Хайх

Grand Palais ордонд зохион байгуулагддаг Chanel брэндийн нүсэр шоунууд

Grand Palais ордонд зохион байгуулагддаг Chanel брэндийн нүсэр шоунууд

Text: Ж.Булган


Парис хотын төвд, Сена мөрөн болон Шанз-Элизе гудамжны хооронд сүндэрлэх Grand Palais ордон нь архитектурын өвөрмөц шийдэл, уран нарийн хийцээр бүтээгдсэн Францын хосгүй бүтээлүүдийн нэг юм. Анх 1900 онд олон улсын үзэсгэлэн яармагт зориулж баригдсан Grand Palais нь шинэ технологийн дэвшил, шинжлэх ухаан, үе үеийн урлагийн үзэсгэлэнгүүдийг нэг дор төвлөрүүлэн нийтэд хүргэх зорилго нь одоо ч хэвээр. Тухайн үед Францын засгийн газраас зарласан архитекторын уралдаанд олон шилдэг архитекторууд өрсөлдсөнөөс Анри Деглан, Альберт Лувет, Альберт Томас, Чарльз Жиро нарын хамтарсан бүтээл шалгарч, ердөө гурван жилийн дотор буюу 1897–оос 1900 оны хооронд барьж дуусгажээ. Beaux-Arts хэв маягаар баригдсан уг ордон нь төмөр, ган, шил гэсэн үндсэн элементүүдээр бүтээгдсэн ба орчин үеийн архитектурын салбарынханд өнөөдөр ч хийцээрээ гайхагддаг билээ. Гэвч Дэлхийн II дугаар дайны үед Германы цэргийн зэвсэг, байлдааны машинуудын агуулах болон хувирч, 1944 онд Парисыг чөлөөлөх үеэр тус ордныг нураах ирмэгт тулж байсан ч Францын босогчид авран хамгаалж чаджээ.

Grand Palais ордонд зохион байгуулагддаг Chanel брэндийн нүсэр шоунууд (фото 1)
Grand Palais ордонд зохион байгуулагддаг Chanel брэндийн нүсэр шоунууд (фото 2)

 

Grand Palais ордонд зохион байгуулагддаг Chanel брэндийн нүсэр шоунууд (фото 3)
Grand Palais ордонд зохион байгуулагддаг Chanel брэндийн нүсэр шоунууд (фото 4)

Дайны хүнд жилүүдийг даван туулсан ч XXI-р зууны эхэн гэхэд тус ордон барилгын насжилттай холбоотой чанарын шаардлагад нийцэхгүй болсон тул Францын соёлын яамнаас иж бүрнээр нь дахин засварлах төлөвлөгөөг боловсруулж, 2021 онд хаалгаа барин нийт дөрвөн жилийн дараа буюу 2025 онд засварын ажлыг амжилттай хийж дуусгажээ. Таван жилийн турш үргэлжилсэн энэхүү шинэчлэлд нийт 466 гаруй сая евро зарцуулсан албан бус тооцоолол байгаа бөгөөд архитектурын анхны хэлбэрийг хадгалах, нэмэлтээр орчин үеийн технологийг нэвтрүүлэх, тусгай хэрэгцээт иргэд болон ахмад зочдод ээлтэй орчныг бий болгох зорилтыг амжилттай хэрэгжүүлжээ. Хувцас загвар болон урлаг сонирхогчдын зүгээс анхаарал татдаг бас нэгэн тодотгох арга хэмжээ бол тус ордонд зохион байгуулагддаг Chanel брэндийн загварын шоу билээ. Тайзны дэглэлт талаасаа ч тэр үзэгчдийг үргэлж гайхшируулж чаддаг тус брэндийн үзүүлбэрүүдийг Grand Palais ордны дотоод орон зай гагцхүү цогцлоож чаддаг гэдэгт мэргэжилтнүүд маргадаггүй билээ. Дөрвөн жил засварын ажилд дарагдсан Grand Palais ордон энэ онд үүд хаалгаа нээхдээ мөн л Chanel брэндийн загварын шоуг зохион байгуулж олны нүдийг хужирлалаа. Үүгээр нийт уншигчдадаа Grand Palais ордонд зохион байгуулагдсан Chanel брэндийн үе үеийн тайзны дэглэлт, дотоод заслын гайхамшгийг танилцуулж байна. Эдгээр тайзны дэглэлтүүдийн ард олон артистуудийн хүч хөдөлмөр шингэсэн гэдгийг бичихийн ялдамд тус брэндийн бүтээлч захирлын албыг олон жилийн турш хашсан домогт Карл Лагерфельдийн аливаад бүтээлчээр ханддаг хандлага маш их нөлөөлсөн гэдгийг цохон тэмдэглэх нь зүйтэй.

Chanel хавар 2008

Grand Palais ордонд зохион байгуулагддаг Chanel брэндийн нүсэр шоунууд (фото 5)

Chanel ордны бэлгэ тэмдэг болсон хүрмийг аварга хэмжээтэй уран баримал болгон сүндэрлүүлж загвар өмсөгч нар тус баримлыг тойрч алхсан билээ.


Chanel хавар-зун 2011

Grand Palais ордонд зохион байгуулагддаг Chanel брэндийн нүсэр шоунууд (фото 6)

Карл Лагерфельд Версалийн ордны эргэн тойрны цэцэрлэгүүдээс санаа авч аварга том усан оргилуурыг танхимын гол цэгт байршуулжээ.


Chanel хавар-зун 2013

Үзэсгэлэнгийн танхимыг "эрчим хүч" гэж нэрлэхээс өөр аргагүй. Тог хураагуур салхиар ажилладаг сэнс эргэлдэх нь ирсэн зочдод нэгэн шинэ мэдрэмжийг төрүүлсэн нь гарцаагүй.


Chanel хавар-зун 2015

Хот доторх хот. Эрх чөлөөтэй өөртөө итгэл дүүрэн алхах бүсгүйчүүд Парис хотын гудмаар алхаж буй мэтээр Grand palais дотор бас нэгэн хот байгуулсан нь.


Chanel намар-өвөл 2017

Карл Лагерфельд сансрын станцаас санаа авч хөөрөх зурвас, сансрын хүрээлэнгийн ажилчдын албан тасалгааг хүртэл зохиомжлов.

Grand Palais ордонд зохион байгуулагддаг Chanel брэндийн нүсэр шоунууд (фото 11)
Grand Palais ордонд зохион байгуулагддаг Chanel брэндийн нүсэр шоунууд (фото 12)

 


Chanel өвөл 2017

Францын бэлгэ тэмдэг Эйфелийн цамхагийг Grand Palais ордон дотор сүндэрлүүлсэн нь архитектур болон уран барилга сонирхогчдын хувьд бас нэгэн шуугиан болж байсан юм.

Grand Palais ордонд зохион байгуулагддаг Chanel брэндийн нүсэр шоунууд (фото 13)
Grand Palais ордонд зохион байгуулагддаг Chanel брэндийн нүсэр шоунууд (фото 14)

Chanel хавар-зун 2018

Францын зүүн өмнөд хэсэгт орших Вердоны хавцлыг дуурайлган зохион бүтээжээ.

Grand Palais ордонд зохион байгуулагддаг Chanel брэндийн нүсэр шоунууд (фото 15)
Grand Palais ордонд зохион байгуулагддаг Chanel брэндийн нүсэр шоунууд (фото 16)
Grand Palais ордонд зохион байгуулагддаг Chanel брэндийн нүсэр шоунууд (фото 17)

Chanel намар-өвөл 2018

Шарласан навчис, амьд модод, хөрс чийгийн үнэрийг хүртэл ирсэн зочид үнэртэж байсан гэдэг. Grand Palais ордон дотор намрын ой ийн бүрджээ.


Chanel хавар 2019

Chanel By The Sea нэртэй загварын шоуг амилуулсан гол зүйл бол тайз засал байсан юм. Далайн эргийн хөвөөг буулгаад зогсохгүй далайн давлагааг хүртэл хиймлээр давлагаалуулж байсан нь чамгүй олон хүний гараар бүтсэн нь дамжиггүй.


Chanel хавар-зун 2025

Тус брэндийн өөр хоорондоо эсрэгцсэн хоёр С үсгийг аварга том нумарсан тайз болгожээ.


Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх