрөв, тавдугаар сард нээлтээ хийх цомгууд (фото 6)

Америкийн уран бүтээлч Чаз Бийр бол олон төрлийн авьяастай нэгэн билээ. Түүнийг Toro y Moi нэрээр хийдэг уран бүтээлүүдийг сонсогчид арай илүү мэдэх байх. Chillwave урсгалын анхдагчдын нэг тэрээр мөн энэ сарын 29-нд шинэ цомгоо гаргах юм байна. Одоогоор энэ цомгоос “Postman”, “Magazine” гэсэн хоёр дуу цацагдаад байгаа.

Arcade Fire, "WE"

Хэзээ: Тавдугаар сарын 6

Дөрөв, тавдугаар сард нээлтээ хийх цомгууд (фото 7)

2013 онд Хокин Финикс, Скарлет Иохансон нарын тоглосон “Her” киног бид андахгүй мэднэ шүү дээ. Оскарын шагналт уг киног мэргэжилтнүүд тал бүрээс нь сайшааж байсан билээ. Тэгвэл энэхүү киноны хөгжмийг бүтээснээрээ олон нийтэд танигдаж, бүр Оскарт хүртэл дэвшиж байсан Arcade Fire хамтлаг тавдугаар сарын 6-нд өөрсдийн шинэ цомгоо танилцуулах гэж байна.

Arcade Fire хамтлагийн гаргасан бүх цомог Грэммийн шагналд нэр дэвшсэн бөгөөд 2010 онд гаргасан “The Suburbs” цомог нь Оны шилдэг цомгийн шагналыг хүртэж байжээ.

The Black Keys, "Dropout Boogie"

Хэзээ: Тавдугаар сарын 13

Дөрөв, тавдугаар сард нээлтээ хийх цомгууд (фото 8)

“Tighten Up”, “Lonely Boy” дуунууд, “El Camino” цомгоороо нийт зургаан удаагийн Грэммийн шагнал хүртсэн The Black Keys хамтлаг 11 дэх студийн цомгоо тавдугаар сарын 13-нд нээхээ зарлажээ. Орчин үеийн хамгийн шилдэг блюз рок хамтлагийн нэгд тооцогддог тэд шинэ цомгоо таниулах ажлын хүрээнд АНУ-д нийт 32 тоглолт хийхээр төлөвлөөд байгаа юм байна.

Moderat, "MORE D4TA"

Хэзээ: Тавдугаар сарын 13

Дөрөв, тавдугаар сард нээлтээ хийх цомгууд (фото 9)

Германы нийслэл Берлин хот электроник хөгжмөөрөө алдартай билээ. Тэгвэл Берлиний архагууд гэж хэлж болох Modeselektor, Apparat нар өөрсдийн нэрийн эхлэл төгсгөлүүдээ нийлүүлж Moderat нэртэй хамтлаг байгуулсан бөгөөд дөрөв дэх цомгоо тавдугаар сарын 13-нд гаргахаар болжээ. 2017 онд завсарлага авч байгаагаа мэдэгдсэн тэд эргэн ирэлтээ арван дуу бүхий бүрэн хэмжээний цомгоор хийж байна.

Rolling Stones, "Live At The El Mocambo"

Хэзээ: Тавдугаар сарын 13

Дөрөв, тавдугаар сард нээлтээ хийх цомгууд (фото 10)

Та бүхэл бүтэн жарны турш идэвхтэй уран бүтээл туурвиж буй хамтлаг, дуучин хэдийг нэрлэж чадах вэ? Маш цөөхөн биз дээ? Тэгвэл тэдний нэг болох, орчин үеийн хөгжмийн хамгийн нөлөө бүхий хамтлагуудын нэгд зүй ёсоор багтах The Rolling Stones хамтлагийн томоохон тоглолтуудын нэг 1977 онд El Mocambo-д хийсэн тоглолтоо өндөр чанартайгаар цомог болгон гаргах гэж байна. Тавдугаар сарын 13-нд гарах энэхүү цомогт The Rolling Stones-ийн хит болсон нийт 23 дууны амьдаар тоглосон хувилбар багтсан байна.

Ликке Ли, "Eyeye"

Хэзээ: Тавдугаар сарын 20

Дөрөв, тавдугаар сард нээлтээ хийх цомгууд (фото 11)

Шведийн дуучин Ликке Ли өөрийн тав дах студийн цомгоо тавдугаар сарын 20-д цацахаар бэлэн болгожээ. Түүний 2018 онд гаргасан “so sad so sexy” цомог шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авч байсан билээ. Тэрээр NME сэтгүүлд өгсөн ярилцлагадаа одоо гарах цомог нь сүүлийн цомог шиг нь олонд сайшаагдсан бүтээл болж чадахгүй гэж онцлоод “гэхдээ гунигтай бөгөөд секси хэвээр” байх болно гэжээ. 

Түүнийг "The Twilight Saga: New Moon" кинонд зориулж хийсэн "Possibilities", "Blue Is The Warmest Colour" киноны "I Follow Rivers" зэрэг дуугаар нь кино сонирхогчид сайн мэддэг билээ.

Лиам Галлагер, "C’mon You Know"

Хэзээ: Тавдугаар сарын 27

Дөрөв, тавдугаар сард нээлтээ хийх цомгууд (фото 12)

Английн алдарт Oasis хамтлагийн дуучин байсан Лиам Галлагер 2017 оноос ганцаар уран бүтээлээ туурвиж эхэлсэн билээ. Тэрээр ирэх тавдугаар сарын 27-ны өдөр хоёр ч цомог гаргахаар төлөвлөж байгаа юм байна. Эхнийх нь 2020 оны 12 сард Темза мөрөнд ачааны чиргүүл дээр хийсэн тоглолт нь амьд цомог болон “Down by the River Thames” нэртэйгээр гарах бол нөгөөх нь “C’mon You Know” нэртэй 12 дуунаас бүрдсэн бүрэн хэмжээний цомог байх ажээ.

Мөн түүнчлэн Харри Стайлс тавдугаар сарын 20-нд шинэ цомгоо гаргах гэж буй талаар бид мэдээлсэн билээ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх