Хайх

Линдси Лохан өөрийн хөтлөн явуулах подкаст болон Netflix-ийн шоугаар эргэн ирнэ

Линдси Лохан өөрийн хөтлөн явуулах подкаст болон Netflix-ийн шоугаар эргэн ирнэ

Линдси Лоханы талаарх сүүлийн үеийн мэдээллүүд

Text: Buro.Mongolia


2000-аад оны ахлах сургуулийн сэдэвт кинонуудын од, томоохон скандалуудыг дагуулдаг байсан жүжигчин Линдси Лохан 2022 онд Netflix-ийн романтик инээдмийн кино болон өөрийн хөтлөн явуулах подкастаараа эргэн ирэх гэж байна.

Netlfix платформ дээр гарах шинэ киноных нь талаар

Линдси Лохан 1998 онд дэлгэцийн бүтээл болж байсан «The Parent Trap» киногоор уран бүтээлийн гараагаа эхлүүлсэн түүхтэй. Тухайн үед Линдси 12 настай байсан бөгөөд тус киноны дараагаар түүний карьер 2005 он хүртэл тасралтгүй өссөн юм. Харин 2005 оноос хойш жүжигчний согтууруулах ундаа болон хар тамхитай холбоотой скандалууд тасралтгүй гарч, түүний нэр хүнд эрс унасан билээ. Тэрхүү явдлаас хойш Линдси Лохан 2019 онд «Among the Shadows” гэх аймшгийн киноны гол дүрийг бүтээсэн ч төдийлөн амжилт олж чадаагүй юм.

Тэгвэл тун удахгүй буюу 2022 онд Линдси Лохан анхныхаа Netflix шоуны гарааг эхлэхээр болжээ. Тодруулбал, тэрээр романтик, инээдмийн төрлийн нэгэн бүтээлд эрх, танхил зочид буудлын өв залгамжлагчийн дүрийг бүтээх гэнэ. Үйл явдлын хувьд цанын бааз дээр болсон золгүй явдлаас үүдэн гол дүрийн охин (Линдси Лохан) ой санамжаа алдаж, дур булаам энгийн нэг ажилчны гэрт ухаан орсноор үйл явдал цааш үргэлжилдэг байна. Одоогоор тус киноны нэр болон бусад деталиуд тодорхойгүй байгаа юм.

Линдси Лоханы хөтлөн явуулах шинэ подкаст

Киноноос гадна уран бүтээлч маань дуу, хөгжимд сонирхолтой билээ. Тухайлбал, 2002 онд тэрээр Латин урсгалын дууны продюсер, 19-р удаагийн Грэммигийн шагналт Эмилио Эстефантай гэрээ хийж байсан ч харамсалтай нь нэг ч бүтээл гаргаагүй юм. Мөн Линдси 2004 онд Casablanca Records лейблтэй холбогдон дуу, хөгжмийн карьераа эхлүүлэх оролдлогыг дахин хийсэн байдаг. Улмаар Лохан Speak нэрэн дор анхны цомгоо гаргаж, хөгжмийн тоглолтоо хийхээр төлөвлөж байсан ч эрүүл мэндийн асуудлаас шалтгаалан чадаагүй юм.

Харин одоо Линдси Лохан аудио салбарын нэг төрөл болох подкастын ажлаа Studio 71-тэй хамтран эхлүүлэхээр болжээ. «Би салбар салбарын лидерүүд, найзуудтайгаа дотно яриа өрнүүлж, өөрийн дуу хоолойгоо шүтэн бишрэгчдэдээ хүргэхийг тэсэн ядан хүлээж байна» хэмээн Линдси өөрийн Instagram хуудсандаа нийтэлсэн байна.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх