Хайх

Buro 24/7 тойм: Coach, Narciso Rodriguez, DKNY

Buro 24/7 тойм: Coach, Narciso Rodriguez, DKNY

Намар-өвөл 2016

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Бид Нью-Йоркийн загварын долоо хоногийн хамгийн сонирхолтой шоунуудыг та бүхэнд тоймлон хүргэсээр байна. Өнөөдөр Coach, Narciso Rodriguez, DKNY нар шинэ цуглуулгаа танилцууллаа

Coach

Их Британийн дизайнер Стюарт Виверс уран бүтээлдээ Америкийн соёл урлагийг шингээсээр байна. Энэ удаад тэр Америк сургуулийн форм, савхин хүрэм, ковбой өмсгөл гэх зэрэг сонгодог төрхүүд дээр туршилт хийлээ. Түүнээс гадна тэр хөвөн чихэр санагдуулам хонины арьсны шуба, цэргийн дүрэмт хувцас ба үслэг эдлэл бүхий хантааз гэх загварууд цуглуулгадаа оруулсан байна. Өөрөөр хэлбэл Coach-ийн дизайнер намар-өвөл улиралд байж болох төрөл бүрийн гадуур хувцас дээр анхаарлаа төвлөрүүлжээ. Дараа өвөл бид түүний загваруудыг street style одууд дээр харах нь гарцаагүй. Учир нь цуглуулгын бүх загварууд маш орчин үеийн, загварлаг, өнгөлөг болсон байлаа.



Narciso Rodriguez

Дизайнер Нарцисо Родригес өөрийн намар-өвлийн цуглуулгаа "Нью-Йорк хэв маягтай" хэмээн тодорхойлсон байна. Харин Нью-Йоркийн загварыг тодорхойлох гол элемент бол мэдээж хэрэг Америк минимализм юм. Загварын тайз дээр хамгийн түрүүнд гарч ирсэн Нарциссогийн загваруудаас дүгнэхэд дизайнер яг л энэ чиглэлээр ажилласан нь мэдэгдэж байлаа. Тэдгээр хувцаснууд ихэнхдээ энгийн биш, өвөрмөц бүтэцтэй даавуугаар хийгдсэн байв. Тодруулбал овгор товгортой пальто, үрчгэр даавуун даашинз, ноосон цамц зэрэг загварууд тайз дээр ноёрхож байлаа. Түүнчлэн унтлагын сарафан хэв маягийн даашинзууд цуглуулгад том үүрэг гүйцэтгэсэн харагдана.



DKNY

DKNY брэндийн бүтээлч захирлууд Максвелл Осборн ба Дао-Йи Чоу нар шинэ улиралд 1990-ээд оны гудамжны хэв маягийг үндсэн сууриа болгожээ. Тэдний загварын шоу болж өнгөрөөд удаагүй байтал цуглуулгын шинэ загварууд street style зурагчдын дуранд өртсөн байв. Тодруулж хэлбэл Designers Know Nothing Yet бичигтэй цамц хэрэглэгчдийн сонирхлыг хамгийн ихээр татсан бололтой. Энгэр дээрээ "ухаалаг" бичигтэй цамцнууд "моод"-ноос аль хэдийнэ гарсан юм шиг санагдах ч дизайнеруудын энэхүү энгийн загварууд эрэлт ихтэй хэвээр байна.

цааш үзэх