Хайх

Арья Старкын шинэ зэвсэг ямар учиртай болох талаар ярилцацгаая

Арья Старкын шинэ зэвсэг ямар учиртай болох талаар ярилцацгаая

Арья Цагаан Үхдэлүүдийн эсрэг тулалдахдаа бэлдэж байна

Text: Buro.Mongolia


Зураг:

Энэхүү нийтлэл нь Game of Thrones цувралын спойлер агуулсан болохыг анхаарна уу.

Game of Thrones цувралын наймдугаар улирлын эхний анги дээр Арья Старк өөрийн "дурлалт залуу" Гендритэй (Гендри, Арья хоёрын дунд багахан хэмжээний сээтэгнэл өрнөснийг та ч бас анзаарсан биз дээ?) уулзаж түүнээс нэгэн нууцлаг, урьд өмнө үзэгдэж байгаагүй, өвөрмөц зэвсэг хийж өгөхийг хүсдэг билээ. Бид Арьягийн үзүүлэх зэвсгийн дизайныг төдийлөн сайн харж амждаггүй ч энэ сэдвээр судалж үзсэний эцэст хэд, хэдэн чухал деталийг анзаарлаа.

Юуны түрүүнд Арьягийн гаргасан дизайн дээр зэвсгийн нэг тал нь луугийн шилээр хийгдсэн байх учиртайг бид олж харсан. Харин луугийн шил нь Цагаан Үхдэлүүдийг хөнөөх чадвартай гэдгийг бид сайн мэднэ. Тэгэхээр Арья тун удахгүй ирэх гэж буй аймшигт дайнд ийнхүү бэлдэж байгаа бололтой. Мөн зэвсэг хоёр хурц өнцөгтэй байх ба нэг хэсэг нь нөгөөх рүүгээ эргэгдэн ордог байх магадлалтай. Бүр магадгүй луугийн шилээр хийгдсэн жад хэлбэрийн үзүүр нь хол зайд харвагддаг ч байж болзошгүй юм.

Үнэндээ Арьяд өөрийн дайснууд болон Цагаан Үхдэлүүдтэй тэмцэхэд шаардлагатай хангалттай олон зэвсэг бий. Нэгдүгээр улиралд Жоноос бэлэг болгон авч байсан Зүү хэмээх сэлэмнээс гадна долдугаар улиралд Арья түүний дүү Бран Старкыг хөнөөх оролдлогод ашиглагдсан Валирийн ганаар хийгдсэн чинжаалыг Бранаас авдаг билээ. Эргэн сануулахад Валирийн ган нь маш ховор металл төдийгүй үүгээр хийгдсэн зэвсэг нь үүрд хурц үзүүртэй байдгаараа алдартай. Мөн хамгийн гол нь Валирийн ган нь луугийн шилний адил Цагаан Үхдэлүүдийг хөнөөх чадвартай. Энэхүү ховор металлаар хийгдсэн зэвсгийг одоогоор Жон Сноу, Бриенна Тарт, Жейми Ланнистер, Сэмвелл Тарли ба Арья Старк гэх хуруу дарам цөөн баатрууд л эзэмшиж байгаа.

Тиймээс Арья Цагаан Үхдэлүүдтэй ойроос тулалдах үедээ Валирийн ганаар хийгдсэн чинжаалаа ашиглаж, харин холоос Луугийн шилээр хийсэн шинэ зэвсгээ "харвах" төлөвлөгөөтэй байгаа юм болов уу?

Харин та Арьягийн шинэ зэвсгийн талаар ямар бодолтой байна вэ?

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх