Хайх

2020 онд таны үзэх хэрэгтэй 10 загварын үзэсгэлэн

2020 онд таны үзэх хэрэгтэй 10 загварын үзэсгэлэн

Text: Buro.Mongolia


Зураг: Buro 24/7 Russia

Хэрвээ та загварт хайртай нэгэн бол 2020 оныхоо аяллын төлөвлөгөөг гаргахаасаа өмнө бидний бэлдсэн энэхүү мэдээллийг анхааралдаа аваарай. Бид яг одоо гарч буй эсвэл энэ онд гарахаар товлогдсон гол 10 загварын үзэсгэлэнг нэг дор цуглууллаа.

Kimono: Kyoto to Catwalk үзэсгэлэн Виктория ба Альбертын музейд, Лондон

2020 оны хоёрдугаар сарын 29 - зургаадугаар сарын 21

Лондонгийн Виктория ба Альбертын музейд кимонод зориулагдсан нүсэр үзэсгэлэн гарах гэж байна. Энэ нь өмнө нь Европд дэлгэгдэж байсан бүх үзэсгэлэнгүүдээс хамаагүй том, сүрлэг үзэсгэлэн гэдгээрээ онцлог юм. Үзэсгэлэнгийн куратор Анна Жексон кимононы сэдвийг байж болох бүхий л өнцгөөс дэлгэрүүлж, зөвхөн Япон улсын түүх соёлын хүрээнд гэлтгүй барууны соёлд хэрхэн уусан орсныг, тэр дундаа барууны соёл өөрөө кимоно хувцсанд хэрхэн нөлөөлснийг үзэсгэлэнгээрээ дамжуулан харуулах болно. Ерөнхийдөө Kimono: Kyoto to Catwalk үзэсгэлэн нь кимононы 350 жилийн түүхийг өгүүлэхийн зэрэгцээ энэ хувцас нь зөвхөн үндэсний ёс жаягийн хязгаарт баригдалгүй дэлхийн загвартай хөл зэрэгцүүлэн хөгжиж ирснийг онцлох юм.


Bags: inside out үзэсгэлэн Виктория ба Альбертын музейд, Лондон

2020 оны дөрөвдүгээр сарын 25 - 2021 оны нэгдүгээр сарын 31

Энэ онд Виктория ба Альбертын музейг зорих бас нэгэн шалтгаан бол Bags: inside out үзэсгэлэн юм. Уг үзэсгэлэнгийн хүрээнд гар цүнх гэх зүйл хэрхэн жинхэнэ соёлын гоц үзэгдэл болсныг дэлгэрэнгүй авч үзэх болно. Үзэсгэлэн гурван хэсэгт хуваагдсан бөгөөд эхний хэсэгт гар цүнхний функционал байдлыг, хоёр дах хэсэгт гар цүнхний нийгэм дэх статусыг, харин гурав дах хэсэгт гар цүнхний дизайн болон үйлдвэрлэлтийн үйл явцыг харуулах юм.

Үзэсгэлэнд XVI зуунаас эхлээд өнөөдрийг хүртэлх хугацаанд бүтээгдсэн нийт 300 гаруй бүтээл дэлгэгдэх бөгөөд тэр дунд Мария Стюартын гар цүнх, Маргарет Тэтчерийн дүр төрхийн салшгүй нэг хэсэг болсон Asprey цүнх, алдарт Lady Dior ба Hermes Birkin цүнх, мөн дизайнер Ани Хиндмарчын тунхаглал хэлбэрийн гар цүнх гэгддэг «I am not a plastic bag» шопер цүнх зэрэг загварууд багтана.

About Time: Fashion and Duration үзэсгэлэн Метрополитен музейд, Нью-Йорк

2020 оны тавдугаар сарын 7 - есдүгээр сарын 7

Мэдээж загварт зориулагдсан оны хамгийн том үзэсгэлэн уламжлал ёсоор Метрополитен музейд дэлгэгдэх болно. 2020 онд уг музей 150 жилийн ойн баяраа тэмдэглэж байгаа бөгөөд үүнд зориулан музейн куратор Эндрю Болтон өргөн хүрээ хамарсан сэдэв сонгон философийн эргэцүүлэл хийхээр шийдсэн билээ. "Цаг хугацааны тухайд: Загвар ба үргэлжлэх хугацаа" хэмээн орчуулагдах үзэсгэлэнгийн сэдвийг анх сонсоход загварын түүхийг уйтгартайгаар өгүүлэх мэт санагдах ч үнэндээ бүх зүйл хамаагүй сонирхолтой байх болно. Тодруулбал Эндрю үзэсгэлэнгийн сэдвийг найруулагч Салли Поттерын 1992 оны "Orlando" киноноос бүтээлч сэдэл аван сонгосон бөгөөд киноны гол дүр Орландо цаг хугацааг тодорхой эхлэл ба төгсгөлгүй тасралтгүй үргэлжилсэн хэмжүүр хэмээн хүлээж авдаг үзэл бодлыг үзэсгэлэндээ шингээх юм. "Миний хувьд загвар бол цаг хугацаатай адил үргэлжилсэн зүйл юм. Загварыг би зөвхөн одоо цагаар хардаг" хэмээн Эндрю Болтон тайлбарласан байгаа.


Prada. Front and Back үзэсгэлэн Дизайны музейд, Лондон

2020 оны есдүгээр сард нээлтээ хийнэ

Лондонгийн дизайны музей Prada ордонд хүндэтгэл үзүүлэхээр бэлдэж байна. Есдүгээр сард нээлтээ хийх Prada. Front and Back үзэсгэлэнд зөвхөн энэ загварын ордонд зориулагдсан асар олон үзмэрүүд дэлгэгдэх болно. Тэр дундаа брэндийн өнгөрснийг дүгнэн шинжиж, ирээдүйд ямар төлөвлөгөөтэй байгааг нь харуулан энэ бүхэнд Миучча Прада ямар ач гавьяатай болохыг харуулах юм. Миучча жижиг гэр бүлийн бизнесийг өнөөдрийн байгаа энэхүү дэлхийн хэмжээний брэнд болгож хувиргахдаа ямар бүтээлч санаануудыг хэрэгжүүлж ирснийг эндээс харах боломжтой.


Worn by the Gods. Footwear from Classical times to the modern era үзэсгэлэн Палаццо Питтид, Флоренц

2019 оны арванхоёрдугаар сарын 16 - 2020 оны дөрөвдүгээр сарын 19

Хэрвээ Виктория ба Альбертын музейд гар цүнхний талаарх байж болох бүхий л мэдээллийг дэлгэх бол Флоренцын Палаццо Питтид гутлын тухай өгүүлнэ. Worn by the Gods. Footwear from Classical times to the modern era үзэсгэлэнгээс гутал гэдэг зүйл нь эрт дээр үеэс эхлэн өнөөдрийг хүртэл бидний амьдралд ямар үүргийг гүйцэтгэж, дэлхийн соёлд хэрхэн нөлөөлснийг харах боломжтой. Эртний Грек улсад жишээ нь гутлын улны зузаан болон өнгө ба чимэглэлээр нь тухайн хүний нийгмийн байр суурийг тодорхойлох боломжтой байжээ.


Power Mode: The Force of Fashion үзэсгэлэн FIT музейд, Нью-Йорк

2019 оны арванхоёрдугаар сарын 10 - 2020 оны тавдугаар сарын 9

Та магадгүй power dressing, power suit болон бусад power тодотголтой загварын ойлголтуудын талаар дуулж байсан байх. Эдгээр нь бүгд өмссөн эзнээ ямар нэгэн байдлаар хүчирхэг харагдуулдаг хувцаснуудын талаарх ойлголтууд юм. Гэхдээ ганц асуулт үүсэж байгаа нь амьгүй хувцас яаж бусдад ийнхүү хүчирхэг сэтгэгдэл төрүүлж байна вэ? Power Mode үзэсгэлэн нь энэ асуултын хариултыг өгч, загвар ба эрх мэдэл хоорондоо хэрхэн уялдан холбогддогийг ойлгуулах гэж оролдох юм.


Hoodie Exhibition үзэсгэлэн Het Nieuwe Instituut-д, Роттердам

2019 оны арванхоёрдугаар сарын 1 - 2020 оны дөрөвдүгээр сарын 12

"Худи гэж юу вэ? Нэгэн үед ажилчид болон тамирчдад зориулагдан бүтээгдсэн юүдэнтэй цамц. Үүнээс гадна энэ нь айдас, үзэн ядалт эсвэл нийтлэг мэдрэмж төрүүлэх чадвартай жинхэнэ улс төржсөн хувцас юм" хэмээн үзэсгэлэнгийн танилцуулга дээр бичигдсэн байгаа. Hoodie Exhibition үзэсгэлэн нь юүдэнтэй цамцыг тэгш бус байдлын бэлгэ тэмдэг, тунхаглал хийхэд тохиромжтой хувцас, эсвэл зүгээр л хайп үүсгэдэг загвар гэсэн гурван өнцгөөс дэлгэрүүлэн харуулах юм. Энэ зорилгоор үзэсгэлэнд үе, үеийн алдарт худи загварууд дэлгэгдсэн байгаа.


Thierry Mugler: Couturissime үзэсгэлэн Кюнстхал музейд, Роттердам

2019 оны аравдугаар сарын 13 - 2020 оны гуравдугаар сарын 8

Өнгөрсөн оныг Тьерри Мюглерын он байсан гэж хэлж болно. Алдарт дизайнерын даашинзыг Грэмми дээр Карди Би, Met Gala дээр Ким Кардашьян гээд олон алдартнууд чухал арга хэмжээнүүдэд сонгон өмссөн. Ийм ч учраас 1980-аад оны футуризмыг сонирхдог хүмүүст зориулан Роттердамд Thierry Mugler: Couturissime үзэсгэлэн дэлгэгдэж байна. Эндээс та домогт дизайнерын 1977 оноос 2014 он хүртэлх хугацаанд хийгдсэн 200 гаруй бүтээлийг олж харах боломжтой.


Fast Fashion. The dark side of fashion үзэсгэлэн Европын соёлын музейд, Берлин

2019 оны есдүгээр сарын 27 - 2020 оны наймдугаар сарын 2

Загварын салбарын хар бараан талыг тодотгосон энэхүү үзэсгэлэнд fast fashion хэрхэн байгаль орчин болоод үйлдвэрийн ажилчдад сөргөөр нөлөөлж буйг харуулна. Зохион байгуулагчдын урдаа тавьсан гол зорилго нь хүмүүсийн өдөр тутмын хэрэглээнд тодорхой байдлаар нөлөөлж, тогтвортой хэрэглээ рүү шилжихийг уриалахад оршиж байгаа юм.


Queer Looks үзэсгэлэн Брайтоны урлагийн музейд

2020 оны гуравдугаар сар хүртэл гарна

Энэхүү үзэсгэлэнгийн зохион байгуулагчид тийм ч их сурталчилгаа хийгээгүй ч үзэсгэлэнгийн хугацаа нэг биш удаа сунгагдаж, маш удаан хугацаанд гарч байгаагаас нь харахад эрэлт ихтэй байгаа нь илт билээ. Үзэсгэлэн ЛГБТК нийгэмлэг дахь загварын түүх ба хувьслыг харуулах бөгөөд хувцаслалт бол хүний өөрийгөө илэрхийлэх, эсвэл эсрэгээрээ нуун дарагдуулах чухал хэрэгсэл гэдгийг ойлгуулна.

цааш үзэх