Хайх

Backstage: Загварын шоуны ард хэн байдаг вэ?

Backstage: Загварын шоуны ард хэн байдаг вэ?

Этьен Руссо, Оливье Массар, Саймон Костин болон бусад

Text: Ц. Усанболор


Ганцхан шоуны ард маш олон хүний хүч хөдөлмөр, төсөөлөл, тооцоолол, ур ухаан шингэсэн байдаг. Дизайнерийн уран сэтгэмжээр бүтсэн хувцасны цуглуулгыг эхлээд зураач судалж, визуал эффектээр хүч өгч амилуулж, дараа нь техникийн баг тайзны хэлбэр хэмжээ, үзэгчдийн суудал, гоёл чимэглэлийн байршил, гэрэлтүүлгийн систем зэрэг орон зайн бүх нарийн хэмжээсийг төлөвлөдөг. Үүний дараа шоуны түүхээр дамжуулан мэдээлэл хүргэх маркетингийн арга буюу сторителлингийн ажил эхэлдэг. Сторителлинг нь зөвхөн хувцас загвар, тайзны дизайнтай холбогддоггүй. Харин түүний утга учрыг гаргаж, үзэгчийн төсөөллийг өдөөж, сэтгэл хөдлөлийг уяж өгдөг. Энэ бүх ажлын араас сет-дизайнерын ажил эхэлдэг гэж хэлж болно. Сет-дизайнерын үүрэг бол тайзны орчин, гэрэл, өнгө, хөдөлгөөн зэрэг элементүүдийг нягт уялдуулан, үзэгчдийг тухайн коллекцийн ертөнцөд орж, амьдралыг мэдрэх боломжийг бүрдүүлж өгдөг билээ.

Загварын орднуудын хувьд ер бусын чимэглэл, тусгай эффектүүд нэн чухал үүрэг гүйцэтгэдэг. Жил бүрийн загварын сарын үеэр сэтгүүлч, инфлюенсерүүд зуун зуун загварын шоу дээр уригдаж очдог бөгөөд брэнд болгон бусдаас ялгарах онцгой зүйлийг харуулахыг эрмэлздэг. Гэхдээ үзэгчдийг гайхшируулж чадах тайзыг хэрхэн бүтээх вэ? Үүний хариултыг сет-дизайнерууд болон томоохон продакшнууд л мэддэг. Тэд захиалагчдын хамгийн бодит бус, зоримог уран зөгнөлийг хэрэгжүүлж бий болгож чаддаг билээ.

Ингээд өнгөрсөн болон одоо үеийн загварын шоуны шилдэг орчныг бүрдүүлж чадсан эрхмүүдтэй танилцъя.


Александ Де Бетак                           

Backstage: Загварын шоуны ард хэн байдаг вэ? (фото 1)

Bureau Betak агентлагийн үүсгэн байгуулагч, загварын арга хэмжээний найруулагч Александ Де Бетак загварын салбарт 30 гаруй жил ажиллаж байна. Тэрээр Dior, Rodarte, Jason Wu, Viktor & Rolf, Micheal Kors, Berluti, H&M зэрэг брэндүүдийн загварын шоуг зохион байгуулсан туршлагатай. Түүний дебют үзүүлбэр бол Dior ордны 2012 оны шоу юм. Тус шоуны ханан дээр байрлах сая сая цэцэгс бүх үзэгчдийн сэтгэлд одоог хүртэл тодхон үлдсэн байдаг. Түүний дараагийн томоохон шоу бол Jacquemus брэндийн арван жилийн ойд зориулсан шоу ба энэ нь Францын өмнөд Альпын нурууны энгэр хэсэгт лавандаа цэцгийн талбай дунд зохион байгуулагдсан нь яг л шидэт ертөнц рүү уусан орсон мэт мэдрэмжийг өгч, үзэгчдийг амар амгалан руу хөтлөн оруулж байсан түүхтэй. Түүнчлэн Bureau Betak агентлагийн хамт олон Fendi намар-өвөл 2021 улирлын шоуг хариуцаж ажиллахдаа орон зайг толин лабиринт болгон зохион байгуулсан бөгөөд моделиуд багана, эртний хөшөөнүүдийн дундуур алхсан нь загварын шоуны нэгэн гайхамшигт зохион байгуулалт болж байсан билээ.

Backstage: Загварын шоуны ард хэн байдаг вэ? (фото 2)
Dior, намар-өвөл 2012
Backstage: Загварын шоуны ард хэн байдаг вэ? (фото 3)
Fendi, намар-өвөл 2021
Backstage: Загварын шоуны ард хэн байдаг вэ? (фото 4)
Fendi, намар-өвөл 2021

Этьен Руссо                                 

Backstage: Загварын шоуны ард хэн байдаг вэ? (фото 5)

Этьен Руссогийн карьер Дрис Вантай салшгүй холбоотой. Учир нь Дрис Ван 1977 онд Villa Eugénie-г үүсгэн байгуулж, харин Этьен Руссо Дрис Ваны зохион байгуулсан загварын шоунд моделийн хувиар оролцож байжээ. Үүнээс хойш тэд салшгүй найзууд болж хамтдаа Dries Van Noten хавар-зун 2005 улирлын шоуг зохион байгуулж байв. Нэг талаараа уг шоу урт ширээний ард 500 гаруй зочин цугларсан хүндэтгэлийн зоог, баяр ёслолын арга хэмжээ шиг байсан бол нөгөө талаараа урлагийн түвшинд зохион байгуулагдсан загварын шоу байв. Харин 20 гаруй жилийн дараа буюу 2024 онд Этьен найруулагч Деннис Вандерброекийн хамт Дрисд зориулж, түүний сүүлчийн Dries Van Noten хавар-зун 2025 улирлын эрэгтэй цуглуулгын шоуг зохион байгуулсан. Ингэхдээ тэд хав хар харанхуй орон зайг бий болгож, тод гэрэл тусгаж, тухайн туссан гэрлийн жимээр моделиуд алхуулсан нь тайз, орон зайн зохиомжийг дээд цэгт нь хүргэсэн үзүүлбэр болсон билээ.

Backstage: Загварын шоуны ард хэн байдаг вэ? (фото 6)
Dries Van Noten, хавар-зун 2005

Оливье Массар                   

Backstage: Загварын шоуны ард хэн байдаг вэ? (фото 7)

Оливье Массар La mode en images компанийг 1981 онд үүсгэн байгуулсан. Түүний үйлчлүүлэгчдийн нэрсийг дурдбал Coperni, Courreges, Rick Owens, Loewe, Balenciaga зэрэг томоохон брэндүүд дурдагдана. Тус агентлаг зураач Тео Мерсьетой хамтран Сourrèges хавар-зун 2023 улирлын шоуг хийсэн бөгөөд тайзыг жижиг цөл болгож хувиргасан нь хамгийн өвөрмөц, гайхалтай шоунуудыг нэг болсон билээ. Үүний дараа Balenciaga-ийн хавар-зун 2023 цуглуулгын шоуг бүтээж, моделиудыг шавар дээгүүр алхуулах шийдлээр тайзыг дахин уран сэтгэмжийн гайхамшиг болгон хувиргасан юм. Мөн Николя Жескьерагийн Louis Vuitton-д ажилласан 10 жилийн ойн хүрээнд La mode en images компани Жеймс Чинландтай хамтран Луврын музейн дөрвөлжин хэлбэртэй талбайд гэрлэн тусгалтай павильон бүтээжээ. Тайзны голд олон тооны гэрэлд чимэглэгдсэн хөшөөнүүд байрлуулж, уран барилгын түүхэн орчинд ирээдүйн өнгийг мэдрүүлсэн мэт үзүүлбэр болж чадсан билээ.

Backstage: Загварын шоуны ард хэн байдаг вэ? (фото 8)
Courreges, хавар-зун 2023
Backstage: Загварын шоуны ард хэн байдаг вэ? (фото 9)
Balenciaga, хавар-зун 2023

Сержио Салерни                    

Backstage: Загварын шоуны ард хэн байдаг вэ? (фото 10)

Сержио Салерни бол Италийн загварын шоуны тэргүүлэгч Urban Production компанийн үүсгэн байгуулагч юм. Urban Production нь 2016 онд Fendi загварын ордны 90 жилийн ойг зохион байгуулсан бөгөөд энэ нь загварын түүхэнд үлдэх нэгэн тансаг арга хэмжээ болсон төдийгүй Ром хотын Треви усан оргилуурыг сэргээн засварласны дараах нээлтийн арга хэмжээг хамарсан томоохон үйл явдал болсон билээ. Уг арга хэмжээний үеэр Карл Лагерфельдийн кутюр загварууд үзүүлбэрийн гол цөм байсан ба загвар өмсөгчид усан дээгүүр алхаж түүний загваруудыг амилуулсан. Харин Alberta Ferretti 2024 оны шоунд зориулж Urban Production арга хэмжээг Италийн Римини хотод зохион байгуулсан. Тус цуглуулга нь Федерико Феллинид зориулан бүтээгдсэн ба загварын тайз Сисмондо шилтгээний дэргэд буюу тус найруулагчийн музейн хажууд байрлуулсан нь бүр илүү утга учиртай болгож чаджээ. Түүнчлэн шоуны үеэр түүний киноны хэсэг гарч байсан нь кино урлаг, загварын ертөнцийн шинэ хослол болж өгсөн билээ.

Backstage: Загварын шоуны ард хэн байдаг вэ? (фото 11)
Fendi, намар-өвөл 2016

Саймон Костин

Backstage: Загварын шоуны ард хэн байдаг вэ? (фото 12)

Саймон Костин бол Alexander McQueen анхны гэх тодотголтой шоунуудын ард долоон жилийн хугацаанд ажилласан нэгэн. Түүний хамгийн их гайхширал авч ирсэн шоу бол 1997 оны Alexander McQueen хавар-зун улирлын шоу юм. Энэхүү шоуны зорилго нь павильон дотор бороо орж буй мэт уур амьсгал бий болгож, үүгээрээ үзэгчдэд тэс өөр мэдрэмж төрүүлэх явдал байв. Тайзан дээр алхаж буй загвар өмсөгчдийн дээрээс борооны дуслууд дусаж, нимгэн даавуун хувцас нь нэвт гэрэлтэж эхэлдэг. Гэвч борооны тусал гэнэт хар өнгөтэй болж, удалгүй шар өнгөнд шилжсэн нь драматик эффектийг эрчмийг нэмэгдүүлжээ. Загвар зохион бүтээгч Ли Маккуин өөрөө үүнийг Golden Shower хэмээн нэрийдсэн билээ.

Backstage: Загварын шоуны ард хэн байдаг вэ? (фото 13)
Alexander McQueen, хавар-зун 1997

Майкл Хауэллс

Backstage: Загварын шоуны ард хэн байдаг вэ? (фото 14)

Christian Dior-ийн 1998 оны хавар-зун кутюр цуглуулгын шоу Парисын Гарнье цайзад болж, тайзны бүтээлч шийдлийг Майкл Хауэллс гардан гүйцэтгэсэн. Гэхдээ тэр зүгээр л тайз засалт хийгээгүй бөгөөд харин шоуны уур амьсгал, сэтгэл хөдлөлийг деталь бүрээр нь мэдрүүлэх орон зайг бүрдүүлжээ. Зочдын алхах хивсэнд жүржийн үнэр шингээж, энгийн сандлын оронд тахийн хээтэй туулайн арьсан дэр тавьсан нь тухайн үеийн загварын шоуны төсөөллийг бүхэлд нь шинэ шатанд аваачсан юм. Майкл Хауэллсын хувьд Dior-ын шоу болгоныг сэтгэл хөдлөлийн орчин болгон хувиргах гол зорилготой байв. Түүний хамгийн үр өгөөжтэй, хамгийн хүчирхэг шоунуудын нэг бол яахын аргагүй Christian Dior намар-өвөл 2005 улирлын шоу билээ.

Backstage: Загварын шоуны ард хэн байдаг вэ? (фото 15)
Dior, хавар-зун 2005

Рем Колхас                

Backstage: Загварын шоуны ард хэн байдаг вэ? (фото 16)

Архитектор Рем Колхас Амо загварын студийг удирддаг бөгөөд Prada-ийн футурист шоунуудыг 26 жилийн турш хариуцан ажиллаж байна. Түүний хамгийн сүүлд ажилласан бүтээл бол Prada-гийн 2025 оны намар-өвлийн шоу байв. Тайз нь цагаан өнгөөр бүрхэгдсэн, дотроосоо цэнхэр туяа цацруулдаг нууцлаг цаасан байшингуудтай байсан ба тус байшинг тойруулсан явган хүний зам хэлбэрийн тайз нь энгийн хэр нь тун өвөрмөц уур амьсгал бүрдүүлж байв. Харин тэрээр 2013 оны хавар-зун Prada-гийн загварын шоунд зориулж Amo-гийн хамт олон гэрлэн тусгалаар илэрхийлсэн цагаан өнгийн орон зайг бүтээжээ. Энэхүү уран шийдэл нь моделиудын алхах замыг гэрлээр тодруулж, тайзны орон зайг анир чимээгүй атлаа хүчтэй уур амьсгалаар дүүргэсэн. Харин намар-өвөл 2021 оны шоунд тэрээр Рем Колхас хэлбэр дүрс, өнгө, материалаар ялгарах дөрвөн өрөө үүсгэж, моделиудыг тэдгээрийн дундуур алхуулах замаар үзэгчдэд өөр өөр ертөнцөөр аялах мэдрэмж төрүүлж чадсан юм.

Backstage: Загварын шоуны ард хэн байдаг вэ? (фото 17)
Prada, хавар-зун 2013
Backstage: Загварын шоуны ард хэн байдаг вэ? (фото 18)
Prada, намар-өвөл 2021

Эс Девлин

Backstage: Загварын шоуны ард хэн байдаг вэ? (фото 19)

Британийн тайз засалч Эс Девлин загварын шоу, музей, дуучдын тоглолтын тайз засал, өөрчлөлтийг бий болгодог. Түүний бүтээсэн томоохон төслүүдийн нэг бол Saint Laurent-ийн хавар-зун 2023 эрэгтэй цуглуулгын шоу байв. Маррокогийн Агафай цөлд тэрээр гэрэлтдэг аварга цагариг байрлуулсан нь шоуны уур амьсгалыг туйлын нууцлаг, уран зөгнөлт болгож чадсан. Энэхүү цагариг нь уснаас мандаж буй нар мэт аажмаар гарч ирж, туяарах хөдөлгөөнөөрөө үзэгчдийг алмайруулсан юм. Эс Девлиний өөр нэгэн онцлох бүтээл бол Dior Homme хавар-зун 2022 улирлын шоу. Цуглуулга “зэрлэг баруун”-ы сэдвийг агуулсан тул тайзны орон зай ч энэ санааг илэрхийлэхээр бүтээгджээ. Элсэн манхан, өндөр кактус, урт эвэртэй гавлын яс, сүрлэг цэцгүүдээр бүрдсэн уур амьсгал нь уг шоуг хэмнэл, өнгө, утгаараа онцгой болгосон билээ.

Backstage: Загварын шоуны ард хэн байдаг вэ? (фото 20)
Saint Laurent, хавар-зун 2023

Стефан Лубрина

Backstage: Загварын шоуны ард хэн байдаг вэ? (фото 21)

Гран Палегийн барилга юу юу болж өөрчлөгдөж байсныг санаж байна уу? Асар том супермаркет, онгоцны буудлын терминал, сансрын пуужин хөөргөх талбай гээд Стефан Лубринагийн уран сэтгэмжээр янз бүр болж хувирч байсан юм. Ийм олон төрлийн сеттинг нь зураач, тайз засалч Стефан Лубрины уран чадварыг харуулж байлаа. Тодруулбал Chanel намар-өвөл 2017 улиралд тэд “өөрсдийн тусгай пуужин”-г Гран Палегийн тайзнаас хөөргөж, сансрын уран зөгнөлийг бодит болгож чадсан юм. Харин Карл Лагерфельдийн 2019 оны сүүлчийн цуглуулгад тайз нь Альпийн нурууны нэгэн тосгон шиг болж хувирсан. Модон байшингуудын завсраар цаст уулс сүрлэгээр харагдана. Харин загвар өмсөгчид цасан дээгүүр намуухан алхах нь яг л үлгэрийн нэгээхэн хэсэг шиг, үзэгчдийг тэр чигт нь тэрхүү чимээгүй тосгонд аваачих мэт байсан билээ.

Backstage: Загварын шоуны ард хэн байдаг вэ? (фото 22)
Chanel, намар-өвөл 2017

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх