Хайх

Анжелина Жолигийн урласан Оскарын гоёл

Анжелина Жолигийн урласан Оскарын гоёл

Text: Buro.Mongolia


Анжелина Жоли кино урлагийн салбараас нэлээдгүй холдож өнгөрсөн жил өөрийн Atelier Jolie нэртэй апсайклинг болон бусад тогтвортой хөгжлийн арга барилд суурилсан хувцасны брэндээ үүсгэн байгуулаад байсан. Тэгвэл Оскарын наадамд Холливүүдийн А зэрэглэлийн жүжигчний хувиар оролцдог тэрээр энэ удаа дизайнерын үүргийг гүйцэтгэн эргэн ирлээ. Тодруулбал, Жоли наадмын “шилдэг дуу” төрөлд нэр дэвшсэн “American Symphony” баримтат киноны багийн гишүүн Сулейка Жауадын улаан хивсний гоёлыг урлажээ. 

Анжелина Жолигийн урласан Оскарын гоёл (фото 1)
Анжелина Жолигийн урласан Оскарын гоёл (фото 2)
Жон Батист болон Сулейка Жауад
Анжелина Жолигийн урласан Оскарын гоёл (фото 3)
Сулейка Жауад болон Анжелина Жоли

“American Symphony” баримтат, мюзикл жанрын бүтээлд хөгжмийн зохиолч Жон Батист болон түүний гэргий болох өндөр борлуулалттай зохиолчдын нэг Сулейка Жауадын талаар өгүүлдэг. Жон карьерынхаа оргил үед явж байх бөгөөд тэрээр симфони бичих томоохон ажлыг эхлүүлсэн байлаа. Гэвч энэ үеэр түүний гэргий Сулейкагийн хорт хавдар эргэн ирж хүнд өвчинтэйгөө нөхрийн хамт тэмцэж буй нь гардаг. Тэгвэл Анжелина Жоли тус бүтээлээс урам зориг аван Сулейкагийн даашинзыг урлажээ. Тэрээр зохиолчийн бүтээлч чанар, хэмжээлшгүй их хайр энэрлийг хувцсаар нь дамжуулан илэрхийлэхийг урьтал болгосон гэв. Мөн Сулейка бичихээс гадна уран зургийн авьяасаараа гайхагддаг бөгөөд Жоли артист Чаз Гесттэй хамтран “өмсдөг урлаг” бүтээхийг хичээсэн байна. Тэдний хичээл зүтгэл нь харин даашинзны хормой хэсэгт Батистын оркестр удирдаж буйг дүрсэлсэн гар зургаар биеллээ олжээ. Тус зургийг Япон улсад өргөн хэрэглэдэг "sumi-e" уран зургийн техникт суурилан бүтээжээ. Харин даашинзны материалын хувьд Жоли дахин боловсруулсан 100% торго ашиглаж Atelier Jolie брэндийнхээ үзэл санааг үргэлжлүүлсэн байна. Энэхүү гоёл нь дан ганц нүд баясгаад өнгөрөх бус, гүн утга санаа, сүнслэг байдал болон Сулейкагийн бүтээлч чанарын тусгал болсноороо үнэлэгдэж байгаа юм.

Анжелина Жолигийн урласан Оскарын гоёл (фото 4)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх