Хайх

Эргэх цагийн хүрд: Mongolian Four Seasons 2025

Эргэх цагийн хүрд: Mongolian Four Seasons 2025

Text: Ж.Булган


Хувцас загварын ертөнцөд өөрсдийн нэрийг 10 дахь жилдээ тод тэмдэглэн үлдээж буй эгч дүүсийн үүсгэн байгуулсан Michel & Amazonka брэнд өнгөрөгч өдрүүдэд ойн баяраа ёслол төгөлдөр зохион байгууллаа . Арван жилийн ойн хүрээнд Michel & Amazonka өөрсдийн туулсан замнал, цааш алхах замаа зурайлган, өнгөрсөн болон ирээдүйг зөгнөн эргэх дөрвөн улирлын үл зогсох цагийн хүрдийг “Mongolian Four Seasons 2025” нэрээр илэрхийлэн 100 гаруй хувцсыг нэгэн дээвэр дор үзэгч түмэнд хүргэлээ. Тэднийг юу хийж бүтээсэн бэ гэдгийг дизайнер эгч дүүс биш харин үнэнч хэрэглэгч нар нь батална. Хэр чамбай хөдөлмөрлөсөн бэ гэдгийг тэдэнтэй хамтран ажилладаг байгууллага болон уран гарт ажилчид нь нотлох биз ээ. Үгээр хэлж, үзгээр бичихэд ч бахдам олон олон гайхалтай загваруудаараа арав дахь жилийн нүүрээ үзэж буй тэдний амжилт үлэмж их гэдгийг дурдахын сацуу дараагийн олон арван жилийг хамтдаа бичилцэх та бидний аялал үргэлжилсээр.

Дөрвөн улирал цуглуулгын тухайд Michel & Amazonka брэнд тодорхой өнгө, материалд огт баригдсангүй. Тухайн загварын ордонд зуныг ямар өнгөөр тодорхойлох, өвлийн улиралд ямар өнгийг түлхүү зонхилуулах вэ гэдэг санаа тийм ч чухал байсангүй. Баригдмал нэгэн жигд өнгөний сонголтыг няцааж, дөрвөн улирлын онцлог байдлыг харгалзан олон төрлийн даавуу материалуудыг ашиглан урласан нь гайхалтай байлаа. Нөгөөтээгүүр цуглуулгыг хооронд нь уусгаж нэгэн цул болгож байсан зүйл нь нарийн чимхлүүр гар ажиллагаа болон хатгамал гэдгийг дурдахгүй байхын аргагүй юм. Тус брэндийн бусдаас ялгардаг онцлогуудын нэг бол хатгамал хээ яах аргагүй мөн билээ. Монгол хантаазыг дахин загварчлахаас илүүтэй, үндэсний хээ угалзыг хөрвүүлэн тайлж буулгах нь тэдний жинхэнэ зорилго байсан мэт. Дан ганц монгол үндэсний дээл гэлтгүй хүннү гүрний үеийн өмсгөлийг ч тэд уран хийцээрээ танилцууллаа. Мөн тус брэндийн үргэлж онцолдог донж болох эмэгтэйлэг ялдам төрхийг улам тодотгон харуулах хүсэл нь хантааз, дээлийн энгэр, их биеийн харьцааг бэлхүүсний нарийн эсгүүртэй уялдуулсан тансаг нарийн хийцээс тод харагдана. Зарим загваруудаас нь ажвал импрессионист сэтгэлгээндээ хөглөгдөж дээлийн ханцуйг европ маягийн сагсгар хэв маягтай хослуулан урласан байдал нь шинэлэг кутюр ажиллагаа болж ирээдүй цагийн ондоошлыг зөгнөсөн бүтээлч ажил болжээ.

Эргэх цагийн хүрд: Mongolian Four Seasons 2025 (фото 1)
Эргэх цагийн хүрд: Mongolian Four Seasons 2025 (фото 2)
Эргэх цагийн хүрд: Mongolian Four Seasons 2025 (фото 3)
Эргэх цагийн хүрд: Mongolian Four Seasons 2025 (фото 4)

Дэлхийн загварын ертөнцөд жил бүр давтагддаг сэдэв бол цэцгэн хээ. Энэ удаа тус брэнд цэцгэн хээтэй нимгэн материалыг онцолж ялдам, эмзэг турьхан эмэгтэй хүний гоо зүйг мандууллаа. Үүгээр ч зогсохгүй зөөлөн ягаан өнгийн сагсгар, өдлөг материалаар бүтээгдсэн даашинз нь бүсгүй хүнийг яг л агаар дээр зурж буй уран зураач нүцгэн гараараа эмзэг зөөлөн оршихуйг дүрсэлсэн мэт байлаа. Тус брэндийн үе үеийн бүтээлүүдийг ажвал эгч дүүсийн хувцсаараа илэрхийлэх хэлэмж хэд хэдэн үндсэн санаан дээр огтлолцдог бас эсрэгцдэг гэдгийг зөөлөн хэр нь хурц, эмэгтэйлэг атлаа хүчирхэг, хэнээс ч хараат бус юм шиг атлаа хайранд захирагдсан мэт романтик даашинзнуудаас нь харж болно. Энэ жил хайр дурлалыг тэд эрэгтэй хувцас дээр ч мөн магтан дууллаа. Эрэгтэй хослолыг диско болон хиппи хэв маягтай хольж нэмэлтээр шигтгээн оруулгаар чимсэн нь онцлог байв. Цааш сайтар ажвал гудамжны хэв маягаас үүссэн хааш яаш нэгдлийг зоримог хослуулж, трапец хэлбэрийн брюк өмдийг торон эсвэл өдөн хүрэмтэй хольсон нь сахилгагүй төрхийг илтгэнэ.Хүрэм болон цувны мөрний хэмжээг хэтрүүлсэн, алхаан хэмнэлд шидэгдэх хормой бүхий урт шулуун загварууд нь зарим талаараа хүйс харгалзахгүй бүтээл мэт.

Эргэх цагийн хүрд: Mongolian Four Seasons 2025 (фото 5)
Эргэх цагийн хүрд: Mongolian Four Seasons 2025 (фото 6)
Эргэх цагийн хүрд: Mongolian Four Seasons 2025 (фото 7)
Эргэх цагийн хүрд: Mongolian Four Seasons 2025 (фото 8)
Эргэх цагийн хүрд: Mongolian Four Seasons 2025 (фото 9)
Эргэх цагийн хүрд: Mongolian Four Seasons 2025 (фото 10)
Эргэх цагийн хүрд: Mongolian Four Seasons 2025 (фото 11)
Эргэх цагийн хүрд: Mongolian Four Seasons 2025 (фото 12)
Эргэх цагийн хүрд: Mongolian Four Seasons 2025 (фото 13)
Эргэх цагийн хүрд: Mongolian Four Seasons 2025 (фото 14)
Эргэх цагийн хүрд: Mongolian Four Seasons 2025 (фото 15)
Эргэх цагийн хүрд: Mongolian Four Seasons 2025 (фото 16)
Эргэх цагийн хүрд: Mongolian Four Seasons 2025 (фото 17)
Эргэх цагийн хүрд: Mongolian Four Seasons 2025 (фото 18)
Эргэх цагийн хүрд: Mongolian Four Seasons 2025 (фото 19)
Эргэх цагийн хүрд: Mongolian Four Seasons 2025 (фото 20)
Эргэх цагийн хүрд: Mongolian Four Seasons 2025 (фото 21)
Эргэх цагийн хүрд: Mongolian Four Seasons 2025 (фото 22)
Эргэх цагийн хүрд: Mongolian Four Seasons 2025 (фото 23)
Эргэх цагийн хүрд: Mongolian Four Seasons 2025 (фото 24)
Эргэх цагийн хүрд: Mongolian Four Seasons 2025 (фото 25)
Эргэх цагийн хүрд: Mongolian Four Seasons 2025 (фото 26)
Эргэх цагийн хүрд: Mongolian Four Seasons 2025 (фото 27)
Эргэх цагийн хүрд: Mongolian Four Seasons 2025 (фото 28)

Эцэстээ Michel & Amazonka брэнд нэгхэн айзам дагасангүй, нэгхэн хэмнэлд үлдэлгүй цаг хугацаа гэх эргэшгүй тэнхлэгийг өөрсдийн гараар дахин эргүүллээ. Мэдээж энэ бол төгсгөл биш гэдгийг тодотгон бичиж, дараа дараагийн улирлыг эгч дүүс хэрхэн тодорхойлохыг асуулт болгон танд үлдээе. Ухаант хүний нууцлаг гоо сайхныг шинэ хэлээр дахин дахин ярьсаар байх тэдний бүтээл үл зогсох нь лавтай.


Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх