Хайх

Испанийн Нервион голд живж буй толгойн баримлыг суурилуулжээ

Испанийн Нервион голд живж буй толгойн баримлыг суурилуулжээ

Цаг уурын өөрчлөлтийн асуудалд олны анхаарлыг хандуулах зорилгоор

Text: Buro.Mongolia


Бильбао хотын Нервион голд Мексикийн нэрт зураач Рубен Орозкогийн бүтээсэн живж буй охины баримлыг суурилуулжээ. Энэхүү “Bihar” нэртэй уран бүтээл нь Баск хэлнээс "маргааш" хэмээн орчуулагддаг бөгөөд уг баримлыг залуу охины толгойн дүрсээр урласан байна. Тус баримал нь усны түвшин ихсэх үеэр бүр мөсөн алга болдог бол түвшин буурах үед дээшээ хөвөн гарч ирдэг гэнэ. Зураач уг бүтээлээрээ уур амьсгалын өөрчлөлтийн тулгамдсан асуудлыг хөндсөн төдийгүй бидний ирээдүй өнөөдрийн гаргаж буй шийдвэрээс шалтгаалах болно гэсэн санааг харуулсан юм. 

Бүтээлчийн уг санааг илүү дэлгэрэнгүй ойлгуулах үүднээс Бискайя мужийн хөгжлийг хариуцсан BBK Foundation байгууллага төсөлд зориулж тусгай вебсайт нээсэн байна. Вебсайтаас мөн Бильбаогийн усны түвшин хэрхэн өөрчлөгдөж байгаа талаарх мэдээллийг харах боломжтой юм.

“Bihar” баримал давирхай болон шилэн материалаар хийгдсэн бөгөөд будагны оронд тунгалаг давирхайгаар будагдсан байна. Зураачийн хэлснээр тус баримал нь арван настай охины толгойг 11 дахин томруулсан хувилбар бөгөөд ойролцоогоор 120кг жин, 1.7м өндөр, 1.92м өргөнтэй гэнэ.

BBK Foundation байгууллагын төлөөлөгчид тус баримлыг голд суурилуулах ажлыг шөнө дунд хийсэн бөгөөд энэ нь Бильбао хотын оршин суугчдыг бага зэрэг айлгасан хэмээн мэдэгдсэн байна.

"Анх баримлын нүүрний дийлэнх хэсэг усан доор байхыг хараад би маш их стресс мэдэрсэн. Харин одоо бол охины баримал надад маш их уйтгар гунигийг мэдрүүлж байна" хэмээн нэгэн Бильбао хотын оршин суугч мэдэгджээ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх