Хайх

Зургаа, долоодугаар сард цацагдах цомгууд

BTS, Элтон Жон, Нил Янг болон бусад

Text: Buro.Mongolia


Өмнө нь бид та бүхэнд дөрөв, тавдугаар сард нээлтээ хийх цомгуудыг шилж сонгон танилцуулж байсан билээ. Үргэлжлүүлэн зургаа, долоодугаар сард нээлтээ хийх цомгуудаас хүргэж байна.

Элтон Жон – Madman Across The Water (Deluxe Edition)

Хэзээ: Зургаадугаар сарын 10

Зургаа, долоодугаар сард цацагдах цомгууд (фото 1)

Английн хамгийн нэр хүнд бүхий уран бүтээлчдийн нэг, Грэммийн, Тонийн, Оскарын шагналт, бүхэл бүтэн жарны турш уран бүтээлээ туурвисаар буй Элтон Жоны 1971 оны “Madman Across The Water” цомог 50 жилийнхээ ойн хүрээнд делюкс хувилбараар гарахаар төлөвлөгдөөд байна. Делюкс хувилбарын онцлог нь Элтон Жоны тоглосон төгөлдөр хуурын демо дуунуудыг багтаан, урьд өмнө огт цацагдаагүй нийт 18 дуу багтсан байгаа юм. Худалдаалах байдлаараа янз бүр байгаа бөгөөд хамгийн үнэтэй нь болох, гурван CD, цомогтой холбогдолтой материалууд бүхий 104 хуудас, хатуу хавтастай ном, постер зэргээс бүрдэх багцыг 77.99 ам.долларын үнээр урьдчилан захиалах боломжтой ажээ.

Foals – Life Is Yours

Хэзээ: Зургаадугаар сарын 17

Зургаа, долоодугаар сард цацагдах цомгууд (фото 2)

Мате рок урсгалаар анхлан гарч ирэхдээ шуугиан дэгдээж байсан английн инди рок, арт рок урсгалаар уран бүтээлээ туурвидаг Foals хамтлаг өөрсдийн долоо дах бүрэн хэмжээний студийн цомгоо бэлэн болгожээ. Тус цомгийн нийт дөрвөн сингл одоогоор цацагдаад байна.

Logic – Vinyl Days

Хэзээ: Зургаадугаар сарын 17

Зургаа, долоодугаар сард цацагдах цомгууд (фото 3)

Рэппер Logic “1-800-273-8255” дуугаараа олны анхаарлыг татаж байсан билээ. Тус дууны нэр болсон утасны дугаар нь АНУ-ын Амиа хорлолтоос сэргийлэх төвийн дугаар бөгөөд 2017 оны MTV, 2018 оны Грэммийн шагналд толилуулсан тоглолтоос нь хойш энэхүү байгууллагын хандалт тогтвортой өсөж, 2021 онд Британийн Анагаахын сэтгүүл амиа хорлолтыг бууруулахад хэрхэн нөлөө үзүүлсэн талаар нь судалгаа хийсэн байдаг. Тэрээр хоёр жилийн өмнө сайн эцэг байхын тулд хөгжмөөс завсарлага аваад байсан ч өмнө жил эргэн ирсэн. Удахгүй гарах гэж буй зургаа дах студийн цомгийн ковер зурагт нь хүүгийнхээ гэрэл зургийг буулгажээ.

Neil Young & Crazy Horse – Toast

Хэзээ: Долоодугаар сарын 8

Зургаа, долоодугаар сард цацагдах цомгууд (фото 4)

Нил Янг бол Рок н Роллийн Алдрын танхимд нэрээ хоёронтоо мөнхөлсөн, нэр хүндтэй дуучин билээ. Ганцаараа уран бүтээл туурвихаас гадна Crazy Horse хамтлагтай арай хүнд хөгжим хийдэг байсан нь, мөн улс төр, нийгмийн үзэл бодол нь Nirvana, Pearl Jam зэрэг хамтлагуудад хүчтэй нөлөөлсөн бөгөөд “Гранж хөгжмийн Загалмайлсан эцэг” хэмээн нэрлэгддэг домог болсон дуучин юм. Түүний Crazy Horse хамтлагтай 2001 онд бичиж байсан цомог нь энэ зун гарахаар болсон байна.

Black midi – Hellfire

Хэзээ: Долоодугаар сарын 15

Зургаа, долоодугаар сард цацагдах цомгууд (фото 5)

2017 онд байгуулагдсан цагаасаа хойш хөгжим судлаач, шүүмжлэгч нараас эерэг үнэлгээ авч, хараанд нь өртөөд буй английн экспериментал рок хамтлаг black midi гурав дах цомгоо гаргахад бэлэн болжээ. Тэд цомгоо сурталчлах хүрээнд энэ оны тавдугаар сараас арван хоёрдугаар сар хүртэл дэлхий даяар аялан тоглолт хийж байгаа юм байна.

Interpol – The Other Side of Make-Believe

Хэзээ: Долоодугаар сарын 15

Зургаа, долоодугаар сард цацагдах цомгууд (фото 6)

Цар тахлын хөл хорио уран бүтээлчдийн бүтээлч байдалд хүчтэй нөлөө үзүүлсээр байна. Үйлдвэрийн ажилчин мэт дуу зохиох, аялан тоглолт хийх ажилд дарагдсан уран бүтээлчид салбарынхаа зогсонги байдлын үеэр цоо шинэ бүтээлүүд аяндаа хийж эхлэн, өвөрмөц уур амьсгал бүхий цомгууд гарсаар л байна. Тэдний нэг бол Interpol хамтлаг юм. Удахгүй гарах долоо дах студийн цомог нь тэдний өмнөх цомгуудаас эрс ялгагдахаар “эерэг мэдрэмжээр дүүрэн” байх талаар хамтлагийн дуучин, гитарчин Пол Бэнкс мэдэгдээд байна.

Jack White – Entering Heaven Alive

Хэзээ: Долоодугаар сарын 22

Зургаа, долоодугаар сард цацагдах цомгууд (фото 7)

The White Stripes хамтлагийн дуучин байснаар нь хүмүүсийн сайн мэдэх, нийт 12 Грэммийн шагналын эзэн болсон Жэк Уайт саяхан дөрөвдүгээр сард блюз рок шинжтэй “Fear of the Dawn” цомгоо гаргасан бол одоо илүү намуухан, фолк маягийн цомог гаргахаар зэхэж байна.

BTS – Proof

Хэзээ: Зургаадугаар сарын 10

Зургаа, долоодугаар сард цацагдах цомгууд (фото 8)

Сүүлийн жилүүдэд гаргаж буй амжилтаараа The Beatles, Майкл Жексонтой жишигдэхээр байгаа Өмнөд Солонгосын BTS хамтлаг антологи цомгоо цацахаар болжээ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх