Парисын эрэгтэй загварын долоо хоног: Raf Simons, намар-өвөл 2016
Аймшгийн киноны баатрууд
Раф Симонсын намар-өвөл 2016 цуглуулгаа танилцуулсан өдөр алдарт "Twin Peaks" цувралын найруулагч Дэвид Линчийн төрсөн өдөр болж байлаа. Дизайнер WWD -д өгсөн ярилцлагадаа үүнийг санаандгүй явдал байсан бөгөөд найруулагчийн төрсөн өдрийг хэзээ болдгийг сайн мэддэггүй байсан гэжээ. Тэрээр "Шоугаа Дэвид Линчид хэсэгчлэн зориулсан" гэж нэмж хэлсэн байна.
Дизайнер энэ удаад зөвхөн 1990-ээд оны цуврал кино гэлтгүй, мөн олон янзын аймшгийн киноноос урам авч, цуглуулгаа бүтээжээ. Хар дарсан зүүд, ер бусын далдын хүч, Синди Шерманы "Untitled Horrors" цуврал зэрэг нь бүгд түүнд шинэлэг санаа бэлэглэсэн байна. Гэхдээ Раф Симонс аливаа сэдвийг маш далд утгаар цуглуулгадаа шингээдэг нэгэн. Тиймээс түүний цуглуулгад Фредди Крюгерийн бээлийг харна гэж бодсоны хэрэггүй. Дизайнер цуглуулгын суурь болгож сургуулийн дүрэмт хувцсыг сонгосон байна. Учир нь аймшгийн киноны гол дүрүүдэд ихэвчлэн өсвөр насныхан тоглодог шүү дээ. Цамц дээгүүр давхарласан нэхмэл хантааз, хөндлөн судалтай цамц, хийсвэр сургуулийн билэг тэмдэг, энгийн хүрэм, өмд зэрэг нь уламжлалт загвараар биш, харин алдагдсан пропорц, oversize хэмжээтэй болон цуглуулгад орсон байна. Эдгээр загваруудыг харахад томдсон хувцас өмссөн хэврэг биетэй залуучууд ямар нэгэн зүйлээс айж буй мэт мэдрэмж төрөх болно.