Хайх

Бюро 24/7 тойм: Говь брэндийн 2017 оны шинэ загварууд

Бюро 24/7 тойм: Говь брэндийн 2017 оны шинэ загварууд

"Yamā", "Gobi", "Gobi Organic"

Text: Ж.Чинбат


Говь ХК-ий хамт олон Yamā хавар-зун 2017, Говь хавар-зун 2017 болон Gobi Organic салбар брэндүүдийнхээ шинэ цуглуулгаа Mongolia's Next Top Model реалити шоу нэвтрүүлгийн загварын шоун дээр танилцуулсан билээ. Одоо харин шинэ цуглуулгад ямар загварууд орсныг бүрэн эхээр нь хамтдаа харцгаая

Говь брэнд Монголын хамгийн том бэлэн хувцас үйлдвэрлэгч гэх байр сууриндаа улам бүр бэхэжсээр байна. Өнгөрсөн 2016 оны борлуулалтын орлого нь 25 хувиар өсч, нийт 88.6 тэрбум төгрөг болсон гэдгийг тус хувьцаат компанийн хамт олон мэдэгдсэн юм. Үүнээс цэвэр ашиг нь 16.1 тэрбум төгрөг байсан нь 50 хувиар өссөн үзүүлэлт ажээ. Энэ том үр дүнгийн ард Говь ХК-ий маш олон жилийн туршлага, технологийн шинэчлэлт болоод нийт хамт олных нь хүч хөдөлмөр байгаа. Тэгэхдээ тэр бүх хүмүүсийн хичээл зүтгэлийг амжилтанд хүргэх нь загвар зохион бүтээгчдээс нь шууд хамаардаг онцлогтой. Дизайнерууд өнгөрсөн онд хавар-зун 2016 цуглуулгадаа бохо, богем стиль, романтик, минимал, хипстер, ажил хэрэгч төрхүүд санал болгосон. Харин намар-өвөл 2016-2017 цуглуулга нь 1970, 80, 90 оноос сэдэвлэсэн гурван өөр уур амьсгалтай байсан. Тиймээс өндөр амжилтанд хүрсэн энэ хоёр цуглуулгын дараа тэд шинэ улиралд ямар загвар танилцуулах бол гэдэг нь ихээхэн сонирхолтой байсан юм. 

Mongolia's Next Top Model  реалити шоу нэвтрүүлгийн Гранд-Финал загварын шоунд Говь брэнд хамтран ажиллахдаа гурван салбар брэндийнхээ "Говь хавар-зун 2017", "Yamā хамар-зун 2017", Gobi Organic-ийн шинэ цуглуулгыг танилцуулсан юм. Цуглуулгыг Дизайны хэлтсийн дарга А.Учрал, сүлжмэлийн дизайнер Н.Гэрэлмаа, Д.Амармөрөн, оёмолын дизайнер Г.Номин, принт зураач дизайнер О.Цэнгэл нар хамтран бүтээжээ.

 Бюро 24/7 тойм: Говь брэндийн 2017 оны шинэ загварууд (фото 1)

Говь хавар-зун 2017 цуглуулга

Говь брэндийн дизайнерууд шинэ улирлын цуглуулгадаа хэд, хэдэн сэдэв хөндөж, хэрэглэгчдэд өргөн сонголт гаргаж өгдөг уламжлалтай. Энэ удаад тэд "Upper Classics" буюу илүү энгийн, классик суурьтай минимал загваруудыг нэг багц болгож, мөн "Oriental Champagne" гэх Дорнын хээнцэр, дэгжин байдлыг өрнийн чөлөөт хувцаслалтанд нэвтрүүлсэн хоёр өөр төрлийн загварууд танилцууллаа. 

Загварын шоуны үеэр энэхүү хоёр өөр төрлийн загварууд өнгөөрөө ялгаран харагдаж байсан юм. Энгийн, классик суурьтай минимал загваруудад илүү зөөлөн, пастел өнгөний зохицол харагдаж байсан бол Дорнын сэдэвтэй цуглуулга нь хурц тод өнгөөр эрч хүчтэй, өөртэй итгэлтэй дүр төрхийг харууллаа. Тайзны ард шинэ цуглуулгатай илүү ойроос танилцахад загварууд шинэ технологийн ачаар 3D хээ, судалтай болсон байлаа. Дахин давтагдашгүй цоо шинэ сүлжмэл хээтэй болсон эдгээр загваруудыг барьж үзэхэд маш хөнгөхөн хэрнээ биед суухуйц барьцтай байсан нь гайхалтай сэтгэгдэл төрүүлсэн юм. Загваруудаас хээ, судалтай дугуй мөртэй хэлхгэр пальто, илүү анхаарал татаж, дорнын сэдэвтэй хээ, угалзаар чимэглэсэн цамц, хүрэм, юбка болон торгон ханцуйтай ноолууран цамц сонирхолтой харагдаж байлаа. 

Yamā хавар-зун 2017

Загварын шоуны хамгийн супер хэсэг болсон Yamā брэндийн хавар-зун 2017 цуглуулга нэг л зүйлийг маш тодоор илтгэж байсан юм. Тэр бол Монгол хүнд төгс тохирох тансаг загварыг бид өөр хаа нэгтэйгээс хайх шаардлагагүй боллоо гэсэн санаа. Дизайнерууд энэ улиралд "The Essense of Curiosity" гэх цайвар туяатай, зуны уур амьсгал төрүүлэм зөөлөн өнгөтэй загварууд болон "The Essense of Freshness" гэж нэрлэсэн далай тэнгисийн цэнхэр, хөх өнгөний олон уусгалтыг ашигласан хоёр төрлийн загварууд бүтээжээ. 

Шинэ цуглуулгын гол онцлог нь оёмол болон нэхмэл загваруудыг хослуулсан бөгөөд 50 хувьд нь ноолуур, 50 хувьд нь хөвөн даавуун материал ашигласан байлаа. Мөн сийрэг нэхээс бүхий шоотой даавуу ашигласнаар хавар, зуны улиралд өмсөхөд тохиромжтой хөнгөн, сийрэг байдлыг бий болгожээ. Хэрэв цуглуулгын загваруудыг та сайтар ажиглах юм бол энгийн өдөр тутмын амьдралд тохиромжтой эдгээр загваруудыг жаккард тагнай хээ, хавтан шилжүүлэг, үелсэн фүкүро зэрэг шинэлэг сүлжээс чимэглэж байгааг олж харна. Энэ нь өмссөн хүндээ дахин давтагдашгүй төрх бүрдүүлж, маш онцгой сэтгэгдэл төрүүлэхээр болжээ. 


Эх сурвалж: http://www.buro247.mn/fashion/collections/byuro-24-7-toym-alexander-mcqueen-namar-v-l-2017.html

Gobi Organic шинэ цуглуулга

Ноолууран эдлэлд дурладаг хүмүүс дунд зөвхөн байгалийн өнгөөр нь авч, хэрэглэхийг хүсдэг маш олон хүн бий. Цайвар, цайвар шаргал, хөх саарал ба бор гэх үндсэн дөрвөн өнгийн ноолуураар үйлдвэрлэсэн хувцас хэрэглэгчдэд органик, ноолуурын ширхэг нь гэмтээгүй байдлаараа хүрдэг учраас бүр ч их таалагддаг юм. Энэ удаад Gobi Organic-ийн шинэ цуглуулгад тод цагаан өнгө орж ирснээрээ онцгой байлаа. Загварын хувьд өдөр тутмын амьдралд тохирох төгс суулттай пальто, цамц, өмднөөс гадна маш дэгжин харагдах топ, даашинз зэрэг сонирхолтой зүйлс олон үзэгдсэн. Тэр дундаа унжуу мөртэй цамц болон нөмрөгүүд илүү содон харагдаж байлаа.

 

цааш үзэх