Хайх

Super Bowl 2023 тэмцээний халфтайм шоуны талаар таны мэдэх ёстой зүйлс

Super Bowl 2023 тэмцээний халфтайм шоуны талаар таны мэдэх ёстой зүйлс

118 сая хүн шууд хүлээн авч үзжээ

Text: Buro.Mongolia


Өчигдөр АНУ-ын Үндэсний хөл бөмбөгийн лигийн аваргын төлөөх финалын тулаан төдийгүй олон мянган үзэгчдийн тэсэн ядан хүлээдэг энтертэйнмент шоу гэдгээрээ дэлхий дахинд алдартай Super Bowl 2023 тэмцээн амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Энэ удаагийн Super Bowl тэмцээний халфтайм шоун дээр Барбадос улсаас гаралтай, дуучин Рианна өөрийн хит дуунуудаас бүрдсэн үзүүлбэрийг 13 минутын турш толилуулж үзэгчдийг жинхэнэ утгаар нь доргиож чадсан юм. Мөн түүний энэхүү үзүүлбэрийг 118 сая хүн телевиз болон бусад сошиал платформуудаар шууд хүлээн авч үзсэн нь Super Bowl тэмцээний түүхэн дэх хамгийн их үзэгчтэй халфтайм шоуны хоёрдугаарт бичигдэж эхэлжээ.


ДУУЧИН РИАННАГИЙН ХАЛФТАЙМ ШОУН ДЭЭРХ ЗАГВАРЫН ХЭВ МАЯГ

Энэ жил 35 нас хүрч буй дуучин бүсгүй долоон жилийн дараа Super Bowl тэмцээний халфтайм шоугаар тайзнаа эргэн ирэхдээ нисгэгчийн хувцаснаас санаа аван бүтээсэн Loewe брэндийн комбинзон болон цээживч, Alaïa загварын ордны хүрэм, бээлий, Jacob & Co брэндийн бугуйн цаг, мөн MM6 Maison Margiela, Salomon брэндийн хамтран гаргасан пүүзээр гоёсон байлаа. Мэдээж түүний энэхүү улаан монохром төрхийг түүнтэй олон жил хамтран ажиллаж буй хувийн стилист Жалил Уивер хариуцан ажилласан байна.

Super Bowl 2023 тэмцээний халфтайм шоуны талаар таны мэдэх ёстой зүйлс (фото 1)
Super Bowl 2023 тэмцээний халфтайм шоуны талаар таны мэдэх ёстой зүйлс (фото 2)

ДУУЧИН РИАННАГИЙН ГЭНЭТИЙН БЭЛЭГ

Тэрээр Super Bowl тэмцээнээр дамжуулан ахин бие давхар болсноо зарласан нь үзэгч фенүүддээ барьсан хамгийн том гэнэтийн бэлэг байлаа. Рэппер A$AP Rocky болон дуучин Рианна нар өнгөрөгч оны тавдугаар сарын 13-ны өдөр анхны хүүхдээ өлгийдөн авсан бөгөөд хоёр сарын өмнө TikTok платформоор дамжуулан хүүгийнхээ царайг ил болгосон ч нэрийг нь нууцалсан хэвээр байгаа билээ. Цахим ертөнцөд тэдний хоёр дахь хүүхдийн төрөх хугацаа болон хүйсийн талаар хүмүүс таамаглал ихээр дэвшүүлж буйгаас гадна дуучин бүсгүйн жирэмсэн үеийн хувцаслалт өмнө нь шуугиан дэгдээж байсны адил одоо ч мөн маш өндөр хүлээлтийг бий болгоод байна.

Super Bowl 2023 тэмцээний халфтайм шоуны талаар таны мэдэх ёстой зүйлс (фото 3)

ОЛНЫ ТАНИЛ ЭРХМҮҮДИЙГ ҮЗЭГЧИЙН СУУДЛААС ТОЛЬДОХУЙ

1966 оноос эхлэн 57 жилийн турш тасралтгүй зохион байгуулагдаж байгаа Super Bowl тэмцээнийг жил бүр олны танил эрхмүүд зорин ирж үздэг. Тэгвэл энэ жил АНУ-ын Үндэсний хөл бөмбөгийн лигийн аваргын төлөөх финалын тулаан болон халфтайм шоуг үзэхээр рэппер A$AP Rocky, дуучин Адель, рэппер Jay-Z болон түүний охин Блю Айви Картер, загвар өмсөгч Кара Делевинь, тогооч Гордон Рамсей, алдарт сагсан бөмбөгч Леброн Жэймс, жүжигчин Брэдли Купер болон бусад олны танил эрхмүүд хүрэлцэн иржээ.

Super Bowl 2023 тэмцээний халфтайм шоуны талаар таны мэдэх ёстой зүйлс (фото 5)
Рэппер Jay-Z болон түүний охин Блю Айви Картер
Super Bowl 2023 тэмцээний халфтайм шоуны талаар таны мэдэх ёстой зүйлс (фото 6)
Кара Делевинь
Super Bowl 2023 тэмцээний халфтайм шоуны талаар таны мэдэх ёстой зүйлс (фото 7)
Гордон Рамсей

ХАЛФТАЙМ ШОУНЫ АРД ЮУ БОЛЖ ӨНГӨРСӨН БЭ?

Super Bowl тэмцээний халфтайм шоун дээр үзүүлбэрээ толилуулах уран бүтээлчдэд тэмцээний зүгээс ямар ч төлбөр төлдөггүй, харин тэдний бүхий л зардал болоод продакшныг бүрэн хариуцаж ажилладаг талаар АНУ-ын Үндэсний хөл бөмбөгийн лигийн хэвлэлийн төлөөлөгч Жоанна Хантер Daily Star сонинд ярилцлага өгөх үедээ дурдаж байсан. Учир нь Super Bowl тэмцээний халфтайм шоунд оролцсон уран бүтээлчдийн эрэлт, цомгийн борлуулалт тэмцээний дараагаар огцом нэмэгддэг бөгөөд үүнийг Рианнагийн шоу батлан харууллаа. Түүний үзүүлбэрээс хойш хэдхэн цагийн дотор Spotify платформ дээр "Bitch Better Have My Money" дууны сонсолт 2600%, "Diamonds" дууны сонсолт 1400%, "Rude Boy" дууны сонсолт 1170%-аар өссөнөөс гадна Fenty Beauty-гийн интернэт хайлт 833%-аар өссөн үзүүлэлттэй байна. 

Super Bowl 2023 тэмцээний халфтайм шоуны талаар таны мэдэх ёстой зүйлс (фото 8)
Super Bowl 2023 тэмцээний халфтайм шоуны талаар таны мэдэх ёстой зүйлс (фото 9)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх