Хайх

PFW: Céline, хавар-зун 2016

PFW: Céline, хавар-зун 2016

Энхрийлэл үгүй

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Фиби Файло өмнөх улирлын эгдүүтэй хээ, үнэг ба нэг эвэртийг ор тас мартаж, энэ удаад нухацтай хандлага үзүүллээ. Шоуны орон зай цайвар улбар шараар чимэглэгдсэн байсан ч цуглуулгад тод өнгөнүүд орсонгүй

Фиби Файло өмнөх цуглуулгадаа шинэ хэв маягийн тачаангуй байдлыг харуулахыг хичээсэн. Харин шинэ улиралд дизайнер өөрийн стилийн үндэс рүү буцаж, тэгш бус, содон том хэмжээснүүд, минималист өнгөний сонголт, хачирхалтай эсгүүр гэх мэтийн элементүүд танилцууллаа.
Түүнчлэн шинэ цуглуулгад энэ улирлын гол тренд болох дотуур хувцасны сэдэв багтсан. Пальто болон савхин даашинзад цээживч оруулсан нь анх харахад элсэн цагны "зөв" дүрс үүсгэх мэт санагдавч Фибигийн урласан загварт эсрэгээрээ хэлбэр алдагдуулсан харагдаж байв. Үүний хамгийн тод жишээ бол өргөн корсет бүхий бүстэй, хар өнгийн пальто юм. Цээживчийн хэсэг нь ганцхан товчоор хөхний доод хэсэгт товчлогдож галбирийг уртасгасан харагдлаа. Пальтоны хэлбэрийг харахад маш өргөн мөртэй, шулуун ханцуйтай, цээж хэсэг хэт том хэмжээстэй, харин доод хэсэг хоёр тийш салж хачирхалтай дүрс үүсгэж байлаа. Энэ нь энгийн үзэгчдийн таашаалд хүрэхээргүй хувцас байж магадгүй ч ядахдаа шинэлэг санааг нь хүн бүр үнэлэх болов уу.
Харин хөвсгөр ханцуйтай, задгай энгэртэй, цээж доогуурх бэлхүүсний шугамтай цагаан цамцтай туник даашинзын хослол нь олон нийтэд илүү таалагдах магадлалтай харагдлаа. Адилхан хөвсгөр ханцуйтай даашинзууд ч бас олны анхаарлыг татсан. Ерөнхийдөө Фиби Файлогийн бүтээсэн ойлгомжгүй загваруудыг энгийн хувцаснуудтай хослуулж өмсвөл илүү загварлаг төрх бүрдэх болов уу гэмээр ажээ.

цааш үзэх