Anxiety буюу сэтгэл түгших эмгэг: Хэрхэн илрүүлж, даван туулах вэ?
Мэргэжлийн сэтгэл зүйчийн өгч буй зөвлөмжүүд
Загварын салбарын хамгийн нөлөө бүхий хүмүүсийн нэг болох загвар өмсөгч Белла Хадид хэдхэн хоногийн өмнө Instagram хуудаснаа өөрийн сэтгэлийн түгшүүр болон гүн хямралын талаар илэн далангүй бичсэн пост нийтэлсэн билээ. Тэрээр жүжигчин, дуучин Уиллоу Смитын сэтгэцийн эрүүл мэндийнхээ тухай ярьсан ярилцлагад хариу өгч ийнхүү өөрийн асуудлуудаа олон нийтэд шударгаар дэлгэсэн юм. Белла өөрийн уйлж буй цуврал зургуудыг нийтлээд доор нь ганцаардал мэдрэхгүйн тулд аз жаргалынхаа төлөө хамтдаа тэмцэх нь хичнээн чухал болох талаар эргэцүүллээ бичиж үлдээсэн байна.
Эрүүл мэндийн хэмжүүр, үнэлгээний хүрээлэнгийн 2018 онд гаргасан судалгааны дагуу уг эмгэгээр ойролцоогоор дэлхийн нийт хүн амын 284 сая хүн өвчилжээ. Мөн АНУ-ын Morbidity and Mortality Weekly Report сэтгүүлд дурдсанаар коронавирусын цар тахлын улмаас хүмүүст сэтгэл түгших эмгэгийн шинж тэмдэг гурав дахин ихээр илэрдэг болжээ. Тэгэхээр энэхүү орон орны хүмүүсийн нүүр тулж буй сэтгэлийн түгшүүр нь яг ямар шалтгааны улмаас үүсэж, мөн үүнийг хэрхэн эмчилж, урьдчилан сэргийлэх талаарх дэлгэрэнгүй мэдээллийг бид мэргэжлийн сэтгэл зүйчийн хамтаар бэлтгэн хүргэж байна.
Энэ удаад мэргэжлийн сэтгэл зүйч, доктор (Ph.D), дэд профессор Д.Цогзолмаа тус эмгэгийн шинж тэмдгүүд болон ямар арга хэмжээ авах талаар BURO.-гийн уншигчдад хуваалцсан юм.
Сэтгэл түгших эмгэг гэж яг юу вэ?
Сэтгэл түгших эмгэг нь Монгол улсад төдийгүй дэлхийн бусад улс орнуудад тархалтаараа нэлээн дээгүүр байр эзэлдэг эмгэг билээ. Сэтгэл түгших мэдрэмж нь хүн бүрт тодорхой хэмжээгээр илэрч байдаг. Тухайлбал, энэ нь гэртээ оройтчихвол аав, ээж загнах болов уу, энэ ажил маань бүтэлгүй болчих вий гэх мэтээр бидний хийж буй зүйлстэй холбоотой үүсдэг хэвийн хариу үйлдэл юм. Гэтэл энэ мэдрэмж хэвийн хэмжээнээс илүү ихээр үүсэж, байнга бөгөөд тогтвортой үргэлжлэх хандлагатай бол эмгэг гэж үзэж болно. Өөрөөр хэлбэл, болоогүй үйл явдлыг урьдчилан таагүй мэдэрч, энэ нь сэтгэл зүйн төдийгүй бие махбодын түвшинд нөлөө үзүүлж байгаа нь сэтгэл түгших эмгэг юм.
Сэтгэл түгших эмгэгтэй болоход удамшил, биологийн хүчин зүйлс, хүний сэтгэл хөдлөлийн хариу үйлдэл, гэр бүлийн хүмүүжил, амьдралд тохиолдсон үйл явдал, эрүүл мэнд, нийгэм, сэтгэл зүйн байдал гээд олон хүчин зүйл нөлөөлнө. Эдгээрээс эцэг эхийн хоорондын харилцаа их чухал үүрэгтэй билээ. Аав ээж нь хоорондоо байнга маргалдаж, зөрчилдөж байдаг гэр бүлд хүүхдүүд сэтгэл түгшилттэй болох нь цөөнгүй тохиож байна.
Сэтгэл түгших эмгэгийн ямар төрлүүд байдаг вэ?
Сэтгэл түгших эмгэгийн олон хэлбэрүүд байдаг ч илүү зонхилон илэрч байгаа нь сэтгэл түгээмлээр түгших эмгэг (GAD), сандрах дайралт, нийгмийн айдас, талбайн айдас зэрэг байдаг.
- Сандрах дайралт нь огцом хүчтэй илэрч, богино хугацаанд үргэлжилдэг юм. Жишээ нь өндөр хадны хавцалд зогсож байгаад доошоо харахад ихэнх хүмүүсийн хувьд дотор муухайрах, толгой эргэх, амь насаа алдчих вий гэсэн бодол төрөх, амьсгал давчдах зэрэг мэдрэмж төрнө.
- Тэгвэл нийгмийн айдастай хүнд олны өмнө гарах, хүмүүс өөрийг нь анзаарах, хүмүүстэй харилцах зэрэг үед таагүй мэдрэмж төрдөг.
- Харин талбайн айдас нь задгай газар, олон хүн хөлхсөн гудамж, томоохон зах, худалдааны төв зэрэг газраар явахаас зайлсхийх байдлаар илэрдэг.
Сэтгэл түгших эмгэг ямар шинж тэмдгээр илэрдэг вэ?
Сэтгэл түгшилт нь биеийн зовиураар илүү их мэдрэгдэж илэрдэг. Миний сэтгэл зүйд асуудал байна гэхээсээ илүү биеийн зовиур мэдэрч, онош тогтоох гэж их явдаг. Зарим нь өөр улс орон руу хүртэл явж, оношилгоонд хамрагдаад сэтгэл зүйн асуудалтай гэдгээ мэддэг тохиолдлууд бас бий.
Олон тохиолддог жишээ нь хоолой дээр юм тээглэх, зүрх дэлсэх, гарын алга чийг даах, толгой эргэх, чих шуугих, ам хатах, ойр ойрхон бие засах, булчин чангарах, нуруу өвдөх, нойргүйдэх гэх мэт биеийн шинж тэмдгүүдээр илэрдэг. Хоолой дээр юм горойгоод байна гээд бамбай, чих, хамар хоолойн эмчид үзүүлээд явах боловч биеийн талаасаа онош батлагддаггүй. Мөн зүрх дэлсээд байхад эмч нар оношилж чадахгүй байна гэж бухимдах хүмүүс цөөнгүй. Гэтэл энэ биеийн биш, сэтгэл санааны асуудал юм.
Хүүхдүүдийн хувьд сэтгэл түгшилт нь өөрийгөө өвтгөх байдлаар бас илэрч байна. Жишээ нь үсээ байнга зулгаах, хумсаа мэрэх, биеийн далд газраа хөнгөн зүсэх, чимхэж хөхрүүлэх г.м.
Сэтгэл түгших эмгэгтэй хүн ихэнхдээ биеэ суллаж тайван байж чаддаггүй учраас хөмсгөө зангидсан, биеэ хураасан, гар хуруугаа байнга оролдсон гэх мэт байдлаар анзаарагддаг.
Өнөө үеийн цар тахал болон хөл хорио уг эмгэгийг үүсэхэд нөлөөлж байгаа юу?
Цар тахлын үед айдас түгшилт эрс нэмэгдэж байгаа. Олон улсад, манайд ч мөн адил энэ чиглэлийн судалгаа хийгдэж байна. Гэхдээ хүн бүрт харилцан адилгүй нөлөөлнө. Тодруулбал, тоомжиргүй, хэнэггүй хүнд гайгүй боловч угийн сэжигч, болгоомжтой хүмүүсийн хувьд нийгмийн харилцаанд орохоос айх, хүнд ойртохгүй байх, бактериас айх гэх мэт шинжүүд илрэх магадлалтай. Oйр ойрхон гараа угаах, юманд хүрэхээс сэжиглэх, ариутгах гээд үйлдэл, бодол санаа мөн ихсэж, энэ өвчин алга болсны дараа ч хэдэн жил үргэлжилж болдог.
Тэгвэл олон нийтийн сүлжээ нөлөөлж байгаа юу?
Олон нийтийн сүлжээ хүний үзэл бодолд хүчтэй нөлөөлдөг. Нийгмийн сэтгэл зүйн судалгаагаар хүмүүсийн 70 орчим хувь нь мэдээллийг ямар ч шүүлтүүргүй хүлээж авч байна. Нас, боловсролын түвшин бага байх тусам мэдээлэл ямар нэг хаалтгүйгээр нөлөөлөх гээд байдаг. Банкнаас мөнгө алдагдлаа гэдэг мэдээлэл гарсны дараа хүмүүс мөнгөө алдчих вий гэж түгшиж эхэлж байна. Энэ дашрамд хэлэхэд, хэвлэл мэдээллийн байгууллагууд асуудлыг олж харж, мэдээллэж байгаа нь сайн хэрэг боловч нийгэмд эерэг мэдээлэл түгээхэд илүү анхаармаар санагддаг. Нөгөө талаар түгшилт өндөртэй байх тусам бараан мэдээлэлд татагдах гээд байдаг юм.
Уг эмгэгийг хэрхэн эмчилдэг вэ?
Сэтгэл түгших эмгэг нь дотроо хөнгөн, дунд зэрэг, хүнд гээд гурван төрөл бий. Хөнгөн үед өөртөө нөлөөлөөд байх боломжтой юм. Хэвлийн амьсгалын дасгал хийж булчингаа суллаж сурах нь чухал. Мөн өөртөө итгүүлэх хэрэгтэй байдаг. Өөрөөр хэлбэл, тухайн хүн өөрийгөө эмчлэх чадвартай гэдгийг өөртөө итгүүлэх боломжтой юм. Түүнчлэн сэтгэл зүйчид хандаж, өөрийгөө тайвшруулах арга техникт суралцаж, өөрийгөө илүү сайн мэдэж болно. Хүндэрсэн үед сэтгэцийн эмчид хандаж, эмэн эмчилгээ хийлгэж болно.
Хэрхэн өөрийгөө уг эмгэгээс урьдчилан сэргийлэх вэ?
Асуудлыг эерэг талаас харж сурвал зүгээр, гэхдээ зарим хүмүүс тэгж чаддаггүй. Сэтгэл түгшүүртэй байгаа нь гүн гүнзгий итгэл үнэмшил болоод тогтчихсон байдаг. Жишээ болгох үүднээс нэгэн шог яриа дурдьяа. Дандаа муу үг хэлж явдаг нэг залуу айлын хуриманд явахаар болоод эхнэр нь "За чи дандаа муу билэггүй үг хэлдэг, болохгүй шүү" хэмээн захиж захиж нөхрөө хуриманд явуулжээ. Нөхөр нь хуриман дээр нэг ч үг хэлэхгүй сууж байгаад гарахдаа "Би билэггүй үг хэлээгүй шүү, бэр чинь үхвэл надад хамаагүй шүү" гээд гарсан гэдэг.
Сэтгэл судлалд бодол-мэдрэмж-үйлдэл гэсэн хэлхээнд хүнд засал хийдэг техник бий. Ямар нэг үйл явдал болоход тухайн хүнд бодол төрнө, тэр бодолд тулгуурласан мэдрэмж бий болно. Мэдрэмжээ дагасан үйлдэл хийнэ. Жишээ нь шөнө унтаж байтал хажуу айлд хүчтэй чимээ гараад та сэрчихлээ гэж бодъё. Хажуу айлд хүчирхийлэл үйлдэгдэж байна гэсэн бодол төрвөл тайван бус болох, зүрх дэлсэх гэх мэт мэдрэмж төрнө. Ийм мэдрэмж төрвөл та нойргүйдэх, мөн цагдаа дуудах гэх мэт үйлдэл хийнэ. Харин хүмүүс найрлаж байгаа байх гэсэн бодол төрвөл арай өөр мэдрэмж, арай өөр үйлдэл хийх болно. Тэгэхээр сэтгэл зүйчид хүний бодолтой ажиллаж, зан байдлыг өөрчлөх оролдлого хийдэг гэсэн үг юм.
Сэтгэл түгших эмгэгийн үед өдөр тутамдаа ямар арга хэмжээ авч, юу хийж хэвших хэрэгтэй вэ?
Сэтгэл түгших эмгэгийн үед:
- Асуудлыг хөнгөн, хөгжилтэй байдлаар хүлээж авч сурах.
- Ямар ч нөхцөлд гарц заавал байдаг гэж бодох.
- Амьсгалын болон булчин суллах дасгал хийж хэвших.
- Сөрөг агуулгатай мэдээ мэдээллээс боломжийнхоо хэрээр хол байх.
- Сэтгэл хөдлөлөө анзаарч сурах.
- Сэтгэл тайван, жаргалтай болгодог зүйлсийн жагсаалт гаргаж, жаахан тавгүйтээд эхэлбэл жагсаалтад байгаа зүйлсээс хийж, өөрийгөө тайвшруулдаг байх.
Сэтгэл тайван бус байдалтай удаж болохгүй гэдгийг анхаараарай. Энэ нь хүний биеийн эрүүл мэнд, шийдвэр гаргах, бусадтай харилцах, ажлын бүтээмж гээд бүх л зүйлсэд сөргөөр нөлөөлж байдаг тул өөртөө нөлөөлөх гээд чадахгүй үедээ сэтгэл зүйч, сэтгэцийн эмчид хандах нь зөв юм шүү.
Сэтгэл түгших эмгэгтэй нүүр тулж буй ойрын хүндээ ямар дэмжлэг үзүүлэх вэ?
Таны хажууд сэтгэл санаа их түгшээд байдаг хүн байгаа бол амьсгалын дасгал цуг хийх, цагийг хамтдаа өнгөрөөх, ярилцах аргуудыг хэрэглэж болно. Тэр бүр үр дүнд хүрэхгүй байж болох тул мэргэжлийн хүнд хугацаа алдалгүй хандахыг зөвлөж байна.
Төстэй нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт