Хайх

Хуримын ёслолыг санагдуулам Chanel-ийн кутюр загварын шоу

Хуримын ёслолыг санагдуулам Chanel-ийн кутюр загварын шоу

Хавар-зун 2021

Text: Buro.Mongolia


Зураг:

Виржини Виар хавар-зун 2021 улирлын кутюр цуглуулга дээр ажиллахдаа хурим эсвэл даруухан хүлээн авалт зэрэг гэр бүлийн тэмдэглэлт мөчүүд, баярын цуглаануудаас бүтээлч санаагаа авчээ.

"Би гэр бүлээрээ маш олуулаа цугласан мөчүүдэд үнэхээр хайртай. Бүх үеийнхэн бүгд нэг дор байх тэр мөч надад баяр баясгалан авчирдаг. Өнөөдөр Chanel ордонд яг л тэр эерэг уур амьсгал зонхилж байна. Chanel бол нэгэн дулаан, дотно гэр бүл юм" хэмээн Виржини ярилаа. Ингээд дизайнерын уран сэтгэмжийн дагуу амьд цэцэгсээр чимэглэгдсэн Гран-Пале ордон Коко Шанелийн 20-р зууны хүлээн авалтууд дээрх интерьер дизайныг амилуулах гэж оролджээ.

Пенелопа Крус, Марион Котийяр, Лили-Роуз Депп, Ванесса Паради, Жоанна Прайс болон Альма Ходоровски нар аль хэдийнэ шинэ цуглуулгын даашинзуудыг өмсөж үзээд амжсан төдийгүй Данийн алдарт зурагчин Антон Корбейн шинэ загваруудын сурталчилгаа болгох үүднээс тэдний зургуудийг яг л гэр бүлийн хөрөг зураг мэт хэв маягаар даржээ. "Гэр бүлийн зургийн альбомд байдаг зургууд шиг болгох гэж хичээсэн" хэмээн Виар тайлбарласан байна.

Загварын шоуны хаалтын төрх болон гарч ирсэн хуримын даашинзыг дизайнер 1920-оод оноос санаа аван урласан байна. Сатин материалтай тус даашинз нь пальто шиг эсгүүртэй бөгөөд маш олон үнэт чулуу болон сувдаар чимэглэгдсэн байгаа. Тус цуглуулгыг бүтээхийн тулд Chanel уламжлал ёсны дагуу өөрсдийн хамтардаг мэргэжлийн гар урлаачдын нийт 19 салоны туслалцааг авчээ.

Цуглуулгад түүнчлэн эрэгтэйлэг эсгүүртэй хослолууд, хантаазнууд, пастель ягаан өнгийн хагас гэрэлтсэн даашинзууд болон Mary Jane туфлинууд орсон байгаа.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх