Эжен Делакруагийн зураг амжилттай сэргээн засварлагдлаа
Константинополь хотод загалмайтнууд орж ирсэн нь
Францын суут зураачдын нэг Фердинан Виктор Эжен Делакруагийн зураг амжилттай сэргээн засварлагдлаа. Түүний алдар нэрийн оргилд хүрэхдээ бүтээсэн хэд хэдэн зургууд байдгийн дундаас Prise de Constantinople par les croisés буюу орчуулбал “Константинополь хотод загалмайтнууд орж ирсэн нь” хэмээх бүтээлийг Луврын Музей дахин сэргээж, анхны өнгө төрхөөрөө Луврын танхимд эргэн заларлаа. Энэхүү томоохон сэргээн засварлалтын ажил нь 2019 онд эхэлсэн ба Делакруагийн том хэмжээний бүтээлүүдийг хамгаалах олон жилийн төслийн чухал үр дүн хэмээн урлаг судлаачид үзэж байна.


Константинополь хотод загалмайтнууд орж ирсэн нь
Олон жилийн турш орчны болон гэрлийн нөлөөгөөр шарлаж, бараантсан тус зургийг сэргээн засварлагчид нэг нэгэнгүй цэвэрлэж, тогтсон өнгөр болон, лакан бүрхүүлийг арилгаснаар зургийн үндсэн өнгө будаг сэргэж, дүрслэлүүд өөрийн гүн гүнзгий утга агуулгаа тодхон харуулсан юм. Мэдээж хэрэг тус сэргээн засварлалтыг хэдхэн үгээр тайлбарлаж болох ч маш олон жилийн хөдөлмөр, тал бүрийн мэргэжилтнүүд нямбай ажилласан нь гарцаагүй.
1838 онд Францын хаан I дүгээр Луи Филипийн захиалгын дагуу энэхүү зураг нь анх Версалийн ордны галерейг чимэх зорилготой бүтээгдсэн юм. Делакруа захиалгаа 1840 онд дуусгаж, 1841 оны Парис Салон гэгддэг үзэсгэлэнд толилуулсны дараа Версалийн нео-готик хэв маягийн Загалмайтны танхимд хааны зарлигийн дагуу байршуулсан гэдэг. Зургийн төрөлх гэр бол үнэндээ Луврын Музей биш Версалийн ордон байсан ажээ. Гэсэн хэдий ч хожмоо Францын Дүрслэх Урлагийн Захиргаа тус зургийн өндрөөр үнэлж, түмэнд харуулах зорилгоор 1881 онд уг бүтээлийг Луврын музейд шилжүүлж, Версалийн ордонд хуулбарыг үлдээжээ.

Делакруагийн уран бүтээлийн оргил үедээ зурсан томоохон бүтээл болох тус зургийн үндсэн сэдэв нь хүчирхийлэл, ёс суртахууны хоёрдмол утгыг агуулдаг ба Загалмайтны дөрөвдүгээр аян дайны харгис үйл явдлыг дүрсэлдэг. Загалмайтны цэргүүд тухайн үедээ Египет болон Иерусалимыг эзлэн авах зорилготой байсан ч төлөвлөгөөгөө өөрчилж оронд нь Византийн эзэнт гүрний нийслэл Константинополь хотыг эзлэн авч буй ялалт болон ялалтын цаадах харгислалыг харуулдаг.
Судалгаагаар Делакруа энэ түүхэн үйл явдлын харгис хэрцгий талыг нь бүрэн дүүрэн харуулахыг зорьж байсан нь ил болсон байна. Анхны ноорогт нь моринд гишгэгдэж буй хүний толгой зурсан байсан ч хожим үүнийгээ тугуудаар халхалжээ. Яагаад моринд гишгүүлж буй хүнийг тугаар нуусан талаар эрдэмтэд морины толгойн огцом хөдөлгөөн, үзэгчид рүү чиглэсэн айдастай харцтай холбон дараах байдлаар тайлбарладаг. Ялагчид ялагдагсдад өрөвдөх сэтгэл гэж үгүй байхад морь л тэдний зовлон шаналалыг мэдэрч буй мэтээр дүрслэгдсэн гэжээ.



Делакруа мөн боолчлогдсон эмэгтэйчүүдийн хувь заяаг онцлон харуулахыг хүсжээ. Зургийн урд хэсэгт байрлуулсан тэдгээр дүрүүд тод өнгөний зохиомжийн ачаар бусад хүмүүсээс тодрон ялгардаг ба зургийн байгууламж гайхмаар хөдөлгөөнтэй харагддаг. Делакруа хүний арьсны өнгийг амьд мэт харагдуулахын тулд flochetage хэмээх өнгө холих аргыг ашигласан бөгөөд хөх, нил ягаан, ягаан, улбар шар, бүдэг ногоон, саарал өнгөнүүдийг хооронд нь хольж олзлогдсон эмэгтэйн нүцгэн биеийг дүрсэлжээ.

Өнгөрөгч сар амжилттай сэргээн засварлагдсан энэхүү бүтээл нь XIX зууны Францын уран зургийн оргил бүтээл төдийгүй, урлаг хэрхэн түүхийг хадгалж, хүмүүний эмгэнэл, ялалт, ёс суртахууны эргэцүүллийг үеийн үед дамжуулж чаддагийг харуулах үнэт өв болон Луврын танхимд дахин гэрэлтэж байна.
Төстэй нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт