Хайх

Цар тахал хуримын загварт нөлөөлсөн үү? Намар-өвөл 2021 цуглуулгуудыг судалцгаая

Цар тахал хуримын загварт нөлөөлсөн үү? Намар-өвөл 2021 цуглуулгуудыг судалцгаая

Text: Buro.Mongolia


Зураг:

Өнгөрсөн оны аравдугаар сард Нью-Йорк хотноо хуримын загварын долоо хоног чимээгүй, үл мэдэгдэх байдлаар болж өнгөрсөн. Ер нь л хуримын загварын долоо хоногийн хуваарь бага багаар өөрчлөгдсөөр байгаад тогтсон өдрүүд гэж байхгүй болж, дизайнерууд саяхныг хүртэл шинэ цуглуулгуудаа ар араасаа танилцуулсаар л байсан. Үүнд ч бид баяртай байгаа. Учир нь тэдгээр гоёмсог даашинзууд өвлийн үүлэрхэг өдрүүдийг бага ч гэсэн гэрэлтүүлж өгч байгаа билээ.

VIVIENNE WESTWOOD

Вивьен Вествудийн стиль анхны харцаар л танигддаг. Корсетууд, хуниаснууд, мөрнөөс зөөлөн унжсан эсгүүрүүд, мөн мэдээж хэрэг тачаангуй байдал зэрэг нь түүний цуглуулга бүрт ажиглагддаг. Харин шинэ цуглуулгад дизайнер ханцуй болон урт хормойнуудыг салгагддаг байхаар хийсэн бөгөөд ингэснээр ёслолын даашинзыг дараа нь үдэшлэг дээр өмсөж болох гранж хэв маягтай богино даашинз болгон хувиргах сонголтыг өгч байгаа гэнэ. Түүнчлэн экологийн асуудлыг чухалчилдаг дизайнер дахин боловсруулсан полиэстер болон тогтвортой байдлаар боловсруулсан торго ашиглан загваруудаа урласан байгаа.

VIKTOR & ROLF

Дээд хэсэг нь минимал атлаа доод хэсэг нь баялаг чимэглэлтэй дизайн бол Виктор Хорстинг болон Рольф Снорены шинэ цуглуулгын үндсэн томьёо юм. Сонгодог загварт дуртай хүмүүст цуглуулга дахь зүрхэн хэлбэрийн энгэртэй, хөвсгөр хормойтой даашинз гарцаагүй таалагдах бол илүү өвөрмөц хувилбар хүссэн нь органза материал бүхий том цэцэгсээр чимсэн даашинзыг сонгох боломжтой. Харин энгэр хэсгээрээ үнэт эдлэл мэт гоёмсог чимэглэлтэй, өндөр захтай богино даашинз нь контемпорари дизайн сонирхогчдод зориулагджээ.

NAEEM KHAN

Нью-Йоркийн Naeem Khan брэндийн хуримын цуглуулга үндсэн ёслол болон афтер-парти гэх хоёр хэсэгт хуваагдаж байгаа. Эхний хэсэгт корсеттой, готик хэв маягтай, өндөр захтай сонгодог даашинзууд болон цэцэгсээр чимсэн нөмрөг, толгойн чимэглэл багтсан бол хоёр дах хэсэгт мөр тодотгосон эсгүүртэй, цацагтай, гялалзсан богино даашинзууд багтжээ.

OSCAR DE LA RENTA

Oscar de la Renta брэндийн дизайнерууд болох Лаура Ким болон Фернандо Гарсия нар хуримын цуглуулгаа өнгөрсөн оны дөрөвдүгээр сард танилцуулах ёстой байсан ч хүн бүрийн мэдэж буй шалтгаанаар намар луу хойшлуулсан билээ. Брэнд хатгамалтай загваруудаа ихэвчлэн Энэтхэг улсад үйлдвэрлэдэг хэдий ч энэ улиралд хөл хорионы улмаас загваруудаа өөрсдөө, Нью-Йорк хотноо урласан байгаа. Үр дүнд нь брэндийн шинэ цуглуулга бүхэлдээ өдөөр чимсэн хөвсгөр хормойтой, навчин чимэглэлтэй даашинзуудаас бүрджээ.

ELIZABETH FILLMORE

Нью-Йоркийн Elizabeth Fillmore брэндийг бүсгүйчүүд ихэвчлэн энгийн, минимал дизайнтай торгон даашинзаар төсөөлдөг. Гэхдээ Филлмор ийм төрлийн минимал даашинзуудаас гадна түүхэн сэдэвтэй дизайнууд цуглуулгадаа оруулдаг бөгөөд шинэ улиралд Виктория хатны эрин үеийн өндөр захтай загваруудыг онцолсон байгаа.

KAVIAR GAUCHE

Берлиний Kaviar Gauche брэндийн дизайнерууд шинэ цуглуулгаа Лев Толстойн дараах ишлэлээр тодорхойлсон байна: "Амьдралын бүх гоо үзэсгэлэн сүүдэр болон гэрлээс бүрддэг". Гэхдээ дизайнерууд өнгөрсөн оныг хангалттай их сүүдэртэй байсан гэж үзсэн тул цуглуулгадаа аль болох их гэрэл, гэгээ нэмэхийг хүсжээ. Ингээд тэд атлас материалаар хийгдсэн шоорттой комбинзон, бөмбөгөр ханцуйтай хагас гэрэлтсэн цамц, энгэр дээрээ хуниасан чимэглэлтэй энгийн даашинз зэргийг бүтээсэн байна.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх