
Загварын улирал эхэллээ: Хүлээлт үүсгэж буй загварын шоунууд
Матье Блази, Пьерпаоло Пиччоли зэрэг
Загварын шоунууд ар араасаа цувран, үзэгчдийг догдлуулж, дизайнерууд өөрсдийн бүтээлээрээ шинэ улирлын чиг хандлагыг тодорхойлох үе эхэллээ. 2025 онд олон арван дизайнер өөрийн нэрийг шинэ загварын ордонтой холбож, тэдгээрийн нэрийн доор анхны шоугаа танилцуулахаар зэхээд байна. Ингээд загвар сонирхогчдын дунд хамгийн хүлээлт үүсгээд байгаа зургаан загварын шоуны мэдээллийг хүргэе.
Матье Блази – Chanel
Анхны шоу танилцуулах огноо: Аравдугаар сарын 6
Энэ улирлын хамгийн их хүлээлт үүсгэж буй үзүүлбэрүүдийн нэг бол Chanel загварын ордны бүтээлч захирал Матье Блазигийн шоу юм. Учир нь тэрээр тус загварын ордонд орсны дараагаар толилуулж буй анхны үзүүлбэр болж буй гэдгээр онцлог билээ. Chanel загварын ордны бүтээлч захирал асан Виржини Виарын хэв маягийг эвдэж, ямар шоу толилуулах нь олны анхаарлыг ихэд татаж байгаа юм.

Жонатан Андерсон – Dior
Анхны шоу танилцуулах огноо: Аравдугаар сарын 1
Энэ оны дөрөвдүгээр сард Жонатан Андерсон Dior загварын ордны бүтээлч захирлаар томилогдсон. Тэрээр энэ зун эрэгтэй загварын долоо хоногийн үеэр Dior дахь анхны дебютээ толилуулсан юм. Үүнээс хойш хэд хэдэн олны танил эрхмийг Венецийн кино наадмын улаан хивсний ёслол дээр хувцаслаж, олны анхаарлын төвд ороод байгаа билээ. Тэрээр брэндийн нэрийн хуудас болсон Lady Dior, Book Tote зэргийг шинэчлэн танилцуулсан хэдий ч түүний эмэгтэй хувцасны цуглуулга ихэд хүлээлт өндөртэй байна. Дашрамд дурдахад тэрээр тус загварын ордны эрэгтэй болон эмэгтэй хувцасны бүтээлч захирлын албыг зэрэг хашиж буй анхны дизайнер билээ.

Пьерпаоло Пиччоли – Balenciaga
Анхны шоу танилцуулах огноо: Аравдугаар сарын 4
Загвар зохион бүтээгч Пьерпаоло Пиччолиг Balenciaga-гийн шинэ бүтээлч захирлаар томилсон нь энэ жилийн хамгийн анхаарал татахуйц шийдвэрүүдийн нэг байлаа. Демна Гвасалиа Gucci-руу шилжсэнтэй холбоотойгоор түүний оронд ажиллах нь Пьерпаологийн хувьд тун амаргүй сорилт юм. Учир нь өнгөрсөн арван жилийн хугацаанд Демна Гвалисиагийн өвөрмөц хэв маяг тус брэндтэй салшгүй холбоотой болсон билээ. Тэрээр брэндийн загварын чиг хандлагыг үргэлжлүүлэх үү, эсвэл Кристобаль Баленсиагагийн өвийг дахин сэргээх үү гэдгийг харах үлдлээ.

Луиз Троттер – Bottega Veneta
Анхны шоу танилцуулах огноо: Есдүгээр сарын 21
Британи гаралтай дизайнер Луиз Троттер өнгөрөгч оны арванхоёрдугаар сард Bottega Veneta-гийн бүтээлч захирлаар томилогдсон билээ. Итали загварын ордныг удирдахаас өмнө тэрээр францын Carven брэндийн дизайн багийг удирдаж байсан ба тэрээр уг брэндийг шинэчилж, шинэ түвшинд аваачсан. Одоо харин Даниел Ли, Матье Блази зэрэг нэртэй загвар зохион бүтээгчдийн дараа Bottega Veneta-д тэр ямар шинэчлэлт хийх бол гэдэг нь олны анхаарлын төвд байгаад байна.

Жек Маккалау, Лазаро Эрнандес – Loewe
Анхны шоу танилцуулах огноо: Есдүгээр сарын 23
Жек Маккалау, Лазаро Эрнандес нар Proenza Schouler брэндийг анх 22 жилийн тэртээ үүсгэн жилийн байгуулсан билээ. Харин энэ оны гуравдугаар сард Жонатан Андерсоны оронд Loewe брэндийн бүтээлч захирлаар томилогдсон нь тэдний замналын шинэ хуудсыг нээж өглөө. Испани брэндийн өв соёлыг хадгалж үлдээхийн зэрэгцээ өөрсдийн өвөрмөц хэв шинжийг шингээх нь гарцаагүй бөгөөд энэ нь тэдний карьерын хувьд цоо шинэ сорилт, шинэ туршлага болох нь дамжиггүй.

Симон Беллоти – Jil Sander
Анхны шоу танилцуулах огноо: Есдүгээр сарын 24
Jil Sander брэнд энэ жил ч гэсэн томоохон өөрчлөлтийг хийж, Симон Беллотийг бүтээлч захирлаар томилсон билээ. Симон Беллоти өмнө нь Bally, Gucci, Bottega Veneta, Gianfranco Ferré зэрэг нэр хүндтэй брэндүүдэд ажиллаж, арвин туршлага хуримтлуулсан нэгэн. Түүний ур чадвар, мэдрэмж шингэсэн анхны цуглуулга энэ сарын 24-ний өдөр Миланд олон нийтэд дэлгэгдэх гэж байна.

Төстэй нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт