Хайх

Balenciaga загварын ордон 53 жилийн дараа кутюр цуглуулгаа танилцууллаа

Balenciaga загварын ордон 53 жилийн дараа кутюр цуглуулгаа танилцууллаа

Text: Buro.Mongolia


Balenciaga загварын ордны түүхэн дэх томоохон үйл явдлыг тохиолдуулан бүтээлч захирал Демна Гвасалия Instagram хуудсандаа байршуулсан бүх зураг, бичлэгээ устган шинэ хуудас эхлүүлэн танилцууллаа. Уг брэнд нь 53 жилийн завсарлагааны дараа кутюр загварын долоо хоногт эргэн ирж байгаа бөгөөд Демна Гвасалия “Кутюр бол загварын салбарын оргил юм” хэмээн WWD сэтгүүлд өгсөн ярилцлагадаа онцолжээ. Тиймдээ ч тэрээр уг цуглуулгадаа онцгойлон анхаарсан байна.

Парисын haute couture загварын долоо хоногийн үеэр зохион байгуулагдсан шоуны онцлох зүйл нь тэнд бүрдсэн орчин нь байлаа. Цуглуулгыг өмссөн моделиудыг цохилттой аянд алхуулахын оронд чимээгүй байлгахыг илүүд үзэж зааланд зөвхөн загвар өмсөгчдийн алхах болон хувцасны шүргэлцэх чимээ сонсогдож байжээ. Тэд шоунд хүрэлцэн ирсэн зочдод өөрсдийн үзэл бодлоо тулгахыг хүсээгүй бөгөөд яаг л музей эсвэл дүрслэх урлагийн галерей үзэж цорын ганц хувийн дүгнэлтээ хийдэг шиг цуглуулгыг хүлээж аваасай хэмээн хүссэн байна.

Цуглуулгыг бүтээхдээ Balenciaga ордны түүхийг эргэн дурссан байлаа. Тухайлбал, шоуг хаасан хуримын даашинз нь 1967 онд танилцуулж байсан загварын шинэчилсэн хувилбар юм. Мөн 1940,1950-иад оны үед загварын редакторуудын ажлыг хялбарчлахын тулд моделиуд тусгай дугаар барин алхдаг байсан туршлагыг уг цуглуулгаас харж болно. Ийнхүү өнгөрснөөр баяжуулахын сацуу Гвасалия өөрийн өнгө аясыг нэмэхээ мартсангүй. Balenciaga кутюр загварын долоо хоногт ховорхон харагддаг 1990-ээд оны хэв маягтай спорт хослол, өргөн мөртэй тейлор хийцийн хослол (сүүлийн үеийн Balenciaga-гийн бестселлер болоод байгаа), сул загварын жийнсэн өмд, том, хөвсгөр курткаг багтааж бусдаасаа онцгойрлоо. Мөн кутюр цуглуулгын хамгийн чухалд тооцогддог үдшийн даашинзуудыг ч мөн урлажээ. Харин хамгийн их анхаарал татсан нь халатан даашинз, гэрлийн бүрхүүл эсвэл урвуу харсан керамик тавгийг санагдуулам малгай байлаа. 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх