Хайх

#BuroCrush: Монголын сагсан бөмбөгийн шинэ үеийн эрэгтэй тамирчид

#BuroCrush: Монголын сагсан бөмбөгийн шинэ үеийн эрэгтэй тамирчид

Text: А.Сарнай


Хоёр жилийн өмнө Монголын сагсан бөмбөгийн холбоод нэгдэж, мэргэжлийн цор ганц лигтэй байхаар эцэслэн шийдвэрлэсэн нь энэ спортын цаашдын хөгжлийг тодорхойлох томоохон алхам байсан гэж хэлж болно. Үүнтэй зэрэгцэн манай шинэ, залуу, чадварлаг тамирчид олон улсаас сагсан бөмбөгийн спортоор томоохон тэтгэлгүүд хүртэж, гаднын багуудтай өндөр дүн бүхий гэрээ байгуулж эхэлсэн нь Монголын сагсан бөмбөгийн түүхэнд цоо шинэ хуудас нээгээд зогсохгүй, олон ч залууст урам зориг болж байгаа билээ.

Монголын сагсан бөмбөгийн тамирчдын оролцсон гадна, дотнын олон сонирхолтой, гал гарсан тоглолтууд үзэгчдийг дэлгэцийн өмнө уяхын зэрэгцээ баг, багийн шинэ, шилдэг тамирчид олны анхаарлыг эрхгүй татдаг. Тэгвэл бид энэ удаад BURO.-гийн крашлаад буй Монголын сагсан бөмбөгийн эрэгтэй тамирчдыг онцлон хүргэж байна.

О.Энхбаатар


#BuroCrush: Монголын сагсан бөмбөгийн шинэ үеийн эрэгтэй тамирчид (фото 1)

Ерөнхий мэдээлэл:

Төрсөн огноо: 1995.06.16

Төрсөн газар: Булган аймаг

Орд: Ихэр

Өндөр: 200 см

Харьяалагддаг баг: Erdenet Miners

Instagram хаяг: enkhbaatar_13

2012 онд анх оюутан болсон цагаасаа л сагсан бөмбөгөөр хичээллэж эхэлсэн О.Энхбаатар нь өдгөө Монгол улсын энгийн болон 3х3 төрлийн шигшээ багуудад, мөн Үндэсний дээд лигт тоглодог бөгөөд Монголын хамгийн чадварлаг тамирчдын нэгт зүй ёсоор тооцогддог. Тэрээр тун удахгүй манай улсад зохион байгуулагдах Азийн аварга шалгаруулах урьдчилсан шатны тэмцээнд Монгол улсын шигшээг төлөөлж төвийн тоглогчийн байрлалд тоглох болсноос гадна бүх оддын тоглолтын гарааны таван тоглогчийн нэг болсон юм. Ташрамд дурдахад түүний төрсөн дүү О.Хулан ч бас Үндэсний дээд лиг болон Монгол улсын эмэгтэй шигшээ багт тоглодог билээ. 

Д.Баясгалан


#BuroCrush: Монголын сагсан бөмбөгийн шинэ үеийн эрэгтэй тамирчид (фото 2)

Ерөнхий мэдээлэл:

Төрсөн огноо: 1997.10.30

Төрсөн газар: Дорнод аймаг

Орд: Хилэнц

Өндөр: 182 см

Харьялагддаг баг: Taichung Suns

Instagram хаяг: bye.sglnn

Д.Баясгалан нь Тайваний мэргэжлийн сагсан бөмбөгийн лигийн Taichung Suns багт гарааны холбон тоглогчоор тоглодог бөгөөд өнгөрөгч оны арваннэгдүгээр сард NBA-ийн найман удаагийн бүх одод, гурван удаагийн оны шилдэг хамгаалагч Дуайт Ховардыг нэгтгэсэн Taoyuan Leopard багийг буулгаж авсан томоохон амжилтыг үзүүлсэн. Мөн Тайваний мэргэжлийн лиг зөвхөн түүнд зориулж лигийн дүрэмдээ өөрчлөлт оруулсан ба тэрээр өнөөдөр багтаа импорт тоглогчоор бус Тайвань тоглогчдын нэгэн адилаар ямар нэгэн минут болоод тоглолтын хязгааргүйгээр талбай дээр гарах эрхтэй аж. 

А.Ананд


#BuroCrush: Монголын сагсан бөмбөгийн шинэ үеийн эрэгтэй тамирчид (фото 3)

Ерөнхий мэдээлэл:

Төрсөн огноо: 1997.04.04

Төрсөн газар: Улаанбаатар

Орд: Хонь

Өндөр: 195 см

Харьялагддаг баг: Хасын Хүлэгүүд

Instagram хаяг: anandkaaa

2016 оноос Этүгэн Ирвэсүүд багаас дээд лигийн карьераа эхэлж байсан А.Ананд нь сүүлийн хоёр жил дараалан бүх оддын тоглолтод оролцож буй шилдэг тамирчдын нэг. 2009 оноос өөрийн спортын карьераа анх эхлүүлсэн тэрээр 15 настайдаа Япон улсыг ахлах сургуульд суралцахаар зорихдоо мөн сургуулийнхаа шигшээ багт тоглож ялгаатай соёлын олон зүйлээс суралцаж, энэ спортод улам ч дурлаж байжээ. Тэрээр энэ сарын сүүлээр зохиогдох Азийн аварга шалгаруулах урьдчилсан шатны тэмцээнд Монгол улсын шигшээ багийн хамгаалагчийн байрлалд тоглохоор болсон юм. 

М.Өлзий-Орших


#BuroCrush: Монголын сагсан бөмбөгийн шинэ үеийн эрэгтэй тамирчид (фото 4)

Ерөнхий мэдээлэл:

Төрсөн огноо: 2000.12.08

Төрсөн газар: Улаанбаатар

Орд: Нум

Өндөр: 181 см

Харьялагддаг баг: IHC Apes

Instagram хаяг: spluz6

2025 оны Азийн аварга шалгаруулах урьдчилсан шатны тэмцээнд оролцох Монгол улсын шигшээ багийн хамгийн залуу тамирчин М.Өлий-Орших нь шинээр гарч ирж буй шилдэг тамирчдын томоохон төлөөлөл. Чөлөөт цагаараа дугуй унаж, снөүбордоор гулгах дуртай тэрээр 2014 оноос сагсан бөмбөгийн спортоор хичээллэж эхэлсэн ба яг одоо IHC Apes багт холбогчийн байрлалд тоглодгоос гадна тун удахгүй болох бүх оддын тоглолтод гарааны таван тоглогчийн нэгээр нэрлэгдээд байна. 

Ш.Энхийн-Од


#BuroCrush: Монголын сагсан бөмбөгийн шинэ үеийн эрэгтэй тамирчид (фото 5)

Ерөнхий мэдээлэл:

Төрсөн огноо: 2002.08.27

Төрсөн газар: Финикс, АНУ

Орд: Охин

Өндөр: 203 см

Харьялагддаг баг: Dayton Flyers

Instagram хаяг: mongolianmike

Энэ жил дөнгөж 21 нас хүрэх Ш.Энхийн-Од нь Монголын сагсан бөмбөгийн ертөнцөд цоо шинэ түүхийг бүтээхээр гялалзаж яваа залуу тамирчин. Тэрээр өнөөдөр NCAA-ийн нэгдүгээр дивизоны баг болох Дэйтоний их сургуулийн шигшээ Dayton Flyers багт #55 дугаарын өмсгөлтэй тоглодог бөгөөд АНУ-д сагсан бөмбөгийн спортоороо алдартай уг сургуульд спортын тэтгэлэг авч чадсан анхны монгол хүн болсон юм. Түүний аав сагсан бөмбөгийн гавьяат тамирчин Ц.Шаравжамц гэдгийг мэдэхгүй хүн ховор биз ээ. 

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх