2021 оны эрэгтэй загварын чиг хандлага
Бермуда загварын шоорт
Өвдөг дөнгөж давсан бермуда шоорт нь зуны хамгийн оновчтой сонголт юм. Сэрүүхэн, загварлаг болон чиг хандлагад нийцсэн байдал нь бермуда шоортыг илтгэх шинж чанарууд нь билээ. Мөн тус шоортоор зөвхөн эрчүүд гэлтгүй эмэгтэйчүүд төрхөө бүрдүүлэх боломжтой нь сүүлийн үед дэлгэрээд байгаа хүйсгүй хувцаслалтыг илтгэх юм. Загварчлалын хувьд бермуда шоортыг кет эсвэл лофер гуталтай хослуулан өдөр тутмын хэв маягийг бүрдүүлэхэд хамгийн тохиромжтой.
Өргөн өмд
Аль болох биед эвтэйхэн, спортлог, тав тухтай хувцаснууд загварын салбарт ноёрхож хүмүүсийн анхаарлыг татаж байна. Тиймдээ ч загварын орднуудын шинэ цуглуулга бүрт ямар нэг oversize хувцас, тэр дундаа өргөн өмд харагдах болсон. Тус өмдийг жийнс, даавуу болон зотон материалуудыг түлхүү ашиглан урлаж байгаа нь жилийн ямар ч улиралд өмсөх боломжийг бидэнд нээсэн билээ. Харин эрчүүддээ урин дулаан зуны улирал ирж буй энэ үед хөлрөхөөс сэргийлдэг, салхи чөлөөтэй нэвтрүүлдэг зотон материалыг сонгохыг зөвлөж байна.
Дараагийн сонгодог өнгө - Пастель
Дэлхийн алдарт Raf Simons, Versace, MSGM болон бусад брэндүүдийн цуглуулгууд пастель өнгөөр амьсгалж байна. Энэхүү зөөлөн атлаа өнгөлөг туяанууд нь цар тахал дэгдсэн энэ хар бараан цаг үеийг гэрэлтүүлэх шиг л болно. Тиймээс та саармаг өнгөнүүдээс түр амсхийж пастель өнгийн загваруудыг анхааралдаа аваарай.
Бомбер эргэж ирлээ
Хавар-зун 2021 цуглуулгад түгээмэл харагдсан дараагийн загвар бол бомбер юм. Моданаас гарсан гэх шалтгаанаар шүүгээнийхээ мухар луу шилжүүлсэн бол буцаад гаргаж ирэх цаг нь ирлээ. Аль эсвэл шинээр худалдаж авахыг хүсвэл Prada брэндийнх шиг сонгодог, богино загвараас, Ambush-ийнх шиг бүтээлч бомберуудаас, мөн зуны орой сэрүү орсон үед өмсөхөд тохиромжтой Wooyoungmi-ийн бомбероос сонгоорой.
Минимализм
Минималист хэв маягаар төрхөө бүрдүүлэх нь ямар ч тохиолдолд буруутахгүй. Цэвэр цэмцгэр, чимэглэл багатай, энгийн атлаа загварлаг байдлаар тодорхойлогдох минималист стиль нь хүн бүрт сайхан зохидгоороо онцлог билээ.
Төстэй нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт