MTV VMA 2024: Улаан хивсний шилдэг төрхүүд
MTV хөгжмийн сувгаас зохион байгуулдаг Video Music Awards наадам ёслол төгөлдөр эхэлж дуу хөгжим, энтертайнментын салбарын шилдгүүд Нью-Йорк хотын UBS Arena-д хуран цуглараад байна. Энэ жилийн арга хэмжээг рэппер Megan Thee Stallion хөтлөн явуулах бөгөөд тайзнаа Сабрина Карпентер, Чаппелл Роан, Шон Мендес, BLACKPINK хамтлагийн Лиса тэргүүтэй алдартнууд үзүүлбэрээ толилуулах юм. Мөн энэ үдэш VMA наадмын тайзан дээр тоглогдсон бүх цаг үеийн хамгийн шилдэг, дурсамжтай үзүүлбэрийг тодруулах бөгөөд үүнд Мадоннагийн Like a Virgin (1984), Eminem-ийн The Real Slim Shady болон The Way I Am (2000), Lady Gaga-гийн Paparazzi (2009) зэрэг домог болсон үзүүлбэрүүд нэр дэвшээд байна.
Харин тус наадмын улаан хивсний ёслолын үйл ажиллагаанд алдартнууд үргэлж хамгийн зоригтой, этгээд төрхүүдийг бүрдүүлэн ирдэг уламжлалтай. Тэр ч утгаараа VMA наадамд уригдан ирсэн зочдын хувцаслалт олон нийтийн дунд өндөр хүлээлт үүсгэсээр ирсэн билээ. Тэгвэл энэ жилийн хувьд алдартнууд харц булаам гоёмсог, сонирхолтой, өвөрмөц шийдэлтэй гээд төрөл бүрийн загварлаг хувцаслалтаар гоёжээ. Тэднээс дуучин Холзигийн өмссөн Versace ордны ирвэсийн хээ алгалсан, улаан өнгийн винтеж даашинз, Суки Уотерхаусийн гоёсон Dolce & Gabbana ордны хиймэл үсэн нөмрөг, мөн Сабрина Карпентерын Bob Mackie ордны цагаан өнгийн винтеж загварын даашинзаар бүрдүүлсэн эрхэмсэг, дур булаам төрх бидний харцыг булааж чадлаа. Мөн дуучин, инфлюэнсер Аддисон Рэйн өмссөн цагаан өнгийн бикини хослол түүнийг яг л алдарт Victoria's Secret шоуны сахиусан тэнгэрүүдийн нэг мэт харагдуулж байв.
Харин эрчүүдээс рэппер Lil Nas X ретро-футуристик хэв маягтай ягаан өнгийн мотоциклчны өмсгөл, дуулгыг өмсөж улаан хивсний ёслол дээр алхсан нь энэ үдшийн онцлох загваруудын нэг болсон юм.
Ингээд 2024 оны MTV Video Music Awards наадмын улаан хивсний шилдэг дүр төрхүүдтэй танилцана уу.