Хайх

Mongolia's next top model тэмцээний шүүгчид болон ерөнхий продюсерыг танилцуулж байна

Mongolia's next top model тэмцээний шүүгчид болон ерөнхий продюсерыг танилцуулж байна

Албан ёсоор

Text: Ж.Чинбат


Монголын загварын ертөнцөд болоод телевизийн салбарт одоо хамгийн хүлээлттэй шоугаар тодроод байгаа Mongolia's next top model тэмцээний ерөнхий продюсер болон шүүгчдийн бүрэлдэхүүнийг та бүхэнд танилцуулъя

Монголын дараагийн шинэ топ моделийг тодруулах цаг ойртсоор байна. Америкийн CBS телевизийн албан ёсны эрхтэйгээр Боловсрол телевиз, Бюро 24/7 дижитал сэтгүүл хамтран зохион байгуулж байгаа энэхүү тэмцээний бүртгэл саяхан дууссан билээ. Одоо харин шүүгчдийн бүрэлдэхүүнийг албан ёсоор танилцуулах цаг боллоо. Ирэх 2017 оноос хоёр сарын хугацаанд үргэлжлэх энэхүү шоуны ерөнхий продюсероор Бюро 24/7-гийн үүсгэн байгуулагч Ө.Содгэрэл ажиллаж байна. Тэмцээний үндсэн гурван шүүгчээр монголын супер модель Нора Дагва, топ модель, жүжигчин, найруулагч М.Оргил, On'n Off продакшны гүйцэтгэх захирал, сэтгүүлч Т.Нансалмаа нар ажиллахаар сонгогдсон юм. Мөн нэвтрүүлгийн дугаар бүрт загварын салбарын нэр хүндтэй хүмүүсээс нэг зочин шүүгч уригдан оролцох болно.

Монголын загварын ертөнцөд удаан хугацаанд ажиллаж, өөрсдийн хувь нэмрээ оруулсан Т.Нансалмаа, Ө.Содгэрэл, М.Оргил, Нора Дагва нарыг танилцуулсан видео бичлэг өнөөдрөөс олон нийтийн хүртээл болж байгаа. Сонирхолтой бөгөөд хөгжилтэй болсон энэхүү видео бичлэгийг танд хүргэхийн хамт бид яагаад эдгээр хүмүүс олон улсын нэр хүндтэй тус тэмцээний продюсерын багт шалгарсан болохыг товчхон танилцуулъя.

Бюро 24/7 Монгол дижитал сэтгүүлийн үүсгэн байгуулагч Ө.Содгэрэл 

Mongolia's next top model тэмцээний шүүгчид болон ерөнхий продюсерыг танилцуулж байна (фото 1)

Дэлхийн загварын ертөнц болоод орчин үеийн амьдралын хэв маягийг илтгэх хамгийн сүүлийн үеийн шинэлэг мэдээллийг Бюро 24/7 та бүхэнд хүргэдэг. Анх 2015 оны долоодугаар сарын 3-нд нээлтээ хийсэн манай дижитал сэтгүүл өнөөдөр 550 мянга орчим хүнд мэдээллээ хүргэсэн байна. Бюро 24/7-гийн дэлхийн бусад салбаруудыг Harper`s Bazaar, Esquire сэтгүүл болон Condè Nast хэвлэлийн газарт ерөнхий редакторын албыг хашиж байсан туршлагатай хүмүүс нээсэн байдаг. Тэгвэл Монгол дахь салбарыг Ө.Содгэрэл санаачлан байгуулсан юм. Ө.Содгэрэл анх өсвөр наснаасаа фото модель хийж загварын салбарт хөл тавьсан бөгөөд олон телевизийн сурталчилгаанд тоглосон туршлагатай. Өнөөдөр харин Бюро 24/7 сэтгүүлээр дамжуулж Монголын загварын салбарт ажиллаж буй дизайнерууд, загвар өмсөгчдийг дэмжих, олон улсад таниулах төслүүдийг шат дараалалтайгаар хэрэгжүүлж байгаа билээ. Тийм ч учраас Боловсрол телевизийн урилгаар America's next top model нэвтрүүлгийн Монгол хувилбарын продюсероор ажиллах саналыг хүлээн авсан юм. 

Олон жилийн туршлагатай On'n Off продакшны Т.Нансалмаа

Mongolia's next top model тэмцээний шүүгчид болон ерөнхий продюсерыг танилцуулж байна (фото 2)

On'n Off продакшн Монголын шоу бизнес, дэлгэцийн урлагт 23 дах жилдээ амжилттай ажиллаж байна. Продюсер С.Ононбат, Т.Нансалмаа нарын тэргүүлдэг энэ хамт олон хэдэн зуун тоглолт, арга хэмжээ, загварын шоу зохион байгуулж, хамгийн хүртээмжтэй реклам сурталчилгаа, видео клип, телевизийн шоу нэвтрүүлэг хийж байгаа. Тиймээс шоу бизнесийн салбарт ажилладаг хүмүүс бүгд продюсер Т.Нансалмааг шинэ дүр төрх илрүүлж, реклам сурталчилгаанд тохирох дүрийг гайхалтай сонгож чаддаг онцгой мэдрэмжэй гэдгийг нь мэднэ. Учир нь түүний сонгосон загвар өмсөгчид, жүжигчид бүгд алдартай болж, супер амжилтын эзэд болцгоосон байдаг.

Продюсер Т.Нансалмаа сэтгүүлч мэргэжилтэй бөгөөд 25-р телевизид "1:1" ярилцлагын нэвтрүүлэг хийж, UBS телевизийн алтан фондод орж, дөрвөн удаа дахин гарсан "Өсөх нас" ток шоуг бүтээж, МҮОНТВ-ийн хит бүтээл болох "Цэнхэр дэлгэц" 1, 2, 3-ын дүр сонголтыг хариуцаж, зохиолыг бичсэн. Түүнийг тодорхойлдог бас нэг онцгой чадвар нь хэний ч анхаарлыг татам дуу хоолой юм. Пентатоник наадмын хөтлөгчөөр Т.Нансалмаа олон жил ажиллаж, ёслол, хүндэтгэлийн ажиллагааны тайзан дээр ялагчдыг тунхаглаж, үзэгчдийн сэтгэлийг хөгжөөдөг МС буюу "Master of ceromonies" гэж ямар хүн байдгийг олон удаа харуулсан. Товчхондоо бол шоу бизнесийн хамгийн туршлагатай продюсер Монголын дараагийн шинэ топ модель хэн байхыг тодруулах гэж байна. 

Нью-Йорк, Милан, Токиогийн загварын тайзнаа алхсан супер модель Нора Дагва

Mongolia's next top model тэмцээний шүүгчид болон ерөнхий продюсерыг танилцуулж байна (фото 3)

"Та Монголын дараагийн шинэ топ модель болоход нэг алхам ойртлоо" гэж хэлэх хариуцлагатай үүрэг загвар өмсөгч Норад оногдсон байгаа. Нора Дагва нэрээр 17 наснаасаа эхлэн олон улсад загварын карьер хийхдээ тэрээр Chanel, Hermès, Emillio Pucci, Max Mara зэрэг брэндүүдийн загварын шоунд алхаж, өвөрмөц дүр төрхөөрөө олны анхаарлыг маш их татаж чадсан юм. Тэрээр 2005-2012 оны хооронд Сингапурын загварын долоо хоногт оролцож, Мерседес Бензийн Милан (2011), Токио (2014), Нью-Йорк (2014) хотуудад болсон шоу загварын долоо хоногт алхсан туршлагатай.

Загварын тайзнаас гадна Нора маш сайн хувирч, дахин давтагдашгүй дүр төрх гаргадаг нь олон улсын сэтгүүлүүдийн зураг авалтанд бууж үлдсэн байдаг. Тэрээр Dazed & Confuzed сэтгүүлийн нүүрэнд гарч, Их Британийн Harold, Италийн Anathor, Хонг Конгийн Elle, Cингапурын Womans weekly сэтгүүлүүдийн зураг авалтанд оролцож байсан юм. Одоо харин түүний карьерт Mongolia's next top model тэмцээний шүүгч болон хөтлөгчийн үүргийг гүйцэтгэсэн гайхалтай нэгэн түүх нэмэгдэх гэж байна.

Кино ертөнцийн эксперт М.Оргил

Mongolia's next top model тэмцээний шүүгчид болон ерөнхий продюсерыг танилцуулж байна (фото 4)

Монголын дараагийн шинэ топ моделийг шалгаруулах тэмцээний эрэгтэй шүүгчээр ажиллах хамгийн өндөр боломжтой хүн бол яах аргагүй загвар өмсөгч, жүжигчин М.Оргил юм. BBC телевизээс гаргасан "Чингис хаан" киноны гол дүрийг бүтээж өөрийн карьертаа том орон зай үүсгэсэн тэрээр Америкийн драмын урлагийн академид жүжигчин мэргэжлээр суралцсан. Тэрээр 1996 онд Монголын топ модель болсон ба загвар өмсөгчийн мэргэжлээр хэсэг хугацаанд ажиллаж, дараа нь олон улсын хэмжээний цөөнгүй кинонд дүр бүтээсэн байгаа.

Жүжигчнээс гадна М.Оргил Netflix-ийн Марко Поло киноны монгол талыг хариуцсан продюсер, Asia's got talent тэмцээнд монгол уран бүтээлчдийг хариуцсан продюсероор ажилласан туршлагатай. Дэлхийн миссийн 2016 оны тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож, шилдэг 11-т шалгарч үлдсэн загвар өмсөгч А.Баярцэцэгийг анх М.Оргил Netflix-ийн Марко Поло кинонд санал болгож байсан. Тиймээс түүний соёл урлагийн салбарт олон жил ажилласан мэдлэг, туршлага Монголын дараагийн топ моделийг шалгаруулахад хувь нэмрээ оруулах болсон юм. 

цааш үзэх