Хайх

Дэвид Гетта хилэнцийн ордод төрсөн учраас Мадонна түүнтэй хамтарч ажиллахаас татгалзжээ

Дэвид Гетта хилэнцийн ордод төрсөн учраас Мадонна түүнтэй хамтарч ажиллахаас татгалзжээ

Од эрхсийн хувьд нийцсэнгүй

Text: Buro.Mongolia


Зураг:

Францын DJ, продюсер Дэвид Гетта Youtube-ийн McFly et Carlito сувагт өгсөн ярилцлагынхаа үеэр дуучин Мадонна нэгэн цагт түүний төрсөн зурхайн ордоос шалтгаалж хамтарч ажиллахаас татгалзаж байсныг хуваалцсан байна.

Дэвид Гетта 2011 онд Мадоннагийн "Revolver" дууны ремиксээр Грэмми шагнал хүртсэний дараа энэ явдал болжээ. Үүний дараа тэд уулзалт товлон ирээдүйд хэрхэн хамтран ажиллаж болохоо ярилцсан байна. Мадонна өөрийнх нь дууны ремикс маш их таалагдсаныг онцлон, дараагийн цомгоо Дэвид Геттагаар продюсерлуулахыг хүсэж байгаагаа хэлжээ. "Би түүнтэй хамт өдрийн хоол идэхээр ирсэн. Бид хөгжим, түүний дараагийн цомог ямар байх талаар гээд ер нь л бүх зүйлийн талаар ярилцсан. Бүх юм үнэхээр сайхан бүтэж байсан".

Гэвч дараа нь яриан дундаа Гетта хилэнцийн ордод төрсөн гэдгээ хэлсэн бөгөөд үүний дараа Мадоннагийн царай огцом хувьсан "Уучлаарай, гэхдээ бид хамтарч ажиллаж чадахгүй юм байна. Танилцахад таатай байлаа. Баяртай!" гэж хэлсэн хэмээн Дэвид Гетта ярьжээ.

Дашрамд дурдахад Мадонна хамтарч ажиллах хүмүүстээ үргэлж ийм "өндөр шаардлага" тавьдаг байгаагүй юм. 1994 онд тэрээр өөр нэгэн хилэнцийн ордод төрсөн уран бүтээлчтэй хамтран ажиллаж байсан туршлагатай. Тухайн үед Исландын алдарт дуучин Бьорк Мадоннад зориулан "Bedtime Story" дууг зохиож өгсөн боловч энэ дуу нь АНУ-ын чартуудад багтаагүй ба ерөнхийдөө төдийлөн амжилт үзүүлж чадаагүй юм.

Сонирхуулахад Мадонна өөрөө арслангийн ордод төрсөн билээ.

Та хилэнц болон арслангийн ордод төрсөн хүмүүс ямар зан араншинтай байдгийг эндээс уншаарай

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх