Хайх

Эди Слиман Saint Laurent-оос гарснаас хойш анх удаагаа ярилцлага өглөө

Эди Слиман Saint Laurent-оос гарснаас хойш анх удаагаа ярилцлага өглөө

Тэр загварын ертөнцөд зурагчны дүрээр эргэн ирнэ

Text: Buro.Mongolia


Дизайнер Эди Слиман загварын ертөнцөд эргэн ирэх гэж байна. Гэхдээ энэ удаад тэр дизайнер гэхээсээ илүү гэрэл зургийн чиглэлээр түлхүү ажиллах гэнэ. Өнгөрсөн долоо хоногт V Magazine сэтгүүлд түүний «Нью-Йоркийн тэмдэглэл» нэртэй зураг авалт нийтлэгдсэн байгаа. Эди уг зураг авалтдаа Нью-Йорк хотын хөгжимчин, зураач ба зохиолчдыг урин авчирч, хар цагаан өнгийн цуврал зургууд даржээ. Түүний дуранд саксофончин Жеймс Ченс, хөгжимчин Тёрстон Мур, зураач Франческо Клементе болон бусад багагүй алдар нэртэй уран бүтээлчид өртсөн байна.

Загварын салбарынхан Эди Слиманыг Saint Laurent-оос гарсны дараагаар өөрийн нэрийн брэндийг үүсгэн байгуулах болов уу хэмээн таамаглаж байсан ч тэр бүх цуурхлыг үгүйсгэж, зурагчны дүрээр эргэн ирж буйгаа The New York Times сонинд өгсөн ярилцлагадаа мэдэгдлээ.

"Би загвар ба гэрэл зургийг ижил түвшинд хайрладаг. Гэхдээ мэдээж хэрэг загвар бол тогтоогдсон стандартыг баримтлах биш, харин хувийн стиль ба мэдрэмжийг шаардсан, илүү аналитик үйл явц юм. Загвар ба гэрэл зургийн салбарыг нэг зүйл нэгтгэдэг. Тэр нь чин үнэн сэтгэл ба өөрийн гэсэн этгээд зан чанар юм. Тийм ээ, зураг бол миний хувьд яг одоогийн байдлаар маш чухал үүрэг гүйцэтгэж байгаа. Гэхдээ энэ нь намайг загварын ертөнцөд хэзээ ч эргэн ирэхгүй гэсэн үг биш шүү дээ" хэмээн Эди Слиман ярилцлагадаа дурджээ.

Эди мөн уг ярилцлагадаа V Magazine-д нийтлэгдсэн зураг авалтынхаа талаар өгүүлж, "Эдгээр зохиолчид, хөгжимчид ба зураачид дэлхийн олон нийтэд танигдаагүй байж болох ч яг энэ хүмүүс Нью-Йорк хотын хэмнэл ба амьд энергийн бэлгэ тэмдэг болдог юм" гэж хэлсэн байна.

Эди Слиман Saint Laurent загварын ордныг дөрвөн жилийн турш удирдсан бөгөөд үүний өмнө Dior Homme-ын бүтээлч захирлаар долоон жилийн турш ажилласан туршлагатай. Тэрээр 2016 оны гуравдугаар сард Saint Laurent-оос гарахаар шийдэж, нэг хэсэгтээ олон нийтийн хараанаас нуугдан амьдарсан. Гэрэл зураг бол Эди Слиманы хувьд шинэ салбар биш. Тэр цуглуулгынхаа зураг авалтыг ихэвчлэн өөрийн биеэр хариуцдаг байсан бөгөөд үүний хажуугаар мөн Hedi Slimane Diary гэх хувийн зургийн блог хөтөлдөг байсан юм.

 

 

цааш үзэх