Хайх

Жин хасалт, салалт болон шинэ цомог: Дуучин Адель Опрагийн шоунд юу ярив?

Жин хасалт, салалт болон шинэ цомог: Дуучин Адель Опрагийн шоунд юу ярив?

Ярилцлагын онцлох хэсгүүд

Text: Buro.Mongolia


Өнгөрөгч Ням гарагт Лос-Анжелес хотноо дуучин Адель энэ сарын 19-нд олны хүртээл болох “30” нэртэй цомогтоо зориулан нэгэн мэдрэмж хөглөх дуунууд эгшиглэсэн онцгой хөгжмийн үдэшлэг зохион байгууллаа. Тус тоглолтод дуучин Lizzo, жүжигчин Леонардо Ди Каприо, дуучин Дрейк зэрэг алдартнууд хүрэлцэн ирсэн юм. Мөн сүүлийн зургаан жил уран бүтээлээ толилуулаагүй түүний энэхүү тоглолт нь орон орны шүтэн бишрэгчдийг баярлуулсан төдийгүй тус арга хэмжээний үеэр өөр нэгэн сэтгэл хөдөлгөм үйл явдал тохиосон билээ. Тодруулбал, тоглолтын үеэр Квентин гэх залуу тайзнаа гарч ирэн найз бүсгүй Эшлид гэрлэх санал тавьсан байна. Харин Адель үзэгчдээс чимээгүй байхыг хүсэн ийнхүү залуу хосуудад ховор боломж болон дурсамж дүүрэн мөчийг бэлэглэсэн юм. Эшли саналыг зөвшөөрч, Адель залуу хосуудад зориулан өөрийн “Make You Feel My Love” бүтээлээ толилуулжээ.

Түүнчлэн уг тусгай арга хэмжээний хүрээнд Адель Опра Уинфригийн ярилцлагын нэвтрүүлэгт зочноор уригдан 45кг жин хассан түүхээсээ эхлээд нөхрөөсөө салсан тухай, шинэ цомог, хүү Анжело, архины донтолтын эмгэгтэй байсан эцэг, одоо болзож буй залуу гээд өргөн сэдвийн хүрээнд ярилцлаа. Хувийн амьдралынхаа талаар тэр бүр хуваалцаад байдаггүй дуучин бүсгүйн энэхүү ярилцлагын онцлох хэсгүүдээс хүргэж байна.

Адель сэтгэлийн түгшүүрээсээ ангижрахын тулд спортоор хичээллэж эхэлсэн

Тэрээр ярилцлагын үеэр спортоор хичээллэх болсон гол шалтгаан нь жин хасаж, турах зорилго биш байсан гэдгийг онцолсон юм. “Гэрлэлтээ цуцлуулсны дараагаар надад тун аймшигтай санагдаж, сэтгэлийн түгшүүр илэрч эхэлсэн. Тиймээс тухайн үед дасгал, хөдөлгөөн хийх нь миний сэтгэл зүйг хянах цорын ганц сонголт болсон. Мөн спорт надад амар амгалан, өөртөө итгэх итгэлийг авчирсан юм” хэмээн ярьжээ. Тэрээр өмнө нь ч бодипозитив үзэл бодолтой хүн байсан бөгөөд одоо ч энэхүү үзэл бодлоо баримталдгаа мөн хэлсэн юм.

Тэрээр нөхөр Саймон Конеккигоос салсандаа урам хугарсан

Өдгөө 33 настай Адель найман жил ханилсан Саймон Конеккигоос салсан нь түүний болон тэдний хүү Анжелогийн урмыг ихэд хугалсан хэмээн ярилцлагын үеэр мэдэгджээ. Эргэн сануулахад, тэд 2019 онд гэрлэлтээ цуцлуулахаар шийдсэн юм. “Би насаараа ‘nuclear’ (аав, ээж, хүүхдээс бүрдсэн ердийн гэр бүл) гэр бүлийг хүсдэг байсан. Учир нь өөрөө тийм зүйл үзээгүй болохоор. Бага байхаасаа л би хүүхэдтэй болохоороо нөхөртэйгөө яаж ч байсан хамтдаа байх болно гэж өөртөө амлаж байсан юм. Үүнийгээ биелүүлэхийн тулд би маш удаан хугацаанд хичээсэн. Салах шийдвэр гаргахдаа би хүүгийнхээ өмнөөс маш ихэд урам хугарсан. Мөн өөртөө багагүй урам хугарсан” хэмээн хуваалцсан юм. Хариуд нь Опра бусад эмэгтэйчүүд Аделийн салалтын шийдвэрийг хараад заавал хүүхдийнхээ төлөө утга учиргүй болсон, аз жаргал авчрахгүй байгаа гэрлэлтийг тэвчих албагүй гэдгийг ухаарах болно гэж хэлсэн юм. Мөн өөрийн аз жаргалтай байгаа дүр төрхөө хүүхдэдээ харуулахыг эрмэлзсэн нь хүүхдэд өгч болох хамгийн зөв бэлэг гэдгийг онцолсон байна.

Саймон Конекки түүний амийг аварсан

Ярилцлагын үеэр дуучин хэд, хэдэн сэтгэл өвтгөм зүйлс ярьсны нэг нь түүний сэтгэлийн хямралын тухай байсан билээ. “Би буруу замаар орчхож болох байсан. Мөн миний амьдралд тохиож байсан олон зүйлээс үүдэн өөрийгөө сүйтгэх замыг ч сонгох өндөр магадлалтай байлаа. Яг тэр үед л Саймон миний амьдралд гарч ирсэн. Тэр маш тогтвортой хүн байсан. Магадгүй бид салах хүртэл миний амьдралд байсан хамгийн тогтвортой нэгэн байсан байх” хэмээжээ. Саймон, Адель нар одоогоор Лос-Анжелес хотноо бие биетэйгээ ойр амьдарцгааж байгаа бөгөөд есөн настай хүүгээ хамтран өсгөн хүмүүжүүлж байгаа аж. Адель хүүгийнхээ аавд бүрэн дүүрэн итгэлтэй байдаг талаар дурдаж “Саймон болон Анжело хоёр над руу илгээгдсэн сахиусан тэнгэрүүд шиг санагддаг” хэмээсэн юм.

Адель “30” нэртэй цомгоо хүүдээ зориулсан

Аделийн хувьд бага насны хүүдээ яагаад аавд нь хайргүй болсныг тайлбарлах нь ихэд хүнд асуудал байжээ. “Хүү маань надаас маш олон асуулт асуусан ч би юу гэж хариулахаа мэдэхгүй байсан. Яагаад гэвэл би хариултуудыг нь мэдэхгүй байсан учраас”. Харин уг цомогт багтсан дуунууд нь Анжелод эцэг эх нь ямар шалтгаанаар салсныг ойлгуулах гэнэ.

“Энэхүү цомог маань Анжелогийн талаар биш, харин миний тухай өгүүлсэн юм. Би өөрийгөө хэн болохыг гүн гүнзгий байдлаар тайлбарлаж байгааг хүү маань сонсоосой л гэж хүссэн юм” хэмээн дуучин хэлжээ.

Мөн Опра түүнээс дахин гэр бүл зохиох бодолтой байгаа эсэхийг асуухад тэрээр “Би үүнд яахын аргагүй бэлэн байгаа. Би илүү олон хүүхэдтэй болохыг хүсэж байна. Тэглээ гээд ахиад хүүхэдтэй болохгүй бол энэ нь миний хувьд хорвоогийн сүйрлийг илтгэхгүй. Надад Анжело байгаа шүү дээ” хэмээжээ.

Жин хасалт, салалт болон шинэ цомог: Дуучин Адель Опрагийн шоунд юу ярив? (фото 1)

Адель болон түүний аавын хоорондох харилцаа

Түүний аав Марк Эванс архинд донтох эмгэгтэй нэгэн байжээ. Мөн аав нь Аделийг нялх байхад нь орхиод явсан гэгддэг билээ. Тэгвэл дуучин бүсгүй сүүлийн гурван жилийн хугацаанд аавтайгаа эвлэрсэн гэдгээ дуулгаж аавыгаа энэ оны тавдугаар сард хавдрын улмаас таалал төгсөхөөс нь өмнө түүнд шинэ цомгоо бүтнээр нь сонсгосон байна. “Бид бие биенээ уучилсан...Мөн бид хоорондоо амар амгалан байдлыг тогтоож, түүнд Zoom-р дуунуудаа сонсгосон”.

Рич Полтой уулзсанаас хойш Адель өөрийгөө жинхэнээсээ хайрлаж эхэлсэн байна

Өнгөрөгч сард Адель Vogue сэтгүүлд өгсөн ярилцлагадаа 39 настай спортын агент Рич Полтой хайр дурлалын харилцаатай болсон талаар мэдэгдсэн билээ. Тэгвэл Опрад хэлэхдээ тэрээр Рич Полтой уулзсанаасаа хойш анх удаа өөрийгөө хайрлаж эхэлжээ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх