Хайх

2022 оны загварын салбарын шилдгүүд тодорлоо

2022 оны загварын салбарын шилдгүүд тодорлоо

Шилдэг брэнд, загварын шоу, хамгийн эрэлттэй тренд болон бусад

Text: Buro.Mongolia


Lyst олон улсын загварын хайлтын платформ жил бүрийн сүүлээр гаргадаг уламжлалтай “The Year in Fashion” буюу тухайн жил хамгийн нөлөө бүхий байж чадсан загварын брэнд, өндөр эрэлттэй аксесуар, загварын шоу гээд загварын ертөнц дэх шилдгүүдийн жагсаалтыг танилцууллаа


ШИЛДЭГ БРЭНД

Street style дуранд хамгийн их өртөж, сошиал ертөнцийг тэр чигт нь байлдан дагуулж чадсан Miu Miu-гийн Y2K хэв маягийн маш богино юбка, алдартнуудын дурлаж буй Wander цүнх гээд 2022 он Miu Miu брэндийн эрин үе байлаа. Брэндийн мини хослол маш богино хугацаанд борлуулагдаж, интернэт дэх мини юбканы хайлтыг сүүлийн гурван жилд байснаас хэд дахин нэмэгдүүлж чадсан юм. Мөн олны зүгээс өндөр хүлээлттэй байсан брэндийн намар-өвөл 2022 болон хавар-зун 2023 эрэгтэй цуглуулгын бичлэгүүд TikTok дээр 23 сая гаруй үзэлттэй байж, өмнөх жилтэй харьцуулбал брэндийн эрэлт 34%-иар ихэссэн байна.

2022 оны загварын салбарын шилдгүүд тодорлоо (фото 1)

ШИЛДЭГ ТРЕНД

Энэ онд загварын ертөнц тэр чигтээ Барби хүүхэлдэйг санагдуулам тод ягаан өнгөөр амьсгаллаа. Энэ нь Valentino брэндийн тод ягаан өнгө давамгайлсан намар-өвөл 2023 цуглуулгаас үүдэлтэй юм. Цуглуулгын загварын шоу болж өнгөрснөөс долоо хоногийн дараа Valentino ягаан өнгийн хайлт 152%-иар өссөн байна. Мөн брэндийн ягаан хувцсыг сонгон төрхөө бүрдүүлсэн алдартнуудын TikTok бичлэгүүд 80 сая хүртэлх үзэлт цуглуулсан аж.

2022 оны загварын салбарын шилдгүүд тодорлоо (фото 2)

ШИЛДЭГ ЛОГО

Lyst платформ Рианна, Кайли Женнер, Дуа Липа зэрэг алдартнуудын дуртай Diesel брэндийн лого 2022 оны уур амьсгалыг төгс илэрхийлж чадсан хэмээн үзсэн байна. Энэ оны “It” аксесуаруудын нэгээр тодорсон Diesel-ийн 1DR цүнх зургаадугаар сард бүрэн борлуулагдаж дууссан ба үүний дараа цүнхний хайлт 248%-иар өссөн билээ.

2022 оны загварын салбарын шилдгүүд тодорлоо (фото 3)

ШИЛДЭГ ХАМТРАЛ

Jacquemus болон Nike брэндийн хамтарсан цуглуулга загварын хорхойтнуудын дунд маш их хүлээлт үүсгэж чадсан. Цуглуулга худалдаанд гарснаас хэдхэн минутын дотор борлуулагдаж дууссан ба Lyst дээр Jacquemus-ийн хайлт 55%-иар ихэссэн байна.

2022 оны загварын салбарын шилдгүүд тодорлоо (фото 4)

ШИЛДЭГ ГУТАЛ

Birkenstock брэндийн Boston clogs гэх гутал алдартнууд, загварын блогеруудын дунд эрэлт ихтэй байлаа. 2022 оны эхний хагас жилийн байдлаар уг гутлын хайлт 593%-иар ихэссэн ба одоо ч дэлгүүрүүдэд ирсэн даруйдаа зарагдаж дуусдаг гэнэ.

2022 оны загварын салбарын шилдгүүд тодорлоо (фото 5)

ШИЛДЭГ ГАР ЦҮНХ

Та хотын гудамж, street style зургууд, загварын блогеруудын стори дээрээс 90-ээд оны хэв маягтай Prada-гийн Re-Nylon Re-Edition 2000 загварын мини цүнхийг харсан л байх. Уг загварын цүнх нь өөрийн энгийн силуэт, илүү дутуу детальгүй хийцээрээ олон нийтийн, ялангуяа Z үеийнхний анхаарлыг ихэд татаж энэ оны хамгийн эрэлттэй гар цүнхээр тодорсон юм.

2022 оны загварын салбарын шилдгүүд тодорлоо (фото 6)

ХАМГИЙН ЗАГВАРЛАГ ХҮН

Өдгөө 26 настай, дэлхийн шилдэг моделиудын нэг болох Белла Хадидын өмссөн хувцас, зүүсэн аксесуар шууд л тренд болдог. Энэ жилд гэхэд л ойролцоогоор 35 загварын шоуны тайзнаа алхсан тэрээр корсет, карго өмд, платформ ултай, богино түрийтэй UGG гутлын борлуулалтыг огцом өсгөж чадсан билээ.

2022 оны загварын салбарын шилдгүүд тодорлоо (фото 7)

ШИЛДЭГ ХОСУУД

Кортни Кардашьян болон Трэвис Баркер нар өнгөрөгч онд хуримын ёслолоо хийсэн бөгөөд арга хэмжээг Dolce & Gabbana зохион байгуулсан билээ. Тэдний хуримыг TikTok дээр найман сая гаруй хүн үзсэн ба арга хэмжээний дараа Dolce & Gabbana брэндийн хайлт 114%-иар өссөн юм.

2022 оны загварын салбарын шилдгүүд тодорлоо (фото 8)

ШИЛДЭГ ЗАГВАРЫН ШОУ

Энэ оны зун зохион байгуулагдсан Balenciaga брэндийн кутюр цуглуулгын шоун дээр Дуа Липа, Ким Кардашьян, Николь Кидман, Белла Хадид, Наоми Кэмпбелл зэрэг алдартнууд тайзнаа алхаж, цахим сүлжээгээр шуугиан дэгдээж чадсан. Загварын шоуны дараа өдөр нь брэндийн кутюр цуглуулгын хайлт 525%-иар нэмэгдсэн байна. Сонирхуулахад, Balenciaga-гийн шинэ цуглуулгын сурталчилгаанд үзэгдсэн дүрслэлүүд хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллийг өөгшүүлж, аюулгүй байдалд нь халдаж байна гэдэг шалтгаанаар уг брэнд нь олон нийтийн зүгээс хүчтэй шүүмжлэлтэй тулгарч, сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд Twitter, TikTok, Reddit зэрэг сошиал платформуудаар #cancelBalenciaga, #BalenciagaGate гэсэн хэштаг бүхий эсэргүүцлийн хөдөлгөөн хүчтэй өрнөж буй билээ. Энэ талаар дэлгэрэнгүй нийтлэлийг энд дарж уншина уу.

2022 оны загварын салбарын шилдгүүд тодорлоо (фото 9)

ШИЛДЭГ УЛААН ХИВСНИЙ ТӨРХ

Ким Кардашьян Met Gala 2022 үдэшлэг дээр Мерилин Монрогийн өмсөж байсан зургаан мянга гаруй болор шигтгээгээр чимэглэгдсэн даашинзаар гоёж, оны хамгийн мартагдашгүй улаан хивсний төрхийг бүтээж чадсан юм. Тус даашинз нь франц гаралтай Боб Макигийн зургаар бүтсэн бөгөөд 2016 онд дуудлага худалдаагаар 4.8 сая ам.доллароор борлуулагдсан. Met Gala үдэшлэгээс хоёр долоо хоногийн дараа Боб Маркигийн нэрийн хайлт 456%-иар өссөн аж.

2022 оны загварын салбарын шилдгүүд тодорлоо (фото 10)

ХАМГИЙН ИХ ШУУГИАН ДЭГДЭЭСЭН МӨЧ

Хавар-зун 2023 улирлын загварын долоо хоногийн үеэр Coperni брэнд нэгэн мартагдашгүй үзүүлбэр үзүүлсэн билээ. Загварын шоуны үеэр хагас нүцгэн гарч ирсэн Белла Хадидын арьсан дээр хүрэх төдийд даавуун материал шиг бүтэцтэй болдог спрей цацаж даашинз бүтээж олныг алмайруулсан. Уг явдлын дараа Coperni брэндийн хайлт 3,000%-иар өссөнөөр загварын долоо хоногийн үеэр хамгийн их хайлттай брэнд болсон юм.

2022 оны загварын салбарын шилдгүүд тодорлоо (фото 11)

ШИЛДЭГ ШИНЭ УРАН БҮТЭЭЛЧ

“Euphoria” цувралд Кэссигийн дүрийг бүтээсэн жүжигчин Сидней Суинигийн хувьд энэ жил амжилтаар дүүрэн байлаа. Тэрээр Miu Miu, Tory Burch брэндийн сурталчилгаанд оролцож, Эммигийн шагналд хоёр удаа нэр дэвшиж, Time, The Hollywood Reporter, Cosmopolitan сэтгүүлүүдийн нүүрийг чимсэн юм. Өдгөө 25 настай жүжигчин бүсгүйн загварын мэдрэмж, хувцаслалт “Euphoria” цувралын шүтэн бишрэгчдийн төдийгүй загварын редакторууд, дизайнеруудын анхаарлыг татсаар байна.

2022 оны загварын салбарын шилдгүүд тодорлоо (фото 12)

ШИНЭ БРЭНД

Бөөрөнхий хэлбэрийн бариултай Ana цүнхээрээ алдаршсан LUAR брэнд Жулиа Фокс, Дуа Липа, Жижи Хадидын дурлаад буй брэнд юм. Уг брэндийн бүтээлч захирал Рауль Лопез шилдэг дизайнерууд болон уран бүтээлчдийг тодруулдаг CFDA шагнал гардуулах ёслолоос Америкийн аксесуар, гоёл чимэглэлийн дизайнер шагналыг хүртсэн билээ.

2022 оны загварын салбарын шилдгүүд тодорлоо (фото 13)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх