
Алтан үеийн Balenciaga буцаж ирэх үү? Тус брэндийн өнгөрсөн болон ирээдүй
Демна Гвасалиягаар удирдуулсан Balenciaga
Энэ жил хувцас загварын салбарт тэр дундаа дэлхийд алдартай брэндүүд өөрсдийн бүтээлч захирлуудын томоохон солилцоогоор онцлогдож байна. Мэргэжилтнүүдийн тайлбарлаж буйгаар энэ нь олон алдартай брэндүүдийг нэгэн дээвэр дор багтаасан томоохон групп компаниудын хэтийн бодлоготой нягт хамааралтай гэж үзэж байгаа бөгөөд урлаг талаас харвал бас нэгэн сонирхолтой загваруудыг бид харах шинэ эхлэл тавигдаж байна гэж дүгнэж болох юм.
Сүүлийн жилүүдэд хамгийн их анхаарал татаж чадсан брэнд бол Balenciaga билээ. Залуучуудад чиглэсэн, шинийг эрэлхийлсээр тус брэндийг шинэ түвшинд аваачсан эрхэм бол мэдээж дизайнер Демна Гвасалия билээ. Демнагийн хувьд тэрээр тус брэндийн бүтээлч захирлын албыг мундаг сайн чиглүүлсэн гэж хэлж болох ч зарим талаараа Balenciaga брэндийн үндсэн философийг хэтрүүлэн өөрчилсөн мэт заримд санагдах нь бий. Balenciaga загварын ордон хэдхэн жилийн дотор дээд зэрэглэлийн брэнд гэх тодотголоос хальж илүү залуучуудад чиглэсэн брэнд болж хөгжсөн ба түүний Balenciaga загварын дүрмийг маш ноцтой эвдсэн нь магад ийн амжилт авчирсан байж болох. Зарим жишээг дурдвал Демна Balenciaga-г өөр брэндүүдийн таних тэмдэгтэй хольсон юм. Түүгээр ч зогсохгүй энгийн хүнсний дэлгүүрт зарагддаг торыг хүртэл арьсан материалаар урлаж, бидний хэзээний дургүй хэв маяг болох арьсан ботинкийг жийнсэн өмдтэй хослуулсан аймшиггүй алхмуудыг хийсэн билээ. Adidas брэндийн үндсэн лого болох гурван судлыг даашинзнууддаа буулгаад зогсохгүй Gucci брэндийн өөрсдийн нэрийн хээг хүртэл ашигласан бөгөөд түүнээс хагас жилийн дараа Fendi болон Versace өөрсдийн логог хамтатган гаргаж байсан билээ.



Демна эцэг эхийн хамтаар ОХУ болон Украинд амьдарч дараачаар нь өөрийн карьерыг хөөж Германд багагүй хугацааг өнгөрүүлсэн билээ. Ерөнхийдөө түүний шилжин амьдарсан хотууд хоорондоо эрс тэрс ба түүний бүтээлч байдал халгин гарах бас нэгэн боломж байсан юм. Орос улс бол зарим талаараа хаалттай орон, гэсэн хэдий ч оросын гудамжны хувцаслах урсгал ч гэсэн маш өвөрмөц. Спорт цамц, мөнгөн гинж гээд орос хөвгүүд яаж хувцасладаг гэдгийг Демна мэддэг байсан. Тэр ялгаварлан гадуурхлыг хүчтэй мэдэрч, энэ нь түүний бүтээлч ертөнцөд илүү хурц, эсэргүү хандлага суулгасан ч байж мэдэх. Харин түүний дараагийн зогсоол бол Герман байв. Underground урлаг, хэнээс ч айлгүй юу хүссэнээ өмсөж чаддаг залуусын эрх чөлөөт сэтгэлгээ нь түүний загварын үзэлд хүчтэй нөлөөлөв. Гагцхүү түүний амьдралаас олж харсан бүх туршлагууд Balenciaga брэндтэй ийн сүлэлдсэн билээ.


Нөгөө талаар Демна тус загварын ордны байгуулсан Кристобаль Баленсиагагийн урласан үдшийн даашинзнуудаас санаа авдаг байсан төдийгүй өөрийнхөөрөө дахин загварчилж Balenciaga брэндийг шинэ эрин үетэй холбож чадсан ба underground хэв маягийг Баленсиага ноёнтны урласан эрт цагийн даашинзнуудтай хослуулсан билээ. Энэ жилээс Демна Balenciaga брэндийг орхисон бөгөөд одоо тэрээр Gucci-гийн бүтээлч захирлаар ажиллаж байгаа билээ.





Пьерпаоло Пиччолигоор удирдуулах Balenciaga-гийн ирээдүй.
Энэ жилийн аравдугаар сард тэрээр Balenciaga-гийн нэрийг өөрийнхөөрөө үлгэрлэн шинэ цуглуулгаа гаргах гэж байгаа билээ. Тэрээр Valentino брэндэд 25 жил ажилласан туршлагатай. Үндсэндээ Пьерпаоло бол даашинз хийгээд үдшийн гоёлыг хэрхэн загварчилах талаар гаргууд нэгэн. Тэрээр эрсдэлтэй алхам хийхээс айдаггүй хэдий ч Демна шиг эсэргүү зориг гаргах нь юу л бол. Пьерпаологийн хувьд тэрээр уран зохиолоор суралцаж байсан төдийгүй түүний бүтээлүүд эмэгтэй хүний дотоод гоо сайхан, романтизмыг харуулах гэсэн санаа маш тод ажиглагддаг. Мөн Valentino брэндийн үзэл хийгээд эмэгтэйчүүдэд хэлэх гэсэн санааг Пьерпаоло тун сайн гаргаж хайрын хэлийг тэр даашинзнуудаараа харуулж чадсан билээ. Хамгийн сонирхолтой нь Пьерпаологийн Valentino-гийн даашинз болон Демнагийн Balenciaga-гийн даашинзнууд хоорондоо маш төстэй байдаг. Зарим талаараа Пьерпаоло Balenciaga-д яг тохирно гэж магад ийн ажиглагдсан ч байж болох.





Эцэстээ дүгнэхэд Кристобаль Баленсиага өөрөө даашинз урлаач хүн байсныг тодотгон түүний хийж бүтээсэн бүтээлүүдийг хүндэтгэн Пьерпалло өөрийн зүгээс дараагийн Balenciaga нэрийн хуудас болсон даашинзыг толилуулах магадлал өндөр юм.