Гэрийн эзэгтэй биш гэрийн эрэгтэй нар олшрох уу?
Эр хүн ажил хөдөлмөр эрхлэн гэр бүлийнхээ үндсэн орлогыг олж, харин эм хүн айл гэрийн асран сувилах үүргийг гүйцэтгэн гэрийн эзэгтэй болдог нь зөвхөн Монголд ч бус дэлхийн нийтээрээ даган мөрддөг жишиг уламжлал болсон гэхэд хилсдэхгүй. Гэвч ямар ч уламжлал цаг хугацаа өнгөрч, нийгмийн хэв загвар өөрчлөгдөхийн хэрээр тодорхой шалгуурыг давах хэрэгтэй болдог бололтой. Учир юу вэ гэвээс эрчүүдийн хөдөлмөр эрхлэлт хөгжингүй орнуудад алгуурхан буурч байна. Гол асуудал нь ажилгүйдэл буюу ажил олдохгүй байгаадаа бус, эрчүүд ажил хөдөлмөр эрхлэх сонирхол нь буурсантай холбоотой.
1960 онд АНУ-д ажилгүй эрчүүдийн тоо хүн амын дөрөв орчим хувийг эзэлдэг байсан бол өнөө цагт 12 хувь болтлоо өссөнийг Brookings Institution судалгааны байгууллагын тайлангаас тодорхой харагдана. Мөн тус улсад 90-ээд онд ажил хөдөлмөр эрхэлж буй эрчүүдийн тоо эмэгтэйчүүдийнхээс долоон сая илүү байсан бол энэхүү зааг ялгаа өнөөдөр хэдийнээ арилжээ. Үүнд нэг зүйлийг дашрамд дурдахад эмэгтэйчүүд урьд өмнөхөөсөө илүү ажлын талбар руу олон тоогоор хүч түрэн орж ирснээс үүдсэн тоо биш юм. Ковидын халдвар дэгдэхээс өмнө Америк эрчүүдийн 69,2 хувь хөдөлмөр эрхэлж байсан бол энэ үзүүлэлт хоёр хувь буурсан нь эмэгтэйчүүдийнхээс тав дахин их үзүүлэлт юм. Аль аль хүйсийн үзүүлэлт буурсан ч эрчүүдийнх их байгаа нь эрчүүд ажил хийхгүй байх хандлага өндөр байгааг үзүүлж байна.
Судлаачид үүний шалтгааныг эцгийн эрхт ёс хөгжингүй орнуудад бага багаар халагдаж буйтай холбоотой хэмээн үзэж байна. Өмнөх үетэй харьцуулахад өнөө цагт ажилгүй эрэгтэй хүн гадуурхалд бага өртдөг бөгөөд залуу эрчүүд гэрлэхийг чухалчилдаггүй болсонтой ч мөн холбон тайлбарлаж болно. Түүгээр ч зогсохгүй утасны дэлгэцээр дамжуулан хямд өртгөөр өөрсдийгөө хангалттай хөгжөөн баясгаж болдог болсон нь ажил хийж мөнгө олох шалтгааныг сулруулж байна.
Хэдий Монгол улс хөгжиж буй орны тоонд ордог ч Үндэсний Статистикийн хорооноос гаргасан судалгаанд 2025 онд нэгдүгээр улирлын байдлаар нийт ажилгүй иргэдийн 60 хувь нь эрчүүд байна. Монгол эрчүүдийн ажилгүй байх шалтгаан дээрхээс өөр байж болох ч эрчүүд ажил хийхгүй гэрээ сахин суух үзэгдэл дэлгэрч буй нь нийгэм өөрөө хортой маскулинист үзлээс татгалзаж буйг илэрхийлж болох ч энэ нь хүйсийн тэнцвэртэй оролцоог алдагдуулах эрсдэлтэй. Цаашид гэрийн эзэгтэй биш гэрийн эрэгтэй нар олшрох уу?
Төстэй нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт