Хайх

Кутюр загварын долоо хоног: Chanel, хавар-зун 2017

Кутюр загварын долоо хоног: Chanel, хавар-зун 2017

Карл Лагерфельдын халбаган эмэгтэй

Text: Бюро 24/7


Зураг:

Карлын зохиодог шоу бүрийг загварын салбарынхан тэсэн ядан хүлээдэг. Жилийн өмнө тэр экологийн гамшгийн талаарх сэдвийг хөндөж, загварын тайзаа модоор барьсан бол 2010 онд дизайнер хүрэлцэн ирсэн зочдыг дэлхийн дулаарлаар айлгаж, тайзны голд аварга том мөсөн уул байршуулсан билээ. Харин энэ удаад Chanel-ын загварын шоунд оролцсон моделиуд ба зочид бүх талаасаа толиор хүрээлэгдэж, хүмүүс өнцөг булан бүрээс өөрийнхөө тусгалыг харах боломжтой байлаа.

Дизайнер шинэ цуглуулгыг бүтээхдээ Альберто Жакометтигийн 1926 оны алдарт "Халбаган эмэгтэй" уран баримлаас санаа авсан гэж мэдэгдсэн ч ихэнх зочид түүний цуглуулгаараа дамжуулан илэрхийлэхийг хүссэн санааг улс төртэй холбон ойлгосон юм. Тэдний бодлоор Лагерфельд өөрийн Мелания Трампыг хувцаслах шийдвэртэй холбогдуулан "Та бусдыг шүүмжилдэг бол эргээд өөрөө шүүмжлүүлнэ" гэх санааг шоундаа шингээсэн бөгөөд цуглуулгын ихэнх загварууд Меланиягийн хэв маягт тохируулсан байсан аж. Юутай ч улс төрийн таамаглалыг хойш нь тавьж, кутюр цуглуулгыг үнэн зөвөөр дүгнээд үзвэл Chanel бидэнд юу бэлдсэн байв?

Цуглуулгыг бүхэлд нь эмэгтэй хүний уян зөөлөн, энхрий байдлын магтаал гэж нэрлэж болно. Өндөр бэлхүүстэй, зөөлөн өнгийн твид хослолуудаас эхлээд алтан зул цэцгийн хормойтой, гялалзсан үдшийн даашинзууд бүгд дизайнерын хайр, халамжаар ороогдсон байлаа. Амьдралын ямар ч нөхцөлд өмсөж болох загваруудаас бүрдсэн цуглуулгын эхэн хэсэгт юбка ба пиджакийн хослолууд гарч ирсэн бол дунд хэсэгт коктейль маягийн хэт гоёмсог биш загварууд ноёрхож, харин хамгийн сүүлд нь шүр, гялалзуур чимэглэл ба өдөөр бүрхэгдсэн, тансаг маягийн үдшийн даашинзууд зочдыг гайхшрууллаа. Загварын шоуг зөөлөн ягаан өнгийн органза материалаар хийгдсэн, хөвсгөр хуримын даашинз өмссөн Лагерфельдын шинэ урлагийн тэнгэр Лили-Роуз Депп хаасан юм. Ингээд дүгнээд харахад Карлд бүтээлч урам хайрладаг үзэсгэлэнт эмэгтэйчүүдийг хатуу шүүмжлэх хэрэггүй гэх санаа магадгүй танд илүү тодоор харагдана байх. Эмэгтэй бүр өөрийнхөөрөө дур булаам, үзэсгэлэнтэй сайхан урлагийн тэнгэр биш гэж үү?

Үндсэн элементүүд: Коктейль маягийн хослолууд, үдшийн даашинзууд, АНУ-ын тэргүүн хатагтай нарын хувцаслалт ба 1950-аад оны стиль.

Үс засалт ба нүүр будалт: Далий хувааж боосон гөлгөр үс, нүдний булан дахь гялалзсан тень, хайлайтераар тодруулсан шанаа, тод өнгийн уруул.

Үндсэн өнөгнүүд: Ягаан өнгийн зөөлөн туяанууд, цайвар ногоон, шар, мөнгөлөг, цэнхэр ба хөх ягаан.

Стилистик аргачлал: Хувцастайгаа ижил өнгийн шляп малгай, гялалзуур чимэглэлтэй өвдөг давсан түрийтэй гутал, өргөн ташаа ба том бүсээр тодруулсан нарийн бэлхүүс, мөнгөлөг утсаар хийсэн оёдол.

Бүтээлч санааны эх үүсвэр: Мелания Трамп, Альберто Жакометти, Жеки Онассис

цааш үзэх