Эрчүүддээ арьс арчилгааны анхан шатны ойлголт өгөх нь
Эр хүнийг сорви чимнэ хэмээх хортой маскулинист ойлголт ард хоцорчээ. Сахлын болон гоо сайхны бүтээгдэхүүн, пластик мэс засал зэрэг эрчүүдэд зориулсан нийт гоозүйн салбарын зах зээлийн хэмжээ 2022 оны байдлаар 202.6 тэрбум ам.доллар байсан бол энэ тоо цаашид өссөөр 2030 гэхэд 376.4 тэрбум ам.долларт хүрэх төлөвтэй байгааг Grand View Research судалгааны байгууллага гаргасан байна. Үүнээс 38,6% нь Монгол улсын багтдаг Ази, Номхон Далайн бүсийн зах зээл эзэлж байна. Өмнөд Солонгос улсын эрчүүд гэхэд л дунджаар арьс арчилгааны долоон төрлийн бүтээгдэхүүн хэрэглэдэг гэсэн дам судалгаа ч бий. Энэ бүх өсөлт нь цахим сүлжээ дэх influencer-уудын нөлөө, GenZ үеийнхний хүйсийн хэвшсэн ойлголтоос татгалзах тэрслүү чанар зэргээс үүдэлтэй. Тиймээс орчин цагт эр хүн арьсаа арчлана гэдэг өглөө босоод шүдээ угаахтай ижил энгийн зүйл болох нь тодорхой юм. Тиймээс Их Монгол улсын минь бүхий л олон хийморьлог эрчүүд бид гоо сайхандаа анхаарлаа гээд хийморь сүлд нь доройтно гэж айж эмээлгүйгээр арьсаа арчилж сурах нь цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхаж буй орчин цагийн эр хүний шинж гэдгийг ухаарах нь зөв болов уу.
Юуны өмнө эрчүүд арьсаа арчилж сурахын тулд арьсны онцлогоо мэдэх шаардлагатай ба үүнийг мэдэх тун энгийн арга бий. Нүүрээ угаасныхаа дараа 30 хором ямар ч арьсны бүтээгдэхүүн хэрэглэхгүйгээр хүлээнэ. Үүний дараа толинд харахад арьс тань хуурай, холцруутсан, ширүүн байвал хуурай арьстай, бүхэлдээ тос ялгарч гялайсан байвал тослог арьстай, зөвхөн хамар дух гялайсан, бусад хэсгээрээ хуурай бол холимог арьстай, арьс улайж хорсож байвал эмзэг арьстай, аль нь ч биш бол хэвийн арьстай гэсэн үг. Хэрвээ арьсныхаа онцлогийг тодорхойлсон бол өөрт тохирсон арчилгаандаа орно.
1. Цэвэрлэгээ

Эрчүүдийн өдөр тутмын арьс арчилгааны хамгийн энгийн эхлэл бол мэдээж нүүрний арьсаа цэвэрлэхээс эхэлнэ. Ингэхдээ гарын хатуу саван бус нүүр цэвэрлэх зориулалттай тусгай шингэн саван сонгоорой. Сонгохдоо арьсыг цочроож, эмзэгшүүлдэг сульфатгүй бүтээгдэхүүн авахыг зөвлөж байна.
2. Гуужуулалт

Тестостерон буюу эр бэлгийн дааврын нөлөөний улмаас эрчүүдийн арьс эмэгтэйчүүдийг бодвол илүү зузаан байдаг. Тиймээс арьсны хамгийн гадна талд орших үхэжсэн эсүүдийг гуужуулж, дотор талаас шинэ залуу арьсны эсүүд ил гарснаар, таны арьс илүү цагаан, цэвэрхэн, өнгөлөг харагдана гэсэн үг. Гэхдээ өдөр бүр биш, улирлаас шалтгаалан долоо хоногт 2-3 удаа гуужуулахад л хангалттай гэдгийг санаарай. Арьсыг хэт гуужуулж нимгэрүүлснээр, арьс эмзэгшиж, амархан улайж хорсдог. Мөн арьсны хамгаалалтын давхарга үгүй болж батга амархан гардаг болох эрсдэлтэй. Хэрвээ арьсаа гуужуулсны дараа нүүр хорсож, улайлт өгч байвал энэ нь таны арьс төрөлхөөсөө нимгэн, эмзэг гэдгийг батлах бөгөөд арьсаа гуужуулах огт шаардлагагүй гэх дохиог өгч байна.
3. Тэжээл өгөх

Нүүрний арьсаа цэвэрлэж, гуужуулсны дараа арьсны онцлогтоо тохируулан серум хэрэглээрэй. Серумыг энгийн үгээр тайлбарлавал арьсанд шаардлагатай шимт бодис хэмээн ойлгож болно. Тиймээс хэрвээ хуурай арьстай бол гиалуронтой серум, нөсөө толбо болон гэмтлээс хамгаалах бол Vitamin C-тэй серум, үрчлээтэж эхэлж байгаа бол Vitamin А бүхий ретинолтой серум зэргээр арьсны онцлогтоо тохируулан зөвийг нь сонгох нь чухал.
4. Чийгшүүлэх

Зөвхөн хуурай арьстай хүмүүс л арьсаа чийгшүүлэх шаардлагатай гэсэн үг биш. Арьс хуурайшсанаар тухайн хүний биеийн онцлогоос хамааран зарим хүний арьсны нүх сүвэнд орших тослогийн булчирхай идэвхжиж, тос ялгаран нүх сүвээр нь гадагшилснаар арьсыг тослог болгодог. Энэхүү тос нь арьсыг чийгшүүлж болох ч, уг тосыг ялгаруулахын тулд арьсны нүх сүв онгойдог тул тосоор дүүрсэн арьсны нүхэнд нян бактери үржих таатай нөхцөл бүрдэнэ. Тиймээс тослог арьс дээр батга гарах хандлага өндөр байдаг. Харин зарим хүмүүсийн арьсанд эдгээр тос ялгаруулдаг булчирхай нь идэвх муутай байдаг тул арьс хуурайшдаг. Тослог болон хуурай арьсны гол ялгаа нь энэ боловч үүсгэж буй хүчин зүйл нь адилхан буюу арьс хэт хуурайшсанаас үүдэлтэй юм. Харин арьсыг зөв чийгшүүлснээр арьс тос ялгаруулах шаардлагагүй тул нүх сүв нь ч онгойхгүй, бас түүн дотор нян бактери үржиж батга гарах үндэсгүй болно. Тэгвэл хуурай арьсыг чийгшүүлснээр арьс хагарч гэмтэхгүй, үрчлээтэхгүй юм. Серум хэрэглэснийхээ дараагаар чийгшүүлэгч тос түрхэх нь серумыг арьсны гүнд шингээн түгжиж, үйлчлэх нөлөөг нь мөн ихэсгэдэг билээ.
5. Нарнаас хамгаалах

Та магадгүй дээр дурдсан арьс арчилгаануудыг онц чухал шаардлагагүй гэж бодож болох ч арьсаа нарны туяанаас хамгаалах нь зөвхөн гоо зүй бус эрүүл мэнддээ анхаарч буй хэрэг тул таны үндсэн хэрэгцээнүүдийн нэг ч байж мэднэ. Учир нарны хэт ягаан туяа зөвхөн арьсыг борлуулж, нөсөө толбо үүсгэдэггүй, даамжирвал арьсны хорт хавдарт ч хүргэж болох аюултай юм. Нарны тос дотроо олон төрөл бөгөөд үүнийг тайлбарлахын тулд нарны хэт ягаан туяаны талаар бяцхан мэдлэгтэй байх хэрэгтэй. Ерөнхийдөө гурван төрлийн хэт ягаан туяа байдгаас хоёр нь хүний арьсыг гэмтээдэг. UVA буюу урт долгион нь арьсны гүн давхаргад нэвтэрч, коллагеныг задалдаг тул арьсанд үрчлээ үүсгэж, хөгшрөлтийг түргэсгэнэ. Хэрвээ нарны тос дээр PA гэсэн тэмдэглэгээ байвал энэхүү UVA-аас таны арьсыг хамгаалдаг гэсэн үг. PA-ын араас нэмэх тэмдэг нь их байх тусам сайн хамгаална гэсэн үг. Харин UVB буюу дунд долгион нь арьсны гүнд нэвтрэхгүй ч гадаргууг нь түлж, улайсгадаг бол SPF гэх тэмдэглэгээ нь уг туяанаас таны арьсыг хамгаална гэсэн үг. Бас мэдээж түүний араас бичигдсэн тоо нь их байх тусмаа таны арьсыг удаан хамгаална гэсэн үг юм. Харин UVC долгион нь уул шугамдаа хамгийн хортой ч, озоны давхаргад 98% нь шүүгддэг тул харьцангуй аюул багатай. Гэхдээ озоны давхарга улам бүр нимгэрч байгаа өнөө цагт хүмүүс бид дорвитой урьдчилан сэргийлэх ажил хийхгүй бол хожмын ирээдүйг заналхийлсэн хортой үр нөлөө авчрахыг үгүйсгэхгүй. Тиймээс та нарны тос сонгохдоо аль болох SPF, PA гэсэн тэмдэглэгээ хоёул байгаа эсэхийг шалгаж, тэдгээрийн араас бичигдэх тоо болон нэмэх тэмдгүүд нь аль болох олонтойг авах нь зүйтэй. Хэрвээ та нарны туяанд урт хугацаагаар байх шаардлагатай бол 2-3 цаг тутамд нарны тос түрхэх шаардлагатай, харин дотор ажилтай бол өглөө гэрээсээ гарахдаа болон өдөр ажлын завсарлагааны үеэр нэмж түрхэхэд л хангалттай.
Төстэй нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт