
Michel & Amazonka: “Mongolian Four Seasons 2025” загварын шоуны тайзны ард
Michel & Amazonka брэндийн 10 жилийн ойд зориулсан “Mongolian Four Seasons 2025” загварын шоу нь зөвхөн шинэ цуглуулга танилцуулсан арга хэмжээ бус бүтээлч сэтгэлгээ, нөхөрлөл, хөдөлмөр шингэсэн түүхэн мөч болж үлдлээ. Дотоод болон гадаадын 70 гаруй модель тун удахгүй эхлэх гэж буй шоуныхаа өмнө, тайзны ард өөрийн алхаа, хөдөлгөөнийг бэлдэж, хувцсаа хэдэнтээ өмсөж, сандрал, догдлолын дунд бэлтгэгдэж байлаа. Тэд тайзан дээр Монгол орны дөрвөн улирлын уур амьсгал, өнгө төрх, мэдрэмжийг илэрхийлсэн 100 гаруй загварыг амилуулах гэж буйн учир загвар өмсөгч болгон бие сэтгэлээрээ өөрсдийн танилцуулах хувцастайгаа уусан нэгдэж нэгэн цул болон гарахад бэлэн болжээ. Моделиудын эгнээнд Michel & Amazonka брэндийн анхны шоунаас хойш хамт алхсаар ирсэн туршлагатай моделиуд, мөн ирээдүйн шинэ өнгө төрхийг илтгэх залуу үеийн төлөөлөл ч харагдана. Эргэх улирал өнгө өнгөөр өөрчлөгддөг шиг төрөл бүрийн гоо зүй, төрх, мэдрэмж нэгэн дээвэр дор цугларч минут, секундтэй уралдсан олон залуусын хөдөлмөр буцалж байлаа.
Харин энэхүү шоуны нүүр будалт дээр Anara’s Make Up студийн хамт олон ажилласан бөгөөд тэдний дөрвөн улирлын онцлогтой уялдуулсан тусгай концепц бүхий будалтууд нь шоуны уур амьсгалыг бүрдүүлэх чухал хэсэг байв. Тус багийн зорилго нь хэт тренд дагасан дүр төрх бус сонгодог, цэмцгэр, энгийн атлаа дахин давтагдашгүй гоо зүйг бүтээхэд чиглэжээ. Тодруулбал хувь хүний арьсны онцлог болох мэнгэ, сэвхийг дарж нуухын оронд улам тодруулан үзэсгэлэнтэй болгож, мөн бор, хар өнгө, контур зэрэг хүнд будалтаас татгалзсан байна. Энэ талаар Anara’s Make Up студийн үүсгэн байгуулагч О.Наранбилэг “Моделиуд маань бүгд дахин давтагдашгүй, өвөрмөц төрхтэй учраас суурь будалт дээр илүү анхаарч, арьсны эрүүл, залуу төрхийг тодотгож өгсөн” хэмээн хэлэв. Түүнчлэн энэ шоуны нүүр будалтын багт Anara’s Make Up студийн үе үеийн төгсөгчид, шавь нар нэгдэн ажилласан гэнэ. Тэд тус тусдаа, хувийн карьертаа анхаарал хандуулан, маш амжилттай явж байгаа ба "Mongolian Four Seasons 2025" шоунд зориулан бүрэн бүрэлдэхүүнээрээ нэгдэн ажиллаж буй нь энэ ажээ.
Харин моделиудын үс засалтыг Michel & Amazonka брэндийн хамт олон бие даан ажилласан гэдгээрээ онцлог болсон ба брэндийн үүсгэн байгуулагч Michel “Энэ шоуны үс засалтын гол чиглэл бол минимализм болон байгалийн гоо үзэсгэлэнг онцолсон шийдлүүд байлаа. Өдөр тутмын хэв маягаас хэтрэхгүй хэр нь тайзны гэрэлд дэгжин, хүчтэй мэдрэмж төрүүлэхээр ажилласан” хэмээв. Тиймдээ ч моделиудын үсний хэлбэр, бүтэц бүр хэт зохиомол биш, тэдний загваруудын гоо зүйг дэмжих хүч болж өгчээ. Мөн брэндийн эх загварын эсгүүр, зохион бүтээгч Д.Оюундарь “Загвар болоод моделиудынхаа дүр төрхөд нийцүүлэн, мөн дизайнеруудынхаа илэрхийлэхийг хүссэн өнгө төрхийг шингээж ажилласан. Баг хамт олны хувьд бүгд гоо зүй болоод дизайны салбарт сурч байгаа болон суралцаж байсан хүмүүс байсан болохоор ерөнхий чиглэл аваад бүгд өөр өөрсдийн ур чадвар мэдрэмжийг шингээж үс засалт дээр ажилласан” гэж нэмж хэллээ.
Ийнхүү тайзны ард эрч хүч, догдлол, хөдөлмөр бужигнаж байх тэр агшинд "Mongolian Four Seasons 2025" загварын шоу эхлэх дохио өгөгдөж, залуус тайз руу зоримог алхлаа.












































