Хайх

2024 оны Каннын кино наадмаас онцлох 10 бүтээл

2024 оны Каннын кино наадмаас онцлох 10 бүтээл

Text: Buro.Mongolia


Дэлхийн кино урлагийн хамгийн чухал арга хэмжээнүүдийн нэг болох 77 дахь удаагийн Каннын наадам 2024 оны тавдугаар сарын 14-нөөс 25-ны хооронд зохиогдохоор товлогдоод байгаа билээ. Энэ жилийн ёслолд нийт 52 чанартай бүтээл сонгогдон, өрсөлдөж буйгаас бид хамгийн өндөр хүлээлттэй байгаа 10 киног онцлон танилцуулж байна.


The Apprentice

Найруулагч Али Аббасигийн ээлжит бүтээл The Apprentice кино үзэгчдийн дунд томоохон хүлээлт үүсгээд байгаа юм. Бодит явдлаас сэдэвлэсэн гэгдээд буй тус киноны үйл явдал 1970-аад оны үед өрнөх ба АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгч Дональд Трамп болон 13 жилийн турш түүний өмгөөлөгч, зөвлөгч мөн найз байсан алдарт Рой Кон нарын дуулиант харилцааны талаар өгүүлэх юм. Дональд Трампын дүрийг жүжигчин Себастьян Стэн, Рой Коны дүрийг жүжигчин Жереми Стронг бүтээжээ.

2024 оны Каннын кино наадмаас онцлох 10 бүтээл (фото 1)

Bird

Fishtank, American Honey, Cow зэрэг бүтээлүүдээрээ алдартай найруулагч Андреа Арнольдын Bird кино Каннын наадамд өрсөлдөхөд бэлэн болжээ. Saltburn бүтээлээрээ үзэгчдийн анхаарлыг ихээхэн татаж чадсан жүжигчин Барри Кеоганы тоглосон уг бүтээлийн талаар мэдээлэл одоогоор хомс байгаа ч үйл явдалд хөдөө тосгонд амьдрахаас залхсан Бэйли охин шинэ адал явдал, шинэ хүмүүстэй танилцахыг хүсэж буйгаар эхлэх аж.  

2024 оны Каннын кино наадмаас онцлох 10 бүтээл (фото 2)

Caught by the Tides

2018 оны Каннын кино наадамд Ash Is Purest White киногоороо нэр дэвшин, чамлахааргүй их сайшаал хүртэж байсан найруулагч Жя Жанке энэ удаа Caught by the Tides хэмээх драм төрлийн бүтээлээрээ нэр дэвшиж байна. Үйл явдал 2000 оны эхэн үеийн Хятад улсад өрнөх ба Цяо Цяо хэмээх бүсгүйн найз залуу Гуао Бин гэнэтхэн л өөр мужид амьдрахаар шийдэж, ор сураггүй алга болно. Харин Цяо Цяо хайртай залуугаа хайж эхэлснээр кино цааш үргэлжилнэ. 

2024 оны Каннын кино наадмаас онцлох 10 бүтээл (фото 3)

Furiosa: A Mad Max Saga

Есөн жилийн өмнө Mad Max: Fury Road Каннын кино наадамд нээлтээ хийж, тухайн жилийнхээ хамгийн хит бүтээлүүдийн нэгээр тодорч, тэгээд ч зогсохгүй Оскарын ёслолоос зургаан шагналыг өөрийн болгож байсан түүхтэй. Иймд үзэгчдийн дунд тун өндөр хүлээлт үүсгээд буй Furiosa: A Mad Max Saga бүтээлийг онцлох нь зүйтэй болов уу. Фуриосагийн залуу насны дүрд жүжигчин Аня-Тейлор Жой тоглож байгаа ба мөн алдарт жүжигчин Крис Хемсворт, Том Харди нар дүр бүтээж буй гэдгээрээ олон нийтийн анхаарлыг маш их татаад байгаа юм. 


Emilia Perez

Францын алдарт найруулагч, зохиолч Жак Одиарын гэмт хэрэг, инээдэм хосолсон мюзикл бүтээлийн гол дүрд Селена Гомез, Зои Салдана нар тоглож байгаа юм. Үйл явдалд нэгэн бүлэглэлийн толгойлогч байр сууриасаа татгалзаж, хүйсээ солиулан эмэгтэй хүн болох мөрөөдлөө биелүүлэхийн тулд өмгөөлөгч бүсгүй Ритатай холбогдож буйгаар эхэлнэ. 

2024 оны Каннын кино наадмаас онцлох 10 бүтээл (фото 4)

Kinds of Kindness

Poor Things киногоороо өнгөрсөн жилийг донсолгоод амжсан найруулагч Йоргос Лантимос шинэхэн бүтээлээ танилцуулахаар өмнө нь гар нийлж ажиллаж байсан жүжигчид болох Эмма Стоун, Уиллем Дефо нарын хамтаар Каннын кино наадамд эргэн ирж байна. Тус бүтээл нь гурван өөр түүхээс бүрдэх хэдий ч үйл явдлын хувьд хоорондоо жигтэй байдлаар холбогдсон гэдгээрээ онцлог аж. 


Megalopolis

Зохиолч, найруулагч Фрэнсис Форд Коппола Megalopolis киноныхоо санааг анх 1977 онд бодож олсон ч кино компаниуд түүний зохиолоос эрс татгалзаж байжээ. Ийнхүү 2019 онд 120 сая ам.долларын санхүүжилтийг өөрөөсөө гарган, зохиолоо кино болгохоор эрс шийдсэн гэдэг. Гол дүрд жүжигчин Адам Драйвер тоглож байгаа бөгөөд үйл явдал Нью-Йорк хот нэгэн ослын улмаас бүр мөсөн устаж, сүйрч буйгаар эхэлнэ. Харин энэ үеэр цаг хугацааг удирдах чадвартай нэгэн архитектор залуу Сезар Катилина хотыг аврахаар шийднэ. 


The Seed Of The Sacred Fig

Каннын кино наадмаас хэд хэдэн удаа шагнал хүртээд амжсан чадварлаг найруулагч Мохаммад Расулофын шинэхэн бүтээл нээлтээ хийхэд бэлэн болжээ. Гэвч тэрээр бүтээсэн уран бүтээлээрээ дамжуулж Иран улсыг гутаан доромжилсон хэрэгт гүтгэгдэж, 2022 оны долоодугаар сард баривчлагдсан билээ. Үзэл бодлоо илэрхийлснийх нь төлөө түүнийг хилээр гарахыг хориглож, шоронд суулгасан нь олон нийтийн бухимдлыг төрүүлж байсан ч "гал дээр тос нэмнэ" гэгчээр Мохаммад Расулоф нэмж найман жилийн хорих ялаар шийтгүүлсэн юм. The Seed Of The Sacred Fig киноны үйл явдал одоогоор тодорхой бус байгаа ч Иран улсын Иман тосгонд өрнөж буй бохир үйл явдал, улс төрийн эсэргүүцлийн талаар өгүүлэх аж. 

2024 оны Каннын кино наадмаас онцлох 10 бүтээл (фото 5)

Rumours

Найруулагч Гай Мэддиний егөөдсөн инээдмийн жанрын бүтээл болох Rumours кинонд Кейт Бланшетт, Алисия Викандер, Чарльз Дэнс тэргүүтэй чадварлаг жүжигчид дүр бүтээж байгаа юм. Үйл явдлын хувьд Их Долоо буюу дэлхийд эдийн засгаараа тэргүүлдэг улсуудаас бүрддэг албан бус бүлгийн гишүүд чухал төлөвлөгөө боловсруулахаар цуглардаг ч хачирхалтай байдлаар ойд төөрснөөр кино цааш үргэлжилнэ.

2024 оны Каннын кино наадмаас онцлох 10 бүтээл (фото 6)

The Substance

Франц найруулагч Корали Фаржатын The Substance хэмээх аймшгийн жанрын кинонд Деми Мур, Маргарет Куэлли, Деннис Куэйд нар тоглож байгаа билээ. Үйл явдлын талаар одоогоор мэдээлэл байхгүй хэдий ч нүд халтирам үзэгдлүүд, сэтгэл сэртхийлгэм үйл явдлаар дүүрэн гэдгийг кино багынхны зүгээс хуваалцжээ. 

2024 оны Каннын кино наадмаас онцлох 10 бүтээл (фото 7)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх